/2023.02.08/: Сүүлийн өдрүүдэд иргэд понзи схем болон пирамидын луйварт ихээхэн мөнгөө алдсан харамсалтай мэдээллүүд ар араасаа гарч байна.
Эдгээрээс дутахааргүй их хохирлыг авчраад байгаа 1XBET гэх спортын мөрийтэй тоглоомын сайт залуусын дунд эрэлт ихтэй байна.
Тэгвэл энэхүү мөрийтэй тоглоомын сайтын үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг Шударга өрсөдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Харилцаа холбооны зохицуулах хороонд өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан ч одоо болтол дорвитой ажил хийгдээгүй байгаа аж. Энэ тухайгаа тус газрын дарга С.Мөнхчулуун өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Тэрээр,
"Коины асуудал нэг талдаа гарч байх шиг байна. ТВ-ээр нэвтрүүлдэг хонжворт сугалааг цэгцлэх журам ХХЗХ-оос гаргасан ч хэрэгжилт нь тааруу байгаа. Одоо эдгээрээс дутахгүй нэг асуудал үлдээд байгаа нь зөвшөөрөлгүй бооцоот тоглоом, төлбөрт таавар явуулдаг цахим сайтын асуудал байна. Иймд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 1ХВЕТ.МН гэх сайтын үйл ажиллагааг хязгаарлах тухай албан бичгийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж байсан. Хууль бус, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, иргэдийг хохироож буй эдгээр газруудыг бага дээр нь цэгцлэхгүй бол олон иргэд хохирсоор байгааг Н.Учрал сайд та анхааралдаа авна уу!
ТВ-ээр нэвтрүүлдэг сугалаа, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхэлдэг цахим сайтын асуудлыг нэг мөр цэгцлэх ажил таны харьяаны ХХЗХ дээр удаашралтай байсаар байна.