/2023.01.23/: 2016 оны зургаадугаар сар бол криптовалют ид шуугиан тарьж, хөрөнгө оруулагчид бэлэн мөнгө олох гэж улайран зүтгэж байсан үе юм.
Игнатова гэх эмэгтэй өөрийгөө "Криптохатан" хэмээн нэрлэж, өөрийн OneCoin компанийг өсөн нэмэгдэж буй криптовалютын зах зээлд Биткойны томоохон өрсөлдөгч хэмээн сурталчилж байв.
Үйл явдлаас жил гарны дараа Игнатова Болгарын Софи хотод онгоцонд суугаад сураггүй болсон бөгөөд түүнээс хойш хэн ч түүнийг хараагүй байна.
Игнатова нь АНУ болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөрөнгө оруулагчдыг өөрийн компани руу авдар авдраар нь мөнгө шидэхийг ятгаж байсан бөгөөд OneCoin нь хүмүүсийг 4 тэрбум доллараар залилсан пирамид схем байсан аж. Холбооны улсын прокурорууд OneCoin-ийг олон улсын хамгийн том залилангийн схемүүдийн нэг гэж тодорхойлсон байна.
Тэрээр одоо Холбооны мөрдөх товчооны хамгийн их эрэн сурвалжлагдаж буй 10 оргодолын нэг юм. Энэхүү 10 хүний тоонд гэмт бүлэглэлийн удирдагчид болон алуурчид багтсан байдаг бөгөөд ганц эмэгтэй нь Игнатова юм.
Игнатова болон түүний түншүүд "OneCoin нь "биткойны алуурчин" буюу орлох ганц зоос болно гэж мэдэгдэн, хохирогчдыг хэдэн тэрбум доллараар хуурсан" гэж Нью-Йоркийн ахлах прокурор Дэмиан Уильямс өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Игнатоваг 2017 оны аравдугаар сард алга болсноос нь хойш түүний зургийг Холбооны мөрдөх товчооны вэб сайт болон дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүдээр тараасан байна. Тэрээр мөн Европт хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа оргодлуудын нэг аж.
Холбооны мөрдөх товчооны эрэн сурвалжилж буй зурагт хуудасны доод талд "Игнатова зэвсэгт хамгаалагчид болон хамтран ажиллагсадтайгаа хамт явсан. Мөн гоо сайхны мэс засал хийлгэж гадаад төрхөө өөрчилсөн байж магадгүй" гэж анхааруулсан байна.
IRS-ийн тусгай төлөөлөгч Жон Р.Тафур “Onecoin криптовалют нь зөвхөн хөрөнгө оруулагчдыг хуурах зорилгоор байгуулагдсан” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN