Мэдээллийн mpress.mn сайтын зүгээс дунд, ахлах ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулдаг болцгооё гэх уриалгыг гаргаад байгаа билээ. Энэ хүрээнд БШУЯ-ны Суралцагчын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргалтай ярилцлаа.
БАГА АНГИЙНХНЫ ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ТУЛ ДУНД, АХЛАХ АНГИЙНХНЫГ ҮДИЙН ХООЛОНД ХАМРУУЛАХ АЖИЛ ХОЙШЛОГДООД БАЙНА
Үдийн хоол хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хөтөлбөр одоо ямар үе шатандаа явж байна вэ?
-2021-2022 оны хичээлийн жилд бага ангийн сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрөөс “Үдийн хоол” хөтөлбөрт шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн 380 мянга гаруй хүүхэд тус хөтөлбөрт хамрагдаж байна.
-Дунд, ахлах ангийнхныг уг хөтөлбөрт хамруулна гэж байсан. Энэ тухайд?
-Ерөнхийдөө хууль батлагдахдаа 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттай хамруулахаар байсан.
Бидний төлөвлөгөөгөөр бага ангийг 2021 оны намраас, дунд ангийг 2022-2023 оны хичээлийн жилд хөтөлбөрт хамруулж эхлэх байсан. Харамсалтай нь хэд хэдэн шалтгааны улмаас дунд ангийн хүүхдүүдийн хөтөлбөрт хамрагдах хугацаа хойшлогдоод байна.
Нэгдүгээрт, цар тахалтай холбоотойгоор. Хоёрдугаарт, юуны түрүүнд одоо хөтөлбөрт хамрагдаж буй бага ангийн 380 мянган хүүхдийн хоолны чанарыг сайжруулах шаардлагатай тулгарсан. Учир нь улсын сургуулиудын гал тогооны нөхцөл байдал нэлээд хүнд байна. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудын 80 хувь нь түрээсийн гал тогоотой. Яг хуулийн дагуу яривал төр өөрөө сургуулийн хоол үйлдвэрлэлийн асуудлыг бүрэн хариуцах чиг үүрэгтэй. Учир нь энэ бол монгол хүний эрүүл байх эрх, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.
Бид зүгээр нэг хоол өгөх биш, тухайн хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон хоол хүнсийг өгөхөөр зорьж байна. Хоол бол шим тэжээл байх ёстой болохоос хүүхдийн гэдсийг цатгах зүйл байж болохгүй. Тиймээс бид хоол үйлдвэрлэлийн орчноо бий болгох хэрэгтэй байна.
Тиймээс одоогийн нөхцөл байдлаас харвал дунд, ахлах ангийнхныг үдийн хоол хөтөлбөрт хамруулахад бэлэн бус байна. Юуны түрүүнд 1-5 дугаар ангийн сурагчдын хоол үйлдвэрлэлийн орчин, хоолны чанарыг сайжруулж, хүний нөөцөө бэлтгэх шаардлагатай байна. Үүний дараагаар ахлах, дунд ангийхнаа үе шаттай хөтөлбөрт хамруулна.
-Тэгвэл дээрх асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
-БШУЯ-наас эдгээр асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн олон улсын байгууллагад хандаж, зарим төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болоод байгаа. Одоогоор Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллага, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллага, Дэлхийн боловсролын түншлэлийн байгууллагын гурван төслийг хэрэгжүүлэхээр болоод байна.
Төслүүдийн хүрээнд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчинг сайжруулах, гал тогооны асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх зэрэг ажлыг хийнэ.
КОЙКА-ийн хувьд 8 сая долларын буцалтгүй тусламжаар нийслэл дэх 10 сургуулийн гал тогооны орчин нөхцлийг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулахаар байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд төрийн өмчийн 158 сургууль байгаагаас стандартын бус гал тогоотой сургууль 50 хувийг эзэлж байна. Тиймээс энэ сарын 13-23-ны өдрүүдэд Солонгосоос төслийн багийнхан Монгол Улсад ирж 10 хоног ажиллаад, тайлангаа тавиад буцлаа.
Үүнээс гадна төслийн хүрээнд ажиллах хүний нөөцийг чадавхжуулах төвийг ШУТИС-д байгуулахаар болж байгаа. Төслийн хоёр дахь томоохон үр дүн бол энэ юм. Монгол Улсад ийм төв өмнө нь байгаагүй. Тус төвийн гол зорилго нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол үйлдвэрлэлд ажиллах ажилтан, эцэг эх, сурагч, хүнс ханган нийлүүлэгчдийг тохирсон хөтөлбөрт хамруулж, хоол тэжээлийн талаар мэдлэг өгөх юм. Мөн энэ чиглэлээр сурч буй оюутнуудыг чадавхжуулах зорилготой. Дээрх гурван төсөл 2022-2026 оны хооронд хэрэгжиж дуусахаар байна.
