/2021.09.23/ Энэ долоо хоногт юу юунаас илүүтэй анхаарал татсан зүйл бол ШАТАХУУН. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногоос эхлэн өнөөдрийг хүртэл гурван ч удаа мэдээлэл хийв. Тэгвэл бензинтэй холбоотойгоор мэдээлэл хийсэн албаны хүмүүсийн яриаг түүвэрлэн хүргэж байна.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр /2021.09.14/:
ОХУ нефтийн "Ангарская" үйлдвэр жил бүрийн 8,9 дүгээр сард урсгал засварт хийдэг учир шатахууны хомсдол үүссэн.
Өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний 21 хоногийн нөөцтэй байна. Шатахууны үнэ нэмэх ямар ч үндэслэл байхгүй.
Ирэх долоо хоногт нөөцийн хэмжээ өсч шатахуун тасалдах асуудал гарахгүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулна.
Өмнөх удаад хэвлэлийн бага хурал хийхэд шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана гэж хэлсэн. Энэ тал дээр бензин оруулж ирдэг ААН-үүдтэй ярилцсан. Шийдвэр гарсан даруйд шууд үнийг нь буулгах боломжгүй байдаг.
Гэхдээ ААН-үүд захиалсан 30 мянган тонн шатахуун нь орж ирвэл бензиний үнийг 50-10 төгрөгөөр буулгана хэмээн мэдэгдсэн.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон /2021.09.21/:
Манай улс хойд, урд хоёр хөршөөс шатахууны импортын бүрэн хамааралтай байдаг. Тодруулбал, бензиний 95 хувийг Оросоос, үлдсэн хувийг БНХАУ-аас авдаг.
Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний дагуу "Роснефть” компаниас сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 шатахуун татна гэсэн гэрээтэй байдаг.
Тус компани энэ сард дээрх нийлүүлэх ёстой хэмжээгээ экспортолж чадахгүй гэсэн учраас 17 мянган тонныг өгөхөөр тохиролцсон. Гэвч гэнэт аравдугаар сар хүртэл бензин нийлүүлж чадахгүй гэдгээ хэлсэн.
ОХУ шатахуун нийлэхгүй учир ААН-үүд Хятад улсын “Чайна ойл” компанитай гэрээ хийсэн. Эхний шатахуун 5-7 хоногийн дараа ирнэ. Тэр хүртэл хязгаарлалттайгаар шатахуун нийлүүлнэ.
ААН-үүд нөөц бүрдүүлэх тал дээр муу ажилласан. Ахиж ийм нөхцөл байдал үүсвэл шатахууны асуудлыг төр өөрийн мэдэлд авна. Гэхдээ бараг ийм зүйл болохгүй байх.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр /2021.09.21/:
БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. Хятадаас авч буй шатахууны хувьд евро тав ангиллын стандарттай.
Нөөц хангалттай байсан ч өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийн дараа иргэд их хэмжээгээр шатахуун нөөцөлсний улмаас хомстол үүслээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензиний дөрөв хоногийн нөөцтэй байгаа. Харин АИ-80 бензин 45, дизель түлш 29, онгоцны түлш 9 хоногийн нөөцтэй байна.
Дархан, Эрдэнэт хотод хязгаарлалттайгаар шатахуун худалдаалж байна. Харин бусад орон нутагт борлуулалт хэвийн.
"Петростар" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа /2021.09.21/:
Петровисийн шатахуун түгээх станцууд төвийн бүсэд дөвөр, нийслэлд гурав хоногийн бензиний нөөцтэй байна.
Найм, есдүгээр сард ОХУ-ын "Роснефть" компаниас захиалсан хэмжээгээрээ шатахуун импортолж чадаагүй. Тус компаниас есдүгээр сард 17 мянган тонн бензин авахаар захиалга өгсөн ч энэ хэмжээнд нийлүүлж чадахгүй гэсэн. Тиймээс хамгийн бага хэмжээ болох 3500 тонныг авахаар болсон ч өнөөдрийн байдлаар 1,500 тонныг л авсан байна. Энэ нь манай захиалсан хэмжээний 8-10 хувь нь юм.
Петровис компани Улаанбаатар хотод шатахуун түгээх 40 станцтай. Өнөөдрийн байдлаар 20-д нь 30 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоосон байдалтай байна.
Тиймээс эмнэлэг, цагдаа, хил хамгаалах зэрэг нэн шаардлагатай үүрэг гүйцэтгэдэг байгууллагад шатахуун нийлүүлэхийн тулд хязгаарлалт хийж байгаа.
Өнөөдөр АИ-92 шатахууныг 2050 төгрөгөөр борлуулж байгаа. Зах зээлийнхээ хуулиар бензиний үнэ 2,200 төгрөг байх ёстой. Манайх литр тутамд 123 төгрөгийн алдагдалтай шатахуун нийлүүлж байна гэсэн үг. Зөвхөн АИ-92 бензиний хувьд 28 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ буулгаж байгаа ч шатахуун худалдан авах бэлэн мөнгөгүй болсон. Тиймээс байгаа мөнгөндөө БНХАУ-руу 20 мянган тонн шатахууны захиалга өгсөн.
"М-Ойл" компанийн дэд захирал /2021.09.21/:
Манай компани литр тутамд 50 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Өнгөрсөн хугацаанд АИ-92 шатахууны борлуулалтаас сар тутамд 600 гаруй сая төгрөгийн алдагдалд орсон.
Энэ оны сүүлээр манай санхүүгийн үзүүлэлт тааруу гарах төлөвтэй байна.
УУХҮ-ын сайд Г.Ёндон /2021.09.22/:
Ерөнхий сайд даалгасны дагуу бид буруутай гэж үзсэн албан тушаалтанд арга хэмжээ авна. Мэдээллээ боловсруулаагүй юу, ажилдаа хайнга хандсан уу гэдгийг эхлээд тогтооно.
УУХҮЯ БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43,440 тонн шатахуун авах захиалга өгсөн. 724 вагонцистерны төмөр замын захиалгын дугаарыг баталгаажуулсан байна.
Хятад улсаас импортлох 724 вагон шатахууны төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар ГХЯ , Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Эхний ээлжинд 4 удаагийн таталтаар 192 вагоныг оруулж ирэхээр болсон. Хятадаас шатахуун тээвэрлэхэд 14 хоног зарцуулдаг. БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйд хүсэлт тавьсаны үр дүнд энэ хугацааг наашлуулсан.
Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадалтай холбоотойгоор импортоор оруулсан шатахууны тодорхой хувийг авто замаар тээвэрлэнэ.
Шатахууны хангамж тогтворжих хүртэл хэрэглэгчдэд зохицуулалтай түгээх, одоо байгаа нөөцийг оновчтой хуваарилах шаардлага тулгарч байна.
ОХУ-ын Роснефть компани есдүгээр сард Монгол Улсад нийлүүлэх Аи-92 автобензиний захиалгыг 70 гаруй хувиар бууруулсантай холбогдуулан хэрэглээнд үүсч буй зөрүүг бусад эх үүсвэрээс хангах, хангамжийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр УУХҮЯ-ны зүгээс холбогдох арга хэмжээг авч байна.