/2023.01.31/: Монголын бүх ард түмний спортын өвлийн XIV наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам “Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт” уриан дор хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймагт болох гэж байна.
Энэ жилийн хувьд өвөл, зуны спортын наадмууд аль аль нь зохион байгуулагдана. Тиймээс сонгон шалгаруулалтад Баянхонгор аймаг, Орхон аймаг өрсөлдөж барилга байгууламж, өвлийн спортын тэмцээн хүлээн авах туршлага зэргийг үндэслэж Орхон аймгийн Эрдэнэт хотноо “Монголын бүх ард түмний спортын өвлийн XIV наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам”-ыг зохион байгуулах эрхийг олгосон.
Тус аймаг нь өмнө нь өвлийн спортын наадмын төрлүүдийг зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал, спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, коккейн төрлүүдээр 10 удаагийн тэмцээн уралдааныг 2003 оноос хойш зохион байгуулж ирсэн. 2015 онд тэшүүрийн өсвөр үеийн улсыын аварга шалгаруулах тэмцээн, 2013,2015,2017,2020 онд Хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан туршлагатай.
САЙН ДУРЫН АЖИЛЧИД
Улсын хэмжээний томоохон спортын наадмыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахад давхардсан тоогоор 170 гаруй төрийн байгууллагын албан хаагчид болон сайн дурын ажилтан гар бие оролцож байгаа юм байна. Аймаг, орон нутгийнхаа онцлогийг гаргаж, орон нутгаа сурталчлах нь зохион байгуулагч аймгийн давуу тал юм.
“ГАЛХҮҮ”
Орхон аймаг, Эрдэнэт хотын бэлгэ тэмдэг хүчит арслангаар Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмыг бэлгэдсэн бол Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын бэлгэдэл уламжлал ёсоор “ГАЛХҮҮ” байна. Хүүхдийн наадмын спортын наадмын лого нь алтан соёмбот үсгийн нар, сар, гал гурвын дүрслэл бөгөөд дараа дараагийн хүүхдийн спортын наадмын далбаа болж зохион байгуулах эрх авсан аймаг, хот, дүүрэгт шилжин явах онцлогтой юм. Наадмын бэлгэдэл “Галхүү”-г хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг билэгдсэн. Наадмын бэлгэдлийг хүүхдүүдэд танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрлэжээ. Мөн Орхон аймаг, Эрдэнэт хотыг зэс, оюу өнгөөр тодорхойлжээ. Шаргал өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг, цайвар цэнхэр өнгөөр мөсийг бэлгэдсэн нь энэ удаагийн өвлийн спортын наадмын өнгө төрхийг тодорхойлжээ.
ХЭЧНЭЭН ТӨРӨЛД БОЛОХ ВЭ?
Өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, снөүборд гэсэн зургаан спортын төрлийн зай, ангиллаар зохион байгуулна. Одоогоор нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгаас 700 тамирчид дасгалжуулагчид оролцохоор мандатаа авчээ. Тэмцээн болох өдрүүдэд Орхон аймагт тамирчид, дасгалжуулагчид, жуулчид гэх 2300-2500 зочид ирэх тооцооллыг гаргасан байна.
ТЭМЦЭЭН БОЛОХ БАЙРШИЛ: ЭРДЭНЭТ ХОТ
- Цэнгэлдэх хүрээлэн- Өвлийн наадмын гүйлтийн тэшүүр, шорт трейкийн тэмцээн
- Орос 19-р сургууль- Шайбтай хоккейн тэмцээн
- Сархиа цанийн бааз- Гүйлтийн цана, уулын цана, снөүбордийн тэмцээн
Эх сурвалж: БТСУХ