Сүүлийн үед дэлхий дахинаа понзи схем болон пирамид сүлжээр луйвардан мөнгө олох арга ихсэж тэр хэмжээгээр арга хэрэгсэл нь нарийсч байна.
Энэ луйврын схемийг ядуу буурай орнуудын иргэдийн санхүүгийн мэдлэгийн хомс байдлыг ашиглан явуулдаг онцлогтой.
Санхүүгийн пирамид нь сүлжээний маркетинг дээр суурилдаг бөгөөд мөнгө олохын тулд оролцогчдоос шинэ гишүүн элсүүлэхийг шаарддаг. Харин понзи схем нь хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ гэж танилцуулдаг тул оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь хууль ёсны ашиг мэт ойлгогддог. Үүний тод жишээ нь Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулсан Бэлтэс Мөрөн юм. Манай улсад энэ хоёр зүйлийг нэгдсэн байдлаар ашиглаж байна.
Манай улсын хувьд G-time, Onecoin, PLCU зэрэг энэ төрлийн луйврын сүлжээ орж ирэн иргэдэд их хэмжээний хохирол учруулаад байсан нь саяхан. Гэвч иргэд хууртсаар л байгаагийн тод жишээ FT GROUP болов. Албан бус эх сурвалжийн мэдээллээр уг сүлжээнд урьдчилсан байдлаар энэ тавхан сарын дотор 8,5-н сая доллар энэ залилангийн замаар гадагшаа гарчээ. Энэ тоо цаашид ч өсөх нь дамжиггүй. Зөвхөн дээрх гурван санхүүгийн луйврын талаар товчхон мэдээлэл өгье.
ONECOIN
Өмнө нь Onecoin-д манай улсын 14 мянган хүн хохирч байв. Энд ганц манай улс төдийгүй дэлхий даяар 4 тэрбум доллар алдсан юм. Эзэн хүүхэн нь гоо сайхны хагалгаанд орж, зүсээ хувиргаснаар алга болж, олдохгүй байгаа гэдгийг АНУ-ын ХМТ мэдээлж байв.
Игнатова гэх эмэгтэй өөрийгөө "Криптохатан" хэмээн нэрлэж, өөрийн OneCoin компанийг өсөн нэмэгдэж буй криптовалютын зах зээлд Биткойны томоохон өрсөлдөгч хэмээн сурталчилж хөрөнгө оруулагчдыг татжээ.
Гэвч OneCoin нь шинэ хөрөнгө оруулагчдаас олж авсан мөнгөөр эрт хөрөнгө оруулагчдад зохиомол ашиг өгч байсан аж. Мэдээж ингэхдээ ямар ч бодит бүтээгдэхүүн гаргахгүйгээр хөрөнгө оруулагчдыг элсүүлж байсан нь батлагдсан юм. Тус компани нь бодит блокчэйнээр бүртгэгдээгүй, криптовалют гаргах, эргэлтэд оруулах ямар ч ажил хийгээгүй бөгөөд үнэндээ тус койныг олборлох ямар ч боломжгүй байсан аж.
G-TIME
G-Time сүлжээний хувьд манай улсын 11 мянган иргэн оролцож, 25 тэрбумыг луйвардуулсан. Харин Хөвсгөлийн Бэлтэс мөрөн понзи схемээр иргэдийн 45,3 тэрбумыг луйварджээ.
Манай улсад үйл ажиллагаа явуулахдаа Оюуны өмчийн газарт “Гадаад худалдаа”-ны чиглэлээр бүртгүүлсэн байв. Тус компани Казахстаны нэгэн ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч бодитоор үйл ажиллагаа эрхэлдэггүй байсан нь тогтоогдсон. Мөн л дээрхи луйвартай адил өмнө нь орсон хөрөнгө оруулагчдын мөнгийг шинээр элсэж буй хөрөнгө оруулагчдад ашиг болгон хүртээснээр иргэдийн итгэл нэмэгдэж доороо хүн нэмж элсүүлсээр байсан юм.
PLCU
Анх PLC гэх нэрээр гарч ирээд манайх шиг ядуу буурай орнуудыг луйвардаж байгаад дампуурлаа зарлаж алга болсон. Харин эргэж ирэхдээ өмнөх дампуурсан компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч гэх этгээд нь PLCU гэх нэрээр гарч ирснийг манай СЗХ-оос хүртэл мэдээлж байв.
