/2021.09.10/ Өнөөдөр хэлмэгдэлтэд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Тиймээс энэхүү өдрийг сурвалжилхаар талбайн баруун талд байрлах "Хэлмэгдэгсдийн хөшөө"-г зорьлоо.
Биднийг очиход ёслолын арга хэмжээ хараахан эхлээгүй байсан юм.Хүндэт харуулууд бүгд нэг шугамд эгнэн зогсож, тэдний өөдөөс харан хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн гартаа цагаан сарнай барин зогсож байлаа.
Өнөөдөр ирсэн хүмүүсийн ихэнх нь нас дээр гарсан хөгшид байв. Тэдний төлөөлөл болох Д.Мядагсүрэн, "Энэ өдөр жаахан уйтгар тайлагдаж, сэтгэл сэргэдэг юм. Муу аав минь энд байгаа шүү гэж бодогддог. Жилээс жилд хэлмэгдсэн хүмүүс тэдний ар гэрийнхэн цөөрч, маш бага хүн энд ирдэг болсон байна.
Миний аав Л.Далх ээжтэй минь 10 жил ханилж таван хүүхэдтэй болсон. Аав маань лам хуврага хүн байснаасаа болж хэлмэгдсэн юм. Би дээрээ 3 ахтай 1 дүүтэй. Аав маань хэлмэгдэхэд миний дүү хөлд ч ороогүй жаахан хүүхэд байсан" гэв.
Ийнхүү ярьж дуусахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ирж хамгийн түрүүнд "Хэлмэгдэгсдийн хөшөө"-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Үүний араас хэлмэгдэгсдийн гэр бүлийнхэн цэцэг өргөлөө. Тэдний зарим нь жаазтай зураг барьсан харагдана.
Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36 мянга орчим хүн өртсөн гэх албан бус мэдээлэл байдаг боловч өнөөдрийн байдлаар 31,263 иргэний нэр төрийг сэргээсэн байна. Үүнээс давхардсан тоогоор нийт 19,434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөн олговор, бусад дэмжлэгийг үзүүлсэн гэсэн тоон мэдээлэл байдаг аж.
Гэсэн ч өнөөдөр ирсэн хэлмэгдэгсдийн ар гэрийнхний нэг болох М.Жамилаш тус нөхөн олговрыг аваагүй учир гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр, "Би одоо 86 настай. Манай гэр бүлээс хоёр хүн хэлмэгдэж цагаатгагдсан ч нөхөн олговор огтхон ч өгөөгүй. Үүнийг шалгадаг хүн байхгүйгээс гадна надтай ирж уулздаг ч хүн байхгүй. Ийм өндөр настай хүнийг хүндэтгэхгүй байгаад гомдолтой байна. Ерөнхийлөгч над дээр ирж уулзах ёстой.
Манай гэр орон, эд хөрөнгийг бүгдийг хураасан. Мөн эсэргүүгийн хүүхэд хэмээн цоллож сургуульд ч явж чадаагүй" хэмээн нулимс дуслуулан ярьлаа.
Ийнхүү албаныхан болон ар гэрийнхэн "Хэлмэгдэгсдийн хөшөө"-нд цэцэг өргөж дууссанаар ёслолын үйл ажиллагаа дууслаа.
Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж 1921 онд "Саж ламын хэрэг"-ээр эхэлсэн гэж түүхчид үздэг. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн манай улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.
23 дах жилдээ болж байгаа ёслол ийнхүү өндөрлөв. Гэвч өнөөдрийг хүртэл нөхөн олговроо авч чадаагүй цагаатгагдах хүсэлтэй олон иргэд өнөөдөр гомдол тээн иржээ.