/2023.04.05/: Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 2-5 настай хүүхдүүдийн 86,5 хувь нь хамрагдаж байна.
Хүүхдийн тархины хөгжлийн хамгийн идэвхтэй үе цэцэрлэгийн насанд тохиодог. Тиймээс сургалтын чанарыг сайжруулахын тулд хөтөлбөрийн шинэчлэл хийхээс гадна таатай орчныг бүрдүүлэх, ур чадвартай багшийг ажиллуулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Сургуулийн өмнөх боловсролын хувьд хүүхдийн хамгийн их сонирхож цагаа зарцуулдаг тоглоомоор дамжуулан мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхийг эрмэлзэж байна. Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болох бага насны хөгжил, боловсролыг дэмжих нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт болохыг олон судалгаа нотолж байна.
Азийн хөгжлийн банкны Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролыг чанар, хүртээмжийг сайжруулах төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 21 аймгийн 197 цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт 850 сая төгрөгийн өртөг бүхий тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний багцыг хүргэж байна. Зарим цэцэрлэгийн төлөөлөлд өнөөдөр сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулж өглөө.
Тоглоомд суурилсан сургалт нь идэвхтэй сурах чадварыг хөгжүүлэх чухал арга бөгөөд ЕБС-д хүүхдүүд сурах бичиг ашиглан суралцдаг бол цэцэрлэгийн хүүхдийг хөгжүүлэх гол сурах бичиг нь тоглоом учраас цэцэрлэгийн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах нь маш чухал юм.