Өнгөрсөн 30 жилийг дүгнэн хэлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгийг БҮРЭН ЭХЭЭР НЬ хүргэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн 30 жилийг дүгнэн хэлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгийг БҮРЭН ЭХЭЭР НЬ хүргэж байна

Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөлчуулга уулзалт энэ долоо хоногт болсон. Энэ үеэр Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүхэлд нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Монгол Улсын өнгөрсөн 30 жилтэй холбоотой үнэлэлт дүгнэлтийг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын хувьд хэрхэн үзэж байгаа вэ гэдэг илтгэлийг тавья. Нэлээн нухацтай хандахыг хичээлээ. Хоёр үндсэн зүйл дээр тулгуурлаж илтгэлийг тавина. Нэгдүгээрт, миний гарт БНМАУ-ын АИХ-ын 1991 оны арванхоёрдугаар сарын 16-наас эхлээд Үндсэн хуулийг хэлэлцэх үеийн протокол бүхлээрээ байна. Энэ илтгэл бол 30 жилийн өмнө, яг энэ танхимд цуглаад, дараагийн 30 жилээ төсөөлөн ярьж байсан эх материал. Аливаа үнэлэлт дүгнэлтийг фактанд тулгуурлаж хийх ёстой. Тиймээс энэ протоколыг харах ёстой. Ярианы маань сэдэв энэ протокол дээр тулгуурлах болно.

Нөгөө талд Ардчилсан хувьсгал анх өрнөж байхад, 1980 онд төрсөн залуусын хувьд тухайн үед дунд сургуульд сурч байсан цаг. Бидний хувьд ардчилсан хувьсгалын өөрчлөлт амьдралд хэрхэн буусныг гэрчлэх амьд гэрч нар. Тухайн үед сурах бичиг өөрчлөгдөөгүй байсан зарим агуулгыг хайчилж байгаад багш нар заадаг байсан цаг үе. Монгол бичиг рүү шилжиж байсан тийм цаг үе. 1998 оны төгсгөчид бид наймдугаар ангид орж байхад, зарим нь дэвшиж, боловсролын шилжилтийн цаг үеийн хүүхдүүд. Нийгэм өөрчлөгдөхөд аав ээж, ах дүү, эмээ өвөөгөө харж нийгэм хэрхэн шилжиж байгааг ажиглаж байсан энгийн иргэн. Өнөөдөр өнгөрсөн 30 жил юу болов гэдгийг чин сэтгэлээсээ ярихыг хүссэн. Алдаа оноотой зүйл ярьвал уучлахыг хүсье. Бие биедээ тал засаж, үнэнийг хэлэхгүй тойрч явах тусам ирээдүйд улам хүндэрнэ.

15-30 ЖИЛИЙН ХУГАЦААНД МОНГОЛ УЛС НЭГ УДАА ЦОГЦ РЕФОРМЫГ ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТ ХИЙЖ БАЙСАН ЦАГ ХУГАЦААНЫ ДАВХЦАЛ БАЙНА

Эргээд харвал, Монгол Улс 1924 оны 11 сарын 15-нд 6 бүлэг 50 зүйл бүхий Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд найрамдах засаглалд шилжиж чадсан. 1940 онд хоёр дахь Үндсэн хуулийг баталсан. Энэ хуулиар нийгэм журамд шилжин орох, хөрөнгөтний бус замаар хөгжих алхмыг хийсэн. 1960 онд гурав дахь ҮХ-ийг баталсан. Социализмын бааз суурийг бататгах, нийгмийг төлөвшүүлэх хууль байв. 1992 онд дөрөв дэх ардчилсан Үндсэн хуулийг баталсан. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах зорилготой байв.

Дунд нь байгаа хугацааг ажиглавал 15-30 жилийн хугацаанд Монгол Улс нийгэмд нэг удаа цогц реформыг иргэдтэйгээ хамт хийж байсан цаг хугацааны давхцал байна.

1987 оноос эхлээд хуучин ЗХУ тэргүүтэй социалист системд өөрчлөлт салхилж эхэлсэн. Дэлхий даяар ардчилсан хувьсгалын давалгаа явагдсан. 1989 оны хоёрдугаар сарын 2-нд БНМАУ-ын ҮХ-ийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг байгуулж, Ж.Батмөнх гуай ахалж байв. Ингээд 1990 онд ардчилсан хувьсгал болж, нийгмийн өөрчлөлттэй холбоотой нийгмийг өөрчлөх, зөвшилцлийн ажлын хэсгүүд байгуулагдаж, 1990 оны тавдугаар сард ҮХНӨ батлагдаж, 7 сард чөлөөт ардчилсан сонгууль болж, Ардын их хурал, Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай парламент ажиллаж эхэлсэн түүхтэй. Өнөөдөр ч Үндсэн хууль тогтоогчид маань амьд сэрүүн байгаа нь үнэ цэнтэй зүйл юм.