-ЖАЙКА төслийн хувьд?
-ЖАЙКА-ийн хувьд хөрөнгө оруулалт хийж чадахгүй, харин арга зүйн дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн. Материаллаг эд зүйлс биш ч гэсэн бид үүнийг голж болохгүй. Угаасаа хөрөнгө оруулалтыг улс шийдэх ёстой. Харин үүнд хэрхэн, яаж зөв механизм хэрэгжүүлж, амжилттай болгох вэ гэдэг зөвлөгөөг бидэнд өгнө. Тиймээс урт хугацаандаа маш ашигтай байх юм. Тус байгууллага Өвөрхангай, Дундговь гэсэн хоёр аймагт төслөө хэрэгжүүлэхээр болсон байгаа.
Говь болон хангайн бүсийн 4 сургуулийг сонгож, тухайн аймгуудын хүнсний хангамж, нөөц бололцоог судална. Өөрөөр хэлбэл нийслэлээс ямар хүнс татдаг, хоол хангамж нь хэрхэн бүтдэг зэргийг судална. Мөн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн цуснаас дээж авч, тухайн хүүхдэд ямар амин дэм дутагдалтай байна гэдгийг тогтооно. Үүний дараагаар байгаа хүнсний хангамжид нь тулгуурлан тэдэнд тохирсон хоолны цэсийг гаргаж өгөх юм.
Одоогоор улсын хэмжээнд нэг л төрлийн хоолны цэсийг дагаж мөрдөхийг үүрэг болгож байгаа. Гэтэл алслагдсан бүс нутгийн хүүхдүүд цэсэнд байгаа жимс, нарийн ногоо зэргийг хэрэглэх боломжгүй асуудал байна. Түлхүү мах, гурилтай хоол идэж байгаа нөхцөл байдалтай байна. Тиймээс энэ төслийн хүрээнд яг тухайн аймгийн хүнсний нөөцөд тулгуурлан зохистой цэсийг гаргаж өгөхөөр байгаа. Харин бид үүнийг цааш нь түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй.
-Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн тоог нэмбэл нийт хэчнээн хүүхдийг үдийн хоол хөтөлбөрт хамруулах вэ?
-Улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 740 мянган хүүхэд бий. Хэрэв дунд, ахлах ангийнхан "Үдийн хоолонд" амрагдаж эхэлбэл төсөв нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.
ҮДИЙН ХООЛНЫ 1500 ТӨГРӨГИЙГ 3000 БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ. ҮҮНИЙ ТУЛД
ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ
-"Үдийн хоол"-ны одоогийн үнэ болох 1500 төгрөгийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа юу?
-Хоолны зардлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. 1500 төгрөгөөр бид тухайн хүүхдийн өдрийн хоолноос авах ёстой шим тэжээлийн 50 хувийг л өгч чадаж байна.
Зарим хүмүүс үдийн хоолыг шүүмжилдэг л дээ. Гэхдээ үүнд ганц төр биш, эцэг эхчүүд ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Цаашид ч гэсэн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх асуудал хөндөгдөнө. 1500 төгрөгийг хамгийн багадаа 3000 төгрөг болгох шаардлагатай байна гэсэн тооцоо гарсан. Ингэж байж үдийн хоолноос авах ёстой шим тэжээлийг өгч чадна.
Мөн цэцэрлэгийн хүүхдийн 2475 төгрөгийг 5100 төгрөг болгох шаардлагатай. Тэгэхээр энэ асуудлыг төр ганцаараа нуруун дээрээ үүрээд явж чадахгүй. Тиймээс эцэг эхчүүдээс тодорхой хэмжээний мөнгө гаргах асуудал яригдаж байгаа.
Мэдээж зорилтот бүлгийн буюу хагас, бүтэн өнчин, амжиргааны түвшин доогуур хүүхдийн хоолыг төрөөс хариуцна. Энэ бол төрийн үүрэг. Харин үлдсэн сурагчдын хувьд эцэг эхчүүдээс хоолны мөнгөний тодорхой хувийг гаргуулах шаардлагатай. Эцэг эхчүүд "Та нар миний хүүхдэд муу хоол өглөө" гээд байдаг. Тэд өөрсдөө хоол үйлдвэрлэх явцад нь хяналт тавьж, оролцох бүрэн эрхтэй. Гаднаас шүүмжлэх биш өөрсдөө нөхцөл байдалтай нь танилцаж, мэдрэх хэрэгтэй шүү дээ.
