/2023.03.30/: Аялагч Амай буюу Ж.Золжаргалыг хар тамхины хэргээр шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цахим орчинд тархаад буй.
Ж.Золжаргал ч өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ талаар өөрийн зүгээс мэдээлэл хийсэн юм.
Тэгвэл тухайн хэрэгтэй холбоотой мэдээллийг өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
ЦЕГ: "Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтаар иргэн Ж.Золбаяр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетра гидро каннабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 20 гр бодисыг хууль бусаар олж аван хадгалж байсныг илрүүлсэн.
Мөн тухайн иргэний биологийн дээжид тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, тухайн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.