1990.10.4-нд МУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулсан Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс байгуулагдсан. Шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны зургаадугаар сарын 10-наас есдүгээр сар хүртэл ард нийтээр хэлэлцүүлж, 200 мянга гаруй саналыг гаргаж, том хэлэлцүүлэг болж байв. АИХ 1991 оны 11 сарын 11-ний өдрөөс хүртэл 1992 нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл хэлэлцэж одоогийн бидний хэрэглэж буй ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байлаа.

Тухайн үед 1990 оны 9 сарын 3-нд АИХ-ын сонгуулийн нутаг дэвсгэрийн комиссын дарга Ж.Гүррагчаа илтгэл тавьж, тайланг өгүүлж байв. Сонгогчдын 98 хувийн саналаар 492 депутат АИХ-д сонгогдсон. Энд 4 намаас сонгогдож байв.

30 ЖИЛД ЭДИЙН ЗАСАГ 13-17 ДАХИН ТЭЛСЭН Ч ЯДУУРАЛ,
ИРГЭДИЙН АМЬДРАЛД ӨӨРЧЛӨЛТ ГАРСАНГҮЙ

Өнгөрсөн 30 жилд сайн, саар зүйл аль аль нь байсан. Аль ч улс орны хөгжлийг хүн амын өсөлт, хүний хөгжлийн индекс гэсэн үзүүлэлтүүдээр хэмждэг. Монгол Улсын хүн ам 1992 онд 2,2 сая байсан бол өнөөдөр 3,4 сая болж өссөн. Энэ бол өнгрөсөн 30 жилийн нэг том ололт юм. Нийгмийн олон талт харилцаа руу орсон. Тухайн үед нэг нам давамгайлсан, хаалттай нийгэм байсан бол өнөөдөр олон иргэний нийгмийн байгууллага, улстөрийн нам, бизнесийн олон сонирхол төлөөлөлтэй, иргэд цахим ертөнцөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, ардчилсан үнэт зүйлсийг нийгмийн бүх давхарга өндөр түвшинд авч, Ази Номхон далайн бүсдээ ардчилал, эрх чөлөөний үзүүлэлтүүдээр дээгүүрт явдаг улс орон.

Эдийн засаг 13-17 дахин тэлсэн. Нээлттэй улс болж, гурав дах хөршийн хөрөнгө оруулалт, нээлттэй гадаад харилцаа нэмэгдсэн.

Хэдийгээр эдийн засаг 13 дахин тэлсэн ч иргэдийн дундах ядуурал, амьдралын чанар яг хэвээр байна. Одоо хүртэл гэр хороолол хэвээрээ, амьдралд бодитой өөрчлөлт гараагүй. Энэ бол энэ том эдийн засаг цөөн хүний гарт төвлөрч байна гэдэг дүгнэлт. Хүссэн түвшинд эдийн засаг тэлсэнтэйгээ адил амьдралын чанар тэлж чадсангүй.

Орлогын тэгш бус байдал үүссэн гэдэг дүгнэлт хийхээс өөр гарцгүй. Нийт хадгаламжийн 75 хувийг хадгаламж эзэмшигчдийн 3% эзэмшиж байна. Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Уул уурхайн баялаг ард иргэдэд хэр хүртээмжтэй байна вэ гэдэг асуултыг өнөөдөр тавих ёстой. Бид баялгийг зохистой ашиглах талаар олон удаа ярьсан ч бодитой шийдэл өнөөдрийг хүртэл олж чадахгүй явж байна. Энэ бол 30 жилийн дараах том дүгнэлт юм.

Урт хугацааны хөгжлийн бодлого алдагдсан. Монгол Улс төлөвлөгөөний комисстой, асуудлыг урт хугацаанд төлөвлөж чаддаг, эрдэмтэн сэхээтнүүдийнхээ үгийг сонсдог, судлаачид дээрээ тулгуурлаж хөгжлийн бодлого тодорхойлдог байсан. 30 жилийн хугацаанд засаглал тогтворгүй, Засгийн газрууд нь 1,5 жилийн настай, маш олон сайд солигддог байлаа. Шулуухан хэлэхэд галзуу хулганад суусан юм шиг 30 жил байлаа. Хоёрхон Ерөнхий сайд хугацаандаа бүрэн эрхийн ажилласан. П.Жасрай, Н.Энхбаяр нарын Засгийн газар байв. Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хэт олон хуваагдсан. 76 ерөнхий сайдтай мэт ажилласан. Энэ бол өнгөрсөн цаг хугацааны гашуун боловч үнэн бодит төрх.

