/2023.04.13/: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзан хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, бодлого зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулан дараах саналуудыг дэвшүүллээ.
- Үндэсний томоохон сүү үйлдвэрлэгч компаниуд хамтран “Цагаан хувьсгал” буюу сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, тээвэр ложистик, хүүхдийн үдийн цай хөтөлбөр зэрэг урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Экспорт импортын банктай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх;
- АНУ-ын зах зээлд Монголын ноолууран, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг таниулж, экспортлох боломж 8 жилийн өмнө нээгдсэн ч АНУ-ын Конгрессоос эцсийн шийдвэр гараагүй учир айлын талаас боломжит дэмжлэгүүдийг үзүүлэх;
- Хоёр улс хоорондын харилцааны гүүр болдог оюутан солилцоог дэмжин Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн идэвх, зүтгэлтэй оюутнуудыг АНУ-д сургах чиглэлээр хамтран ажиллах;
- 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Монгол-Америкийн эдийн засгийн бодлогын IV дүгээр зөвлөлдөх уулзалтад ХХААХҮЯ-ны төлөөлөл оролцож, хүнс, хөдөө аж ахуйн салбарын тодорхой төслийн санал, ТЭЗҮ-ийг дипломат шугамаар АНУ-ын талд албан ёсоор санал болгосон. 4 улирлын хүлэмж байгуулах ТЭЗҮ, бордооны үйлдвэр байгуулах тухай төслийн концепцийг санал болголоо.
Монголын нэхмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд нийлүүлэхтэй холбоотойгоор Гуравдагч хөршийн тухай хуулийн төсөл Дэлхийн худалдааны байгууллагаас санал авч, зөвшилцөх шаардлагаар Конгресс дээр хүлээгдэж байгаа юм. Тиймээс Монголын нэхмэл болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэх шийдэл, боломжуудыг хоёр тал харилцан эрэлхийлэн ажиллаж байна.
Мөн ойрын өдрүүдэд Монголын зүүн аймгуудад гарч буй тал хээрийн түймэртэй холбогдуулан Элчин сайдын яамны зүгээс яаралтай туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Энэхүү санаачилгатай холбоотойгоор сайд Х.Болорчулуун түймэр гарсны дараа бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор малчдыг түймэр унтраах зориулалтын багажаар хангах, ОБЕГ-тай хамтран сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах санал дэвшүүлэв.
Энэ оны 11 дүгээр сард АНУ-ын Нью Йорк, Чикаго хотуудад ХХААХҮЯ-ны харьяа байгууллага Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулан үзэсгэлэнгээ нээж, ажиллахад АНУ-ын ЭСЯ-ны зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.