/2023.03.24/: Франц улсад тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэн үндэсний хэмжээний ажил хаялт зарласны улмаас парламент уг төслийг санал хураалтгүйгээр шийдвэрлэлээ.
Францын засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуулийн төслийг албадан баталсны дараа Парис болон бусад хотуудад жагсаал цуглаан болж байсан ч өчигдрөөс эхлэн уг хууль албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Одоогийн байдлаар Парисын метроны 14 шугамаас хоёр нь л хэвийн үйлчилгээтэй байгаа бол RER галт тэрэгний үйлчилгээ эрс буурч, өндөр хурдны TGV галт тэрэгнүүдийн дөнгөж тал хувь нь ажиллаж байна. Улс орон даяар болсон ажил хаялт агаарын хөдөлгөөнд ч нөлөөлсөн бөгөөд Парисын Орли нисэх онгоцны буудлын нислэгийн 30 хувьд нь нөлөөлсөн байна.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлснээр үйлдвэрчний эвлэлийн ажилчид Норманди дахь томоохон газрын тос боловсруулах үйлдвэр болон Францын өмнөд хэсэгт орших Фос-сюр-Мер дэх өөр нэг үйлдвэрийг хаасан байна.
Эрчим хүчний шилжилтийн сайд Агнес Панниер-Руначерин мэдэгдэлдээ "Бид жагсагчдын үйл ажиллагааг нь зогсоогоод буй газрын тос хадгалах савны хаалтыг тайлах зорилготойгоор хөндлөнгөөс оролцож байна" гэж мэдэгджээ.
"Хэдийгээр ажил хаялт нь үндсэн хуулиар олгогдсон эрх ч гэлээ аливаа үйлдвэрийн процессийн ажиллагааг хүчээр зогсоох талаар тухайн хуулинд заагаагүй" гэв.
Ихэнх ажилчдын тэтгэврийн насыг хоёр жилээр нэмэгдүүлэх Засгийн газрын төлөвлөгөөг асар олон хүн эсэргүүцэж байна. Гэвч улс даяар нэг сая гаруй хүн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэн жагссаныг үл харгалзан энэхүү хуулийн төслийг баталлаа.
Тус улсын эрт тэтгэвэрт гарах өгөөмөр тэтгэврийн тогтолцоо нь Дэлхийн 2-р дайны дараа батлагдсан цагаасаа хойш бахархал болсоор ирсэн. Шинэ хуулийн дагуу ихэнх ажилчдын тэтгэврийн нас 64 байх бөгөөд ингэж шинэчлэгдсэн ч дэлхийн хамгийн доод тэтгэвэрт гарах нас хэвээр байна.
Макрон болон түүний засгийн газар тэтгэврийн тогтолцоог санхүүжүүлэхийн тулд тэтгэврийн шинэчлэлийг шаардлагатай гэж үзэж байна. Одоогийн ажилчдын татвар нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэмжийг төлдөг бөгөөд хүмүүс урт наслах болон олон хүүхэдтэй журмаар тэтгэвэрт гарсаар байвал тэтгэврийн систем дампуурах тул энэхүү алхамыг хийж байгаа аж.
2030 онд тэтгэврийн тогтолцоонд 13.5 тэрбум еврогийн (14.7 тэрбум ам. доллар) цоорхой үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд уг шинэчлэлийг хийх шаардлагатай гэж засгийн газар энэ саналыг нэгдүгээр сард танилцуулахдаа мэдэгджээ.
Лхагва гарагт Францын хоёр гол телевизэд ярилцлага өгөхдөө Макрон энэ шинэчлэлийг хичнээн таагүй байсан ч санхүүгийн хувьд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлжээ.
“Энэ бол улс орны эрх ашигт илүү нийцэж байгаа хэрэг. Санал асуулга болон үндэсний эрх ашгийн хооронд би үндэсний эрх ашгийг сонгосон” гэсэн байна.
Эх сурвалж: CNN