Үүнээс болж сахилга хариуцлагагүй байдал бүх шатанд нүүрлэсэн. “Тэртэй тэргүй удахгүй юм чинь” гэж бүх төрийн албан хаагчид бодох болсон. Ах дүү хамаатан саднаасаа эхлээд сонгуулийн менежерээ төрд тавих нь дараагийн сонгуульд ялах боломж гэж улстөрчид харсан.

Үүнээс болоод төрийн албаны мерит зарчим алдагдсан. Нэг жишээ нь, авлигын төсөөллийн индексээр байнга ухарсаар ирсэн. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулахгүй байна, улстөрийн намуудын санхүүжилт ил тод биш, шүгэл үлээгчийн эрх зүйн орчин бүрдэхгүй байна гэдэг асуудлууд өндөр түвшинд тавигдсаар ирсэн. Энэ ч бас бодитой. Өнөөдөр төрийн өмчийн компанийн нэг хурган даргын гэрээс хэдэн төгрөг олдож байгаагаар илэрхийлэгдэнэ. Хэрхэн таслан зогсоох вэ гэдэг нь том сорилт. Хатуу сахилга бат, дэг журамтай, эрх чөлөөнөөс илүү үүрэг хариуцлагаа давхар авч явах дүгнэлт 30 жилийн дараа эргэн ирж байна.

Энэ бүх зүйлээс, тогтворгүй засаглал, авлигын индекс өндөр байсны нэг илэрхийлэл нь Улаанбаатар хот. Тухайн үед 596 мянган хүн амтай байх үед V цахилгаан станц болон бусад асуудлыг ярьж байсан, харамсалтай нь орхисон. Өнөөдөр УБ хотын эрчим хүч нь хүнд байдалд орсон, газрын маш том наймаа явсан, дэд бүтцээ тойрсон хорооллууд баригдсан, хорооллууд цэцэрлэг сургуульгүй байснаас оргил цагуудад түгжирдэг болсон. Энэ бүхнийг том түвшинд шийдэх гэхээр улстөрөө дийлдэггүй. Ингээд гал унтраах байдлаар аргацаагаад дараагийн сонгуулийн дараа гэж явсаар өнөөдрийн түвшинд хүрч, УБ хот 0 зогсолт хийлээ.

Өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд бодлогогүй явсны нэг жишээ нь УБ хотын өнөөдрийн арчаагүй байгаа байдал мөн гэж хэлмээр байна.

МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨР ДНБ-ЭЭСЭЭ ХОЁР ДАХИН, УЛСЫН ТӨСВӨӨСӨӨ
4-5 ДАХИН ИЛҮҮ
ГАРАХ ХЭМЖЭЭНИЙ ГАДААД ӨРТЭЙ

Монгол Улсыг айл гэж үзвэл бид уртаашаа өргөөшөө 40 их наяд төгрөг үйлдвэрлэдэг. 40 их наядын эдийн засагтай. Гадаад өр маань 96 их наядад хүрсэн. ДНБ-ээсээ хоёр дахин их хэмжээний гадаад өртэй. Улсын төсвөөсөө 4-5 дахин илүү гадаад өртэй. Ямар ч бүтээн байгуулалт хийхгүй явлаа гэхэд 10-аад жил явж байж ард нь гарна. Энэ нь Засгийн газар, хувийн хэвшлийн өр байгаа. Өр тавих буруу биш. Гэхдээ зарцуулалтаа хэр зөв хийсэн бэ гэдэг асуудал. Хөгжлийн банкан дээр үүсэж байгаа асуудлаас харж болно. Зориулалтынхаа дагуу зарцуулагдсан зээл 10% хүрэхгүй. 90 % нь зээл аваад өөр зүйлд зарцуулсан. Улсынхаа нэрээр бонд босгоод бондоо буруу зүйлд хуваарилсан. Бөөн асуудал болж нэг их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, Хөгжлийн банк сая л дампуурлаас гарч байна. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл.

Урсгал зардал улсын төсвийн 77 хувийг эзэлдэг. Энэ дотор төрийн байгууллагын үйл ажиллагааны зардал 5,9 их наяд, цалин хөлс 2,1, тэтгэвэр тэтгэмж 3,6, хүүхдийн мөнгө 1,5 их наяд төгрөг.

