У.Хүрэлсүх: Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд 12-рт орж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд 12-рт орж байна

/2021.9.1/ Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт сурагч, оюутан залууст хандан мэндчилгээ дэвшүүллээ. Товчлон сийрүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

Цар тахлын улмаас хоёр жил шахуу танхимын сургалтаас холдсон болохоор энэ жил та бүхэн минь ангийн анд найз нөхөдтэйгээ уулзах гэж зүрх сэтгэл нь догдлон байгааг ойлгож байна.

Ковид19 цар тахлыг зогсоох зорилгоор нийтийн эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болгож сургуулийн үйл ажиллагааг зогсоосноор боловсролын системд дэлхий даяар урд өмнө байгаагүй сорилтууд тулгарч байна.

ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг арилгах, цогц чанартай төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Бид бэрхшээл дундаас боломжийг олж харж чадах нь чухал юм.

Цаашид цар тахлын дараах боловсролын үйл ажиллагаанд танхим, цахим сургалтын үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлж, мэдээлэл технологийн салбарын ололтыг ашиглан боловсролын тэгш боломжийг үүсгэх, сайн багшийн хичээлийг хүүхэд бүр үзэх боломжийг анхааран, зайны сургалтын стратегийг хангах шаардлагатай байна.

Ингэхдээ хүүхэд бүр зайны сургалтад хамрагдах боломжийг судалж, шат дараатай хэрэгжүүлэх боломжийг хангах хэрэгтэй.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд оюутан залуус аа!

Монголчууд эртнээс эрдэм боловсролыг эрхэмлэн дээдэлж ирсэн билээ. Бие, хэл, сэтгэлээс хамгийн эрхэм нь сэтгэл юм. Хүний сэтгэл сурах, мэдэхэд туйлбартай зүтгэж чадах аваас зорьсон эрдэм, үйлс бүтдэг жамтай.

Уудам сэтгэж, томоор мөрөөдөж, алсад зорьж, зорилгодоо итгэж, чин сэтгэлээр зүтгэсэн хүн амжилтанд хүрдэг. Залуус та бүхэн энэхүү үгийг сайтар тунгаан бодож мөрөөдөлтэй байж, мэргэжилдээ эзэн болохыг хичээнгүйлэн захиж байна.

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд ээ!

Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос хэмээх зүйр цэцэн үг бий. Боловсролын салбарын чанарын суурь асуудал нь сайн багш, сурах эрмэлзлэлтэй сурагч юм. Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэнээс улсын хөгжил хамаарна. Эрдэмтэн багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэн өөрсдийгөө байнга чадавхжуулж, суралцах үйл явцад нь туслагч, зөвлөгч нь байж мөрөөдлөө биелүүлэхэд нь туслаарай.

Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд 12-рт, насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдсанаараа 11-рт байгаа хэдий ч хүний хөгжлийн индексээр 189 орноос 92, боловролын индексээр 189-с 103-т, оюуны чадавхаа ашиглах ур чадвараар 49-т, мэдлэг чадвараа хэрэгжүүлэх үзүүлэлтээр 59-рт тус тус орж байна. Монгол Улс шинжлэх ухаан технологийн салбараа хөгжүүлэхэд зөвхөн эх орондоо байгаа эрдэмтдээ төдийгүй дэлхий дахинд байгаа иргэдээ хил хязгааргүйгээр татан оролцуулах нь чухал байна.

Хятадад хүүхдүүдийг видео тоглоом тоглохыг хориглолоо
Хятадад хүүхдүүдийг видео тоглоом тоглохыг хориглолоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.