-Эцэг эхчүүдээс хэдэн хувь нь гарна гэж тооцоолж байна вэ?
-Энэ тоог гаргахад бага зэрэг хүндрэлтэй юм байна лээ. Төрөөс бүгдийг нь даах ёстой зорилтот бүлгийн хүүхдүүдийн тоо маш зөрүүтэй байдаг. Одоогийн байдлаар 380 мянга гаруй хүүхдийн 100 гаруй мянган хүүхэд шууд зорилтот бүлэгт хамаарахаар байгаа. Бараг 40 хувь орчим хувь нь. Гэхдээ үүнийг дахиж нягтлах шаардлагатай.
Хэрэв 50 хувийг нь эцэг эх даана гэвэл сард 30-50 мянган төгрөг гаргахаар байна.
Үүнээс гадна хүүхдийн 100 мянган төгрөгөөс хоолны мөнгөний тодорхой хувийг гаргах асуудал өнгөрсөн жил яригдсан. Угаасаа энэ мөнгө хүүхдэд зарцуулагдах ёстой. Тиймээс энэ эх үүсвэрээс 10, 20 мянган төгрөгийг гаргах боломжтой эсэх талаар судалгаа хийж байгаа.
Боловсрол шинжлэх ухааны яаманд 1-12 дугаар ангийн 700 мянга, цэцэрлэгийн 260 мянга, МСҮТ-ийн 3500, цаашлаад их дээд сургуулийн оюутнуудыг оруулбал Монгол Улсын хүн амын 3/1 хувь нь буюу 1 сая гаруй хүн харьяалагдаж байна. Тиймээс бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд зайлшгүй анхаарах шаардлагатай. Энэ утгаараа төрөөс үдийн хоол хөтөлбөрт заавал мөнгө гаргана. Үүнийг зардал гэж үздэггүй, харин ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэж үздэг. Харин хүүхэд, эцэг эх, багш, бусад яам, тамгын газрынхан үүнийг маш сайн ойлгож, хамтарч ажиллах хэрэгтэй.
-Үдийн хоол хөтөлбөрт жилд хэдэн төгрөгийн төсөв тавигддаг вэ?
-Энэ жил зөвхөн уг хөтөлбөрт 72 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүн дээр цэцэрлэг, дотуур байрны төсвийг нэмбэл жилд 180 тэрбум төгрөг батлагддаг.
ДОТУУР БАЙРАНД АМЬДАРДАГ 6-18 НАСНЫХАН ХОНОГТ
3475 ТӨГРӨГӨӨР ХООЛЛОЖ БАЙНА
-Төсвийн хувьд ямар нэг асуудал бий юу?
-Өнгөрсөн жил хоолны мөнгийг нэмэгдүүлэх асуудлыг гурван удаа Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Үр дүнд нь 2022 оны сүүлээр дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг бага зэрэг нэмэгдүүлсэн.
Эдгээр хүүхдийн хоолны асуудал 100 хувь дотуур байрнаас хамааралтай байдаг. 3475 төгрөгөөр 6-18 насны хүүхдүүд яаж 24 цаг хоол идэх юм бэ. Тиймээс энэ мөнгийг бага, дунд, ахлах ангиар нь ялгаж шатлалтай нэмэгдүүлсэн. Бага ангийн хүүхдийн хоолны мөнгийг 4000. Ахлах ангийн хүүхдүүдийн мөнгийг 4300 болгосон.
Энэ жил үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх асуудлыг дахиад Засгийн газрын хуралдаанд оруулна. Мөн эцэг эхээс тодорхой хувийг гаргуулах саналаа оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Бага, дунд, ахлах ангийн хоолны мөнгө ч гэсэн дотуур байрны хүүхдийнх шиг шатлалтай нэмэгдэх үү?
-Тэгнэ. 2021 онд "Үдийн хоол" хөтөлбөрийг нэвтрүүлэхээр тооцоолж байхад бага анги 1500, дунд анги 1800, ахлах анги 2400 төгрөг байхаар байсан.
-Боловсролын яам жилд зөвхөн "Үдийн хоол" хөтөлбөрийн хүрээнд 72 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг юм байна. Тэгвэл үүгээр дамжуулан дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжих боломж бий юу?
-Тийм ээ. Нэг талдаа боловсролын яам бол хэрэглэгч. Үүгээр дамжуулан дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжвэл компаниуд ч гэсэн босоод ирнэ. Үдийн хоол гэдэг зөвхөн хүүхдэд хоол хийх асуудал биш. Бүх салбарт хамааралтай. ХНХЯ, ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яаманд бүгдэд нь хүүхдийн хоолны асуудал хамааралтай байдаг. Тиймээс орон нутгийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч, жилд батлагдаж буй 180 тэрбум төгрөгөөр дэмжих боломжтой.