Хөрөнгө оруулалтын зардал 23%-ийг л эзэлдэг. Үүний 2,9 их наяд нь өмнөх жилийн хөрөнгө оруулалтыг дуусгах буюу шилжих гээд яваад байдаг. Ингээд байхаар өртөг нэмэгдэж, үр өгөөж багасдаг. Зарим газар 15 жил баригдаад дуусаагүй соёлын төв, 16 жил баригдаад дуусаагүй цэцэрлэг байна.

Сонгуулийн өмнө зураг төсөлгүй эхлүүлчихсэн. Шинэ хөрөнгө оруулалт нэг их наяд ч хүрдэггүй ийм төсөвтэй. Нэлээд их боломжоо түрүүлээд ашиглачихсан.

Энэ жилийн төсвийн хувьд шинэ хөрөнгө оруулалт тавиагүй, өмнөх бүр хөрөнгө оруулалтаа дуусгах зорилт тавьсан. Энэ бол УИХ өмнө 30 жилд хийгдээгүй зориглон баталсан анхны төсөв байлаа. Төсвийн үзүүлэлтийг сйажруулсан. Засгийн газраас орж ирж баригдсан төсөв УИХ дээр нэмэгдээгүйгээр батлагдсан анхны тохиолдол болсон. Цаашдаа бид тойргийн сэтгэлгээгээр биш улсынхаа том асуудлыг харах реформ хэрэгтэй байна.

Экспортын урсгал 93 хувийг уул уурхай эзэлж байна. Энэ уул уурхайн 51% нь нүүрс, 22% зэс, 9% алт, 3% төмрийн хүдэр, мал аж ахуй газар тариалан аж үйлдвэр нь үүнээс бага хувь. Бид 90 хувийг нь нэмүү өртөг шингээхгүйгээр экспортолдлог. Аж үйлдвэржилтийн том бодлогоо өнгөрсөн 30 жил унагаасан. Эндээс та бүхэн яагаад Монгол Улсын Засгийн газар амь өрсөн нүүрс, зэс гээдг хоёр сэдэв дээр төвлөрч байна вэ гэдэг нь харагдана. Энэ хоёр дээр манай эдийн засаг бүхэлдээ тогтож байна.

Энэ хоёр салбараас үүссэн албан бус бүлэглэл хууль хяналтыг баздаг, прокурор, шүүгчдийг томилдог, аль аль намыг санхүүжүүлдэг, гишүүдийг худалдаж авдаг ийм байдалд орсон. Төрийн ордны эргэн тойрон дахь томоохон барилгуудад томоохон банкны эзэд бүгдийг нь дуудаж хурал хийдэг түвшинд Монгол Улс очсон. Үүний нэг том жишээ нь Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалт.

Монголбанк Хөгжлийн банкнаас 14-хөн хоногийн дотор 17 дансаар эх үүсвэр төвлөрүүлж, нэг хүнд төвлөрч энэ худалдан авалтыг хийсэн. Авчирсан нь зөв, гэхдээ арга нь эрхзүйт нийгэмд арай бүдүүлэг.

Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, тагнуулын газрын даргатайгаа бүгд оролцож, зэсийг хянаж, цаашдаа хязгааргүй засаглах түвшин рүү сэдэл нь явсан.

Одоо нүүрстэй холбоотой асуудал ч их хэмжээний далд эдийн засаг байгаа. Машинаар зөөж тээвэрлэж байгаа жолооч нарыг ярьж байгаа юм биш. Тэдний ард байгаа улстөрчдийн асуудлыг би ярьж байгаа юм.

Энэ далд эдийн засгийг ил болговол Монголын эдийн засаг хоёр гуравхан жилийн дотор 2-3 дахин тэлнэ. Энэ бол асуудлыг зүгээр гаргаж тавьж байгаа юм биш, энэ бол бодитой л байдал. Аман дээрээс зарж байгаа нүүрс хил дээр зарахад л хоёр дахин үнэтэй. Энэ бүхнийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай.

