/2023.03.17/: ОХУ-ын Аюулгүй байдлын алба ФСБ-ын боловсруулсан нууц төлөвлөгөөнд Оросыг дэмжигч бүлгүүдийг дэмжих, Ортодокс сүмийг ашиглах, байгалийн хийн нийлүүлэлтийг тасална гэж заналхийлэх зэрэг Молдавыг тогтворгүй болгох нарийвчилсан хувилбаруудыг тусгасан байна.
Энэхүү төлөвлөгөөг VSquare болон Frontstory, RISE Moldova, Шведийн Expressen, Доссьер эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төв болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдэл олж авч, ил болгосон байна.
Уг баримт бичигт Украин, Румыны хооронд хавчуулагдсан хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Молдавыг Оросын нөлөөнд оруулах 10 жилийн стратегийг тусгасан байна.
Төлөвлөгөөнд Молдавыг Оросын байгалийн хийн импортоос хараат болгох, нийгмийн зөрчилдөөнийг өдөөх, мөн Оросын 1500 орчим цэрэг байрлаж байгаа салан тусгаарлах бүсэд нөлөө үзүүлэх Молдавын хүчин чармайлтыг хаах оролдлого багтаж байна.
Таван хуудас бүхий баримт бичгийг богино, дунд, урт хугацааны зорилго бүхий олон хэсэг болгон хуваажээ. Ойрын зорилтуудын дунд "Оросын Холбооны Улстай бүтээлч харилцаа тогтоохыг дэмжигч Молдавын улс төрийн хүчнүүдийг дэмжих", "Бүгд Найрамдах Молдав Улсын Приднестровье дахь Оросын цэргийн оролцоог устгахад чиглэсэн санаачилгыг саармагжуулах" зэрэг багтжээ.
Дунд хугацааны зорилтод "Бүгд Найрамдах Молдав Улс дахь Румын улсын тэлэх бодлогыг эсэргүүцэх", "Бүгд Найрамдах Молдав Улс болон НАТО-гийн хамтын ажиллагааг эсэргүүцэх" зэрэг багтана.
ФСБ-ын баримт бичигт "Молдавын улс төр, эдийн засгийн элитүүдэд тогтвортой Оросыг дэмжигч нөлөө бүхий бүлгүүдийг бий болгох", "НАТО-д сөрөг хандлагыг бий болгох" зэрэг урт хугацааны зорилтуудыг тусгасан байна.
Пүрэв гарагт уг баримт бичгийн талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад “Ийм төлөвлөгөө байгаа талаар бид юу ч мэдэхгүй. Энэ бас нэг хуурамч зүйл байхыг үгүйсгэхгүй. Орос улс Молдавыг оролцуулаад сайн хөршийн найрсаг, харилцан ашигтай харилцаа тогтооход үргэлж нээлттэй байсаар ирсэн. Молдавын одоогийн удирдлага Москвагийн эсрэг үндэслэлгүй өрөөсгөл ойлголттой байгаад бид маш их харамсаж байна" гэжээ.
Эх сурвалж: CNN