/2023.03.20/: Өнөөдөр Москвад хэлэлцээ хийх гэж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины хямралаас гарах "ухаалаг арга зам"-ыг уриалсан ч асуудлыг шийдвэрлэхэд амаргүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
ОХУ-ын Засгийн газраас өдөр бүр гаргадаг Оросын "Российская газета" сонинд Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын улс төрийн зохицуулалтын талаарх 12 зүйл бүхий саналыг үндэслэн хэлэлцээ хийх боломжтой гэжээ.
Путин Украин руу цэргээ оруулахын өмнөхөн Хятад, Оросын ерөнхийлөгч нар уулзаж, "хязгааргүй" түншлэлийн харилцаа тогтоох амлалт өгч байсан юм. Харин худалдааны гол түнш болох Украин руу Орос довтлохоор төлөвлөж байсныг нь Ши Жиньпин мэдэж байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Ши Жиньпин Хятад улсыг дэлхийд энх тайван тогтоогч орон гэж харуулахыг хичээж байгаа бөгөөд "Хүн бүр нийтлэг, хамтарсан, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг удирдлага болгож, тэгш эрхтэйгээр яриа хэлэлцээ, зөвлөлдөөнийг үргэлжлүүлбэл хямралаас гарах гарц олдох болно" гэв.
Путин Хятад улс Украин дахь мөргөлдөөнийг зогсооход "бүтээлч үүрэг гүйцэтгэх" хүсэлтэй байгааг сайшааж, өнөөдөр Ши Жиньпинтэй хийх хэлэлцээнээс "өндөр хүлээлттэй" байна.
"Бид хоёр талын хамтын ажиллагаанд шинэ хүчирхэг түлхэц өгнө гэдэгт бид эргэлзэхгүй байна" гэж Путин Хятадын нэгэн сонинд хэлжээ.
Хятад улс ОХУ болон түүний улс төр, цэргийн томоохон зүтгэлтнүүдийн эсрэг олон улсын хориг арга хэмжээ авсныг шүүмжилсэн бөгөөд Украины дайныг буруушаагүйгээр барахгүй түрэмгийлэл ч гэж нэрлээгүй юм.
Түүнчлэн Ши Жиньпин Москвад хийсэн айлчлалынхаа дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярилцаж магадгүй байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цин Ган өнгөрсөн долоо хоногт Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай утсаар ярьж, улс төрийн шийдэлд хүрэхийг уриалж, дайн хяналтаас гарч магадгүй гэж Хятад улс санаа зовж байна гэжээ.
Мөн тэрээр Хятад улс "Украины асуудлаарх бодитой, шударга байр суурийг үргэлж баримталж ирсэн" гэж Кулебад хэлжээ.
Ши Жиньпин "Российская газета" сонинд, Орост хийх айлчлал нь "ноёрхол, дарангуйлал заналхийлж буй дэлхийд "бүхнийг хамарсан найрамдал, стратегийн харилцан түншлэл" бий болгох хоёр орны найрамдлыг бэхжүүлэх зорилготой юм. Дэлхийн эв нэгдэл, энх тайван нь бүх хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхолд нийцнэ" гэжээ.
Эх сурвалж: Aljazeera