/2021.09.17/ Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Сургалтын удирдагчаар ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар ажиллах аж. Сургалт энэ сарын 20-27-ны өдрүүдэд Хөвсгөл нуурт болно.
Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч оролцох юм.
Алба хаагчид тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоох, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах юм.
Мөн гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж, ачаа өргөгч хөвөгч понтоныг ашиглах, аюулгүйн ажиллагааны талаар сургалт, судалгааны мэдлэгээ дээшлүүлнэ гэв.
Эх сурвалж: ОБЕГ