Тус Platin Coin-ийн цахим хуудас нь 18 орны хэлээр орчуулагдсан бөгөөд 2016 онд домэйн /www.platincoin.com/ нь бүртгэгджээ. Үүний дараагаар домэйныг www.plcultima.com болгон шинэчилж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 9 орны хэлээр орчуулсны нэг нь Монгол хэл юм. Уг компанийн гүйцэтгэх захирал Алекс Рейнхардт нь өмнө нь SwissCoin буюу Platin Coin гарч ирсний дараахан дампуурсан понзи схемийн томоохон гишүүдийн нэг байсан гэж үздэг.
Эдгээр понзи схемүүдийн луйвраа хийх сүүлийн арга барил нь дэлхий дахинаа хүмүүсийн анхаарлыг ихээр татаад буй криптовалют буюу койны нэрийг барих юм. Понзи схем нэвтрүүлэгчид сүүлийн үед энэхүү схемээ койн гэх үгээр далдалж хэрэглэгчдийн дунд зориудаар төөрөгдөл үүсгэж байна.
Понзи схемийг хэрхэн таних вэ?
Понзи схем болон санхүүгийн пирамидын гол шинж чанаруудыг тодруулахыг хичээцгээе.
- Таньд өгөх ашиг нь банкны хадгаламжийн хүү болон хөрөнгийн зах зээлээс олох ашгаас хэд дахин өндөр байх;
- Маш богино хугацаатай. Сар - хагас жил - жил. Анхны хөрөнгө оруулагчдын ашгийг шинээр орж ирж байгаа хөрөнгө оруулагчдын мөнгөөр олгодог бөгөөд ингэснээр урт хугацаанд үргэлжлэх боломжгүй байдаг.
- Маш хүчтэй зар сурталчилгааг ихээр явуулдаг. Хүн элсүүлсэн тохиолдолд нэмэлт урамшуулал олгох, гадаад улсуудаар аялуулах гэх мэт
- Компани нь яг юунд хөрөнгө оруулалт хийж байгаа, яаж ийм өндөр өгөөж авдаг тухай тайлбарладаггүй бөгөөд тэр асуудлыг хөндөхөд маш тойруу тайлбар өгдөг.
Энэ мэт луйврууд ихсэхийн хирээр иргэд койныг яг адилхан луйвар мэтээр ойлгож байна.
Койн нь хамгийн энгийнээр цахим үнэт цаас бөгөөд та койн эзэмшихийн тулд крипто бирж дээр бүртгэл үүсгэж өөрийн мөнгөө байршуулснаар зах зээл дээрээс тухайн үеийн ханшаар худалдан авах боломжтой байдаг.
Койноос ашиг хүртэх нь:
Өөрийн худалдан авсан койноо хадгаламж хэлбэрээр хадгалуулж банкны хүүнээс бага зэрэг өндөр хүүг авах боломжтой байдаг. Харин эрсдэлтэй тал нь таны койн хадгалагдаж байх хугацаанд тухайн койны ханш унаж бас өсөж ч болдог. Мөн зах зээлийн ханшийн хэлбэлзлийн зөрүүнээс мөнгө олж болдог бөгөөд худалдан авсан ханшнаас дээш гарсан тохиолдолд хүссэн үедээ зарж өөрийн мөнгөө банкныхаа дансанд авч болдгоороо дээрх понзи схем болон пирамид гэх луйвраас ялгаатай юм.
Гэхдээ та арилжаанд оролцох гэж байгаа бол эхлээд заавал сурч мэдэх, судлах, унших шаардлагатай бөгөөд койн болгон уналтаас дээш өсөж чаддаггүй зарим нь бүр замхран алга болох ч боломжтой байдгийг сайтар анхаарах хэрэгтэй.
Хэрэв таньд койн гэх нэртэй хэдий ч өндөр ашиг амласан, бага хэмжээний мөнгө тушааж тогтмол өндөр ашиг хүртэхийг уриалсан, хөрөнгө оруулалт шаардаж эрсдэлгүй байнгын ашиг амлаж байвал тэр бүхнээс зайлсхийж өөрийгөө санхүүгийн эрсдлээс хамгаалаарай.
Эцэст нь хэлэхэд "Зорьсондоо хүрэх хамгийн хурдан алхам бол зогсолтгүй бага багаар урагшлах юм"