/2021.10.28/ УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хэд хэдэн салбарт эдийн засгийн түлхэц үзүүлэх чухал хууль орж ирсэн байна. Тодруулж асуух 3 зүйл байна.
1. Энэ хуультай холбогдуулж Улсын бүртгэлийн ерөнхий газарт 9 хүний орон тоо нэмэгдэнэ гэж байна. 1 хүний жилийн зардал 13,3 сая төгрөг. Үйл ажиллагааны зардалд 120.1 сая төгрөг буюу нийт 133.4 сая төгрөгийн зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарах юм байна. Нэгэнт ийм хэмжээний зарлага гаргаж байгаа бол үр дүн хэр байх вэ?
2. 15.3.1-т тухайн хэрэглэгчийн нэрийг ашиглана гэсэн ч овог байхгүй байна. Бусад орны хуулиудтай харьцуулж үзэхэд тухайн хүний овог заавал байдаг юм байна. Тэгэхээр энэ тал дээр тайлбар өгөөч?
3. Энэ бол эдийн засагт маш том түлхэц үзүүлэх олон салбарыг хөгжүүлэх хууль. Тус хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ. Төсвийн талаарх төлөвлөгөө байна уу?
УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хууль ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Иргэд тоон гарын үсгийн талаар ойлголтгүй болохоор мөнгө төлж авдаггүйгээс гадна байгууллагууд дотооддоо нэвтрүүлдэггүй байсан. Тиймээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд чамлалттай байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2.2 сая иргэнийг тоон гарын үсэгтэй болгох тал дээр анхаарч ажиллана. Тоон гарын үсэгтэй болвол байгууллагууд дотооддоо журам, зохицуулалтаа хийгээд явж болно. Шаардлагатай бүх тайлан мэдээллээ тоон гарынн үсгээр баталгаажуулаад авч болно.
Үр дүнд нь хүнд суртал багасна, төрийн байгууллагын үйл ажиллагаа түргэн шуурхай болно гэж харж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: 2.2 сая иргэнийг цахим гарын үсэгтэй болгохын тулд шаардлагатай тоног төхөөрөмж болон хүний нөөцийн зарлын тооцоог хийсэн. Хүний нөөцийн хувьд 9 хүний орон тоо шинээр нэмэгдэж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар 360 сум сууринд үйл ажиллагаа явуулдаг. Яг ерөнхий газарт 24 IT-ийн ажилтан байдаг. Цаашид орон тоогоо нэмэхгүйгээр ажиллахыг зорьж байна.
Түүнчлэн овогтой холбоотой асуудлын хувьд манай дийлэнх иргэд Боржигон гэсэн ургийн овогтой байдаг. Энэ нь гадны оронд үйлчилгээ авах гэхээр асуудал дагуулдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар аль болох эцэг эхийн нэг, РД-г ашигладаг.
Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: Энэ хууль батлагдсанаар эдийн засгийн хэд хэдэн үр өгөөжтэй. Төрийн үйл ажиллагаа нээлттэй ил тод, нэгдсэн нэг мэдээллийн сантай болно. Төрийн байгууллагууд дундын мэдээллийн санг ашиглаад эхэлбэл нэг жилд хэрэглэдэг цаасны зардал буюу 10 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Мөн бизнес, эдийн засгийн харилцааг түргэсгэхэд цахим гарын үсэг чухал нөлөөтэй.