/2023.04.05/: АНУ-ын Спортын дипломат харилцааны төрийн хэлтсийн төслийн хүрээнд тус улсын 10 хүнтэй баг Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Багш дасгалжуулагч, олимпын оролцогч тэргүүтэй эдгээр зочид Улаанбаатар хотноо 14 хоног саатах хугацаандаа спортын манлайлал, нийгмийн өөрчлөлтийн сургалт зохион байгуулж, спортын байгууллагуудтай танилцан, тэмцээн уралдаан үзэж, тамирчидтай туршлага солилцохоос гадна хэлэлцүүлэгт оролцох юм.
АНУ-аас ирсэн эдгээр төлөөлөгчид Олимпик хауст зочилж, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр хоёр орны спортын онцлог, тулгамдаж буй асуудлууд, спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцав. Мөн цаашид спортын багш дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын талаас 11 хүн АНУ-д мөн туршлага солилцох сургалтад хамрагдах юм.
Эх сурвалж: МҮОХ