105 дугаар сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

105 дугаар сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо

/2023.03.17/: Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын ая тухтай орчинд боловсрол эзэмших, хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд биеийн тамирын шинэ заал барьж, ашиглалтад орууллаа.

Энэхүү заалны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон 105 дугаар сургуулийн удирдлага, багш сурагчид оролцсон юм.

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах 105-р сургууль нь 2700 гаруй сурагчтай бөгөөд шинээр ашиглалтад орсон энэ зааланд тус сургуулийн 1000 гаруй сурагч спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилалт хийх, дугуйлан, сургалтад хамрагдах боломжтой боллоо.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн онд улсын төсвөөс 100 орчим тэрбум, нийслэлийн төсвөөс 140 орчим тэрбум төгрөгийг гаргаад сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл, биеийн тамирын заал байгуулахад зарцуулсан. Баянхошуу бүсийн тухайд сургуулийн хүртээмж боломжийн. Гэхдээ 105 дугаар сургууль гурван хорооны хүүхдүүд сурдаг, олон сурагчтай ч биеийн тамирын ганцхан заалтай байсан. Тэгэхээр хүүхдүүд спортоор хичээллэх, дугуйлан секцэнд хамрагдах, бэлтгэл сургуулилалт хийх боломж бүрдүүлэхийн тулд шинэ заалыг байгуулсан гэлээ.

“Сонгинохайрхан дүүрэгт нийт 28 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх нөхцөл бүрдүүлэхээр спорт заалны хүрэлцээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна” гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцолсон.

105 дугаар сургуулийн захирал Г.Чимгээ:

-Манай сургууль сурагчид, багш нар сагс, волейболоор хичээллэдэг, дүүрэг, нийслэлийн хэмжээнд чамгүй амжилт гаргадаг.

Тухайлбал, сургуулийн эрэгтэй баг тамирчид болон багш нарын эрэгтэй баг тамирчид өнгөрсөн онд дүүргийн волейболын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон. Бид багш, сурагчдаа энэ тал дээр дэмжиж, бэлтгэл сургуулилалт хийх боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг зорьдог. Шинэ зааланд сагс, волейбол, жүдо гээд олон төрлийн спортоор хичээллэх боломжтой болж байна. Стандартад нийцсэн, тухтай сайхан заал барих ажилд дэмжлэг үзүүлсэн нийслэлийн удирдлага, тэр дундаа Засаг дарга Д.Сумъяабазарт талархлаа илэрхийлье” хэмээсэн юм.

Биеийн тамирын шинэ заал ашиглалтад орсон талаарх сэтгэгдлээ сургуулийн багш, сурагчид илэрхийлэв.

Зургаадугаар ангийн сурагч Г.Соёл-Эрдэнэ:

-Би дөрөвдүгээр ангиасаа хойш жүдогоор хичээллэж байгаа. Жүдогийн аварга Х.Цагаанбаатар, бас Спортын төв ордныг хараад сэтгэл хөдөлж байсан, тэгээд л энэ спортоор хичээллэхээр шийдсэн. Бид долоо хоногт дөрвөн удаа бэлтгэл хийдэг. Хамгийн сүүлд сургуулиа төлөөлөөд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Өчигдөрхөн нь л жингээ хасах гээд хөлсөө урсгаж байснаа маргааш нь тэмцээндээ амжилттай ороод медаль авах хамгийн сайхан мэдрэмж. Шинэ заал маань их таалагдаж байна, илүү зайтай болохоор олуулаа бэлтгэл хийдэг гэсэн юм.

Арванхоёрдугаар ангийн сурагч А.Пүрэвбаатар:

-Би зургадугаар ангиасаа эхлээд сагс, волейболоор хичээллэж эхэлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дүүрэг болон нийслэлийн хэмжээнд болсон тэмцээнүүдэд сургуулиа төлөөлж оролцож байгаа. Хуучин заал маань арай жижиг байсан. Шинэ заал том тул бэлтгэл хийхэд тухтай, шал нь халтирдаггүй учир гэмтэл авахаас сэргийлдэг. Дүү нар маань цаашид ийм орчинд сурч, спортоор хичээллэх болсонд баяртай байгаа хэмээв.

Биеийн тамирын багш Т.Ганцэцэг:

-Ганцхан заалтай байхад нэг ээлжинд хоёр анги, эсвэл гурван ангийг нийлүүлж хичээллэхээс өөр аргагүй байсан. Тэгэхээр амралтын өдрүүдэд бэлтгэл сургуулилалт хийдэг байлаа. Одоо харин спорт заалны хүртээмж нэмэгдэхээр тамирчид маань бэлтгэлээ тогтмол хийнэ, үүнийг дагаад амжилт гаргах боломж нь ч нэмэгдэж байна гэж онцолсон.

Эх сурвалж: НЗДТГ

Молдавыг тогтворгүй болгох Оросын 10 жилийн төлөвлөгөө илчлэгдлээ
Молдавыг тогтворгүй болгох Оросын 10 жилийн төлөвлөгөө илчлэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.