/2021.10.13/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын (парламентын доод танхим) дэд ерөнхийлөгч Этторе Росато тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дэлхийн улс орнууд цар тахлын сорилтыг даван туулахын төлөө хичээж буй энэ амаргүй цаг үед Монгол, Италийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж, манай улсад айлчилж байгаад нь ноён Этторе Росато тэргүүтэй Италийн парламентын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.
Ноён Этторе Росато цаг зав гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хариу талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Роберто Фикогийн мэндчилгээг уламжиллаа.
Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн болон улс төр, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр талын парламент хоорондын ойр дотно харилцаа Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлдэг. Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд Та бүхний энэ удаагийн айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Түүнчлэн Монгол Улс нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьдралын чанараар Азийн бүсийн тэргүүлэгч орны нэг болохыг зорьж, хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын эрх зүйн тааламжтай орчин бүрдүүлэх зорилтыг парламентын энэ удаагийн чуулганаас дэвшүүлсэн хэмээн онцоллоо.
Тэрбээр “Европын улс орнуудаас Итали Улс нь манай улсын худалдааны чухал түнш, ялангуяа манай самнасан ноолуурын Европ дахь гол зах зээлийн нэг. Тухайлбал, 2020 онд нийт самнасан ноолуурын экспортын 80 орчим хувийг Итали Улсад нийлүүлж, Италийн ноолуурын хэрэгцээний 22 хувийг дангаар хангасан гэсэн статистик мэдээ байна. Тиймээс энэ салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Италийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг Монголд байгуулах, Италийн зах зээлд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой гэж үзэж байна.
Италийн талын дэмжлэгтэйгээр “Итали, Монголын нэхмэлийн технологийн төв”-ийг талууд хамтран байгуулж байгаа. Энэхүү төвөөр дамжуулан Италийн өндөр технологийг эзэмшиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байгаад таатай байна” гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн юм.
Ноён Этторе Росато манай хоёр орон түүх, соёлын өвөрмөц, арвин баялаг уламжлалтай. Хамтын ажиллагаа маань түүхэн хэлхээ холбоо, ард түмнүүдийн илэн далангүй, дотно нөхөрлөлд суурилдаг. Энэ хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засгийн салбарт улам өргөжүүлэх нь чухал юм. Бид Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр МҮХАҮ-ийн танхимын удирдлагуудтай уулзлаа. Маргааш яамд, аж ахуйн нэгжүүдээр зочилно. Энэ үеэр хамтын ажиллагааны шинэ боломж, чиглэлийн талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Тэрбээр эдийн засгийн хамтын ажиллагааг эрчим хүч, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл зэрэг Монголын тэргүүлэх салбаруудад өргөжүүлэхийг бид сонирхож байна. Италийн томоохон хөрөнгө оруулагч Монголд үйл ажиллагаа явуулж эхлэх цаг хугацаа удахгүй тохионо гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас тодорхой томоохон төсөл, хөтөлбөрүүдэд Италийн талыг оролцуулах санаачилга гаргавал бид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Ийм шинэ хэлбэрийн хамтын ажиллагааг Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллахыг хүсье гэв.
Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, улмаар экспортлогч орон болохыг зорьж байгаа тул ноос ноолуур, арьс ширний боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээрх Италийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, Европ болон Италийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийллээ.
Уулзалтын үеэр соёл, боловсролын салбарын уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх, сонгодог урлагийн чиглэлийн харилцаагаа идэвхжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, итали мэргэжилтнүүдийг Монгол Улсад ажиллуулах сонирхолтой байгаагаа тэрбээр онцлов.
Хоёр тал хөндөж ярилцсан асуудлуудыг харилцан дэмжиж, бодит үр дүнд хүргэх, хамтын ажиллагаагаа илүү шинэ түвшинд гаргах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн бүлгийн гишүүн Г.Ганболд, Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Марко Ди Маёо, Никола Карэ, БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Ботта нарын зэрэг албаны хүмүүс оролцов.
Эх сурвалж: УИХ