Энэ чиглэлээр аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийж үзсэн. Хэдийгээр бид бага мөнгөөр худалдан авалт хийх ч байнгын найдвартай худалдан авагч байна. 9-6 сарын хугацаанд байнга бүтээгдэхүүн худалдан авна. Гэхдээ тэдний хүссэн хэмжээний өндөр ашгийн өгч чадахгүй. Учир нь бидэнд батлагдсан мөнгө бага байна. Яамны зүгээс хавар, намар, өвөлд аюулгүй байдлын шаардлага хангасан, шим тэжээлтэй хүнс нийлүүлэх л шаардлага тавьж байгаа.
Хүнс үйлдвэрлэгчдийн зүгээс тогтвортой үнээр байнгын худалдан авалт хийнэ гэхээр нааштай хүлээн авч байгаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн хоолны асуудалд үнээ нэмэх асуудал гаргахгүй гэж гэдгээ хэлсэн.
-КОЙКА-ийн төслийн багийнхан ирж ажиллаад манай сургуулиудын гал тогооны нөхцөл байдлыг хэрхэн дүгнэсэн бэ?
-Ер нь хүнд. Төсөлд хамрагдах 10 сургуулийг сонгох гэж нэлээд юм болсон. Төслийн зүгээс анх 3-5 сургууль дээр хэрэгжүүлнэ гэж байсан ч бидний зүгээс нөхцөл байдлаа ойлгуулж тоог нь нэмэгдүүлэхээр болсон. Нийслэлд өнөөдрийн байдлаар улсын 158 сургууль байна. Ихэнх нь 1970, 1980 онд байгуулагдсан 50 жилийн насжилттай сургуулиуд. Тиймээс зарим нь дэд бүтцийн хувьд асуудалтай. 4 дүгээр сургууль гэхэд төвийн шугамд холбогдсон хэр нь халуун ус байхгүй. Мөн зарим нь эрчим хүч, сангийн асуултай. Иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулж өглөө гэхэд 380 кВт-ын цахилгааны эх үүсвэргүй бол төсөл хэрэгжүүлэхэд хэцүү.
Тиймээс КОЙКА-ийнхан биднээс эдгээр асуудлуудаа нэн тэргүүнд шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа. Учир тэдний хувьд зөвхөн сургууль доторх асуудлыг л шийдвэрлэнэ. Барилга барихгүй. Харин дээрх асуудлыг НЗДТГ шийдэх ёстой.
-Сургуулийн орчинд зарагддаг бүтээгдэхүүнүүд шим тэжээлгүй, эсрэгээрээ хор болж байна гэж шүүмжилдэг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ чиглэлээр хэд хэдэн ажил хийхээр яамнаас төлөвлөж байна. Нэгэнт ахлах, дунд ангийнхныгаа үдийн хоол хөтөлбөрт хамруулж чадахгүй юм чинь сургууль дотор нь эрүүл хоол хүнс худалдаалдаг булан ажиллуулах саналтай байгаа. Тэд нар маань өөрсдийнхөө мөнгөөр ч болтугай эрүүл хоол хүнс сонгоод идэх нөхцлийг нь бүрдүүлье гэсэн чиглэлээр судалгаа тооцоо хийж байна.
Үүнийг АПУ, Сүү зэрэг хувийн компаниуд нэлээд сонирхож байгаа. Дээрх газрууд ЕБС-иуд дээр ундаа, жүүснийхээ машиныг байршуулаад яг үйлдвэрийнх нь үнээр цэвэр луувангийн шүүс, сүү сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлэх санал тавьсан. Энэ хүрээнд дотоодын хүнс үйлдвэрлэгчдээ дэмжих боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.
-Үдийн хоол хөтөлбөр хүүхдийн өдөрт авах ёстой шим тэжээлийг бүрэн өгч чадах уу?
-Хүмүүс үдийн хоолоор бүх зүйл нь болчих юм шиг санаад байдаг. Өдрийн хоол бол тухайн өдрийн авах ёстой шим тэжээлийн 30-35 хувийг л өгнө. Үлдсэн 65 хувийг хүүхэд гэрээсээ авах ёстой.
7-11 насны хүүхэд хоногт 1800 ккал авах ёстой байдаг. Үүний 30 хувийг сургуулиас гэж үзвэл 600 ккалыг үдийн хоол хөтөлбөрөөр дамжуулан өгөхөөр байгаа. Харин цэцэрлэгийн хүүхдийн хувьд эсрэгээрээ. Бараг цэцэрлэгийн хоолоор хүн болно. Цаашлаад сургуулийн дотуур байр бол 100 хувь.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.