/2021.09.14/: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг яамны газрын дарга нарын хамтран оролцсон ажил хэрэгч уулзалт боллоо.
Уулзалтаар харилцан мэдээлэл солилцож, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргах, гадаад харилцааг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Бид гадаад худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд Гадаад харилцааны яамтайгаа нягт хамтран ажиллах нь чухал.
Манай улсын нийт ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамрагддаг. Хамгийн их бүтээн байгуулалттай, улсынхаа эдийн засгийг солонгоруулахад хамгийн чухал үүрэгтэй салбар учир бид Гадаад харилцааны яамтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шаардлагатай.
Салбарын томоохон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд тус яамны дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал.
1. Махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд импортлогч орнуудын шаардлагыг хангах хэрэгтэй. Тиймээс импортлогч орны шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд анхаарч ажиллах.
2. Бид хүнс экспортлогч орон болох зорилттой ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн боломжтой бүтээгдэхүүн бол гурил юм. Манайд нийтдээ 67 гурилын үйлдвэр байна. Энэ үйлдвэрүүд хүчин чадлынхаа 30 хүрэхгүй хувийг ашиглаж 300-400 мянган тонн улаанбуудай тээрэмдэж байна. Энэ хэрээр газар тариалангийн салбар тэлж өгдөггүй. Тэгэхээр бид гурил үйлдвэрлэгчдийнхээ экспортын гарцыг нээж өгвөл хүнс экспортлогч орон болох зорилтоо хангана. Нөгөө талдаа, газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг явуулахад түлхэц үзүүлнэ.
3. Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 78 сая ам.долларын олон улсын шаардлага хангасан, экспортын чиг баримжаатай 4 махны үйлдвэр барина. Энэ томоохон үйлдвэрүүдэд ямар менежмент хийж ашигтай ажиллах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал.
4. Арьс ширний боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад бидний хамтын ажиллагаа шаардлагатай.
5. Жижиг, дунд үйлдвэрлэгчдээс экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулж өгөх хүсэлт их ирдэг. Манай Жижиг, дунд үйлдвэрийн газар өөрсдийнхөө түвшинд олон улсад сурталчлах ажлаа зохион байгуулаад явж байгаа ч цаашид Гадаад харилцааны яамтайгаа хамтран ажиллах нь илүү үр дүнтэй юм.
Сайд Б.Батцэцэг бидний зүгээс дэвшүүлсэн саналуудыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд анхны уулзалт гэхэд ажил хэрэгч, үр дүнтэй болсныг онцоллоо. Мөн хоёр яамны төлөөлөл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцан, гадаад худалдаагаа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсон юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