Цаашлаад төмөр зам, газрын алба гээд байгууллагууд дээр асуудлыг цэгцлэхээс өөр аргагүй. Нэгдүгээрт энэ асуудлыг ил болгож цэгцэлж байж, эдийн засгийн олон төрөлжилттэй болж байж Монгол Улс цаашаа явна. Дэлхий дээр түүхий эдийн үнэ уначихвал Монголд ид шидтэн байгаад ч нэмэргүй эдийн засаг унана. Энэ нь манай улсыг ихээхэн хамааралтай болгоно. Энэ бүхэн хаагдаахад манай улс 30-40 хоног л тэснэ. Сая хил хаалттай байх хугацаанд маш амаргүй байлаа. Эдийн засаг байнга 4-5%ийн агшилттай байлаа. Цаашлаад бид энэ бүтцийг урт хугацаандаа өөрчлөхгүй бол чөтгөрийн тойрогтоо амьдарсаар байх болно. Үүнийг л орлогын тэгш бус байдал гэж үзэж болно. Энэ бүтээгдэхүүнүүдийг иргэдийн амьдралд нялзаах вэ, яаж жижиг дунд бизнесийг хамгаалах вэ гэдэг нь чухал асуудал.

Банк давхар бизнес рүү ордог ийм алдаатай тогтолцоотой явж ирсэн. Иргэн нь 17%-ийн хүүтэй зээлээр бизнес хийх гэдэг. Банк давхар бизнес рүү орчихдог. Банкны эзний 0%-ийн хүүтэй бизнестэй өрсөлдөхөөр тэр бизнес хэрхэн хөгжих вэ? Энэ агуулгаараа тэгш бус байдал улам гүнзгийрч, жижиг дунд бизнес эрхлэх зах зээлийн чөлөөт өрсөлдөөн улам бүр хумигдаж байна.

Дээрх бүх зүйл Үндсэн хуультай холбоотой юу, үгүй юу гэдэг асуудал гарна. Зарим нь салбарын хуулиар зохицуулагддаг, ёс зүйн асуудал гэж хэлэх нь ч бий. Үндсэн хуулийн үг үсэг өгүүлбэр цэг таслал бүхэн туйлын хамааралтай явж ирсэн гэдгээс нь харах нь зүйтэй. Өнгөрсөн 30 жилийн ололт, алдаа оноо бүхэн ҮХ-тай хамааралтай гэж үзнэ.

Засаглалын хэлбэрээ 1991 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр сонгосон. Энэ өдөр 186 депутат Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зүйтэй гэж үзэж, мөн 186 нь парламентын засаглалтай байхыг дэмжиж, санал тэнцсэн түүхэн өдөр. Эндээс УБХ-аас АИХ руу орох төсөл өөрчлөгдөх улстөрийн суурь энд тавигдсан. Мэдээж тухайн үед өргөн мэтгэлцээн болсон. АИХ-ын депутатуудын санал тэнцсэн тул П.Очирбат гуай үг хэлсэн. Ингэхдээ парламентын ардчилсан улс байх нь зүйтэй юм гэж Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлсэн. Энэ агуулгаараа түүхэн үүргээ энэ хүн гүйцэтгэж, ирээдүйд улам бүр тодрох үүргээ гүйцэтгэсэн. Энэ хүн өөр үг хэлсэн бол МУ Ерөнхийлөгчийн засаглалтай болох байлаа.

Сонгодог парламент, сонгодог ерөнхийлөгчийн засаглалын аль нь зөв, эсвэл буруу гэж хэлэхэд хэцүү. Өнөөдөр бид парламентын засаглалтай байх талд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гуай түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

1992.12.2-ны өдөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шийдэж, 1992.1.13-нд УИХ бол хууль тогтоох дээд байгууллага мөн гэж тогтоосноор Монгол Улс парламентын засаглалтай гэж үзэх үндэс тухайн үед тавигдсан. Энэ дунд нэлээд маргаанууд үүсэж байснаас хоёр гуравхан жишээг үзье. Жишээ нь, С.Зориг “Өнөөдөр бид парламент гэж бүгдээрээ дэмжлээ. Гэтэл батлах гэж байгаа зүйлүүд маань ерөнхийлөгчийн засаглалтай улсад хэрэглэдэг зүйлүүд байна. Парламентын засаглалыг дэмжиж байгаа бол тэрэндээ зохицсон засаглалыг сонгох нь зүйтэй” гэжээ. Гүйцэтгэх засаглал дээр байх хяналт тэнцэл алдагдаж байгаа тухай олон хүн хэлж байсны нэг нь С.Зориг депутат юм. С.Баяр “Бид парламентын засаглалыг сонгож байгаа бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл дээр анхаарах ёстой. Энэ төслөөр ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал руугаа нэлээд орчихсон байна. Засгийн газар эрх мэдлээ эдэлж, хариуцлагаа үүрэх ёстой” гэсэн саналыг илэрхийлж байжээ. Депутат С.Баярын хувьд “Бид сонгодог парламент, сонгодог ерөнхийлөгчийн аль нэгийг сонгох ёстой. Замын дундуур явна гэдэг хариуцлагагