/2023.4.27/ Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2024 оны сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ зарласан. Тэгвэл үүний хариу болгон Бүгд найрамдах намаас хиймэл оюун (AI) ашиглан бүтээсэн видеог олон нийтэд цацав.
Энэхүү видеонд 2024 оны сонгуулиар Байден хэрэв ялах юм бол юу болж болох талаар дүрсэлсэн агуулгууд оржээ. Улмаар АНУ-д ээлж дараалсан олон таагүй зүйлс тохиолдож, Хятад Тайванийн зөрчилдөөн даамжирч, улмаар АНУ-ын хотын гудамжинд Хятад цэргүүд орж ирсэн байгаа зэрэг дүрс оржээ.
Видеоны зүүн дээд буланд “Энэхүү бичлэгийг AI ашиглан бүтээсэн болно” гэх сануулгыг жижгээр бичиж, YouTube дэх уг бичлэгийн тайлбар текст нь “Хэрэв 2024 оны сонгуульд Байден ялсан тохиолдолд АНУ-д юу тохиолдож болох талаар хиймэл оюун ухааны дэвшүүлсэн хувилбар” гэжээ. Бүгд Найрамдах намын үндэсний зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч нь Axios.com сайтын тодруулгад хариулахдаа энэхүү бичлэг нь тус намаас цацаж буй анхны AI ашиглаж бүтээсэн сурталчилгаа гэсэн байна.
Уг бичлэгийг яг ямар хэрэгсэл ашиглан бүтээсэн болоод уг бичлэг нь AI ашиглах ямар нэгэн үйлчилгээний нөхцөл, журам зөрчсөн эсэх талаар мэдээлэл гараагүй байна. Хэдийгээр Midjourney, DALL-E зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан зураг дүрс үүсгэгч хэрэгслүүд нь улс төрийн хувьд асуудал дагуулж мэдэх зургууд дээр нарийн дүрслэл үүсгэж өгдөггүй ч БНН-ын бүтээлгэсэн уг бичлэг нь хэн нэгнийг тухайлан онцолж дүрслээгүй, түгээмэл тохиолддог дүрслэлүүд ашигласан байгаа нь дээрх хэрэгслүүдийн “улстөрийн” шүүлтүүрт торохгүй байх нөхцлийг бүрдүүлжээ.
Дээрх бичлэг олон нийтэд цацагдсантай холбоотойгоор хэд хэдэн ээдрээтэй асуултууд гарч ирж байна. Тухайлбал, олон жилийн туршид AI ашиглан бүтээсэн, deepfake төрлийн зураг бичлэг ашиглан, олон нийтэд худал мэдээлэл тараах эрсдэл байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн бөгөөд улс төрийн нам, хүчин өөрөө энэ мэтээр худал мэдээлэл тараагч нь болбол яах вэ?
Мөн сонгуулийн сурталчилгааны контент болон худал мэдээллийн ялгаа заагийг хэрхэн тогтоох вэ? Жишээ нь БНН дараагийн удаа Байден ерөнхийлөгчийн насыг онцолж, түүнийг тэргэнцэрт суулгасан байдлаар дүрсэлсэн зураг эсвэл бичлэг бүтээж цацлаа гэж бодоход олон сая хүн үүнд итгэх магадлалтай.
Мөн энэ удаагийн бичлэг шиг санамжийг маш жижгээр бичиж байрлуулсан тохиолдолд үзэгчид шууд үнэн бодит мэдээлэл мэтээр хүлээн авах өндөр эрсдэл байгаа юм.
Улстөрчид хиймэл оюун ашигласан энэ мэт төсөөллийн чанартай, deepfake зураг бичлэг үүсгэлээ гэж бодоход тэд олон нийтийн сүлжээ ашиглан, худал мэдээллийг олон сая хүнд маш богино хугацаанд тараах боломжтой.
Хэдийгээр Facebook болон Instagram платформуудыг эзэмшигч Meta компани хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүйн тулд хиймэл оюун ашиглаж бүтээсэн улс төрийн агуулгатай видеог нийтлэхийг хориглоод байна. Гэвч энэ дүрэм нь улстөрчид, улс төрийн намуудад үйлчлэх эсэх тал дээр одоо болтол тоймтой хариулт өгөөгүй байгаа юм.
Ташрамд дурдахад Meta компани нь улстөрчдийн хийсэн аливаа мэдэгдэл, маргаантай мэдээлэл дээр fact check буюу баримтаа нягталсан байхыг шаарддаггүй хэвэээрээ байгаа билээ.
Эх сурвалж: https://www.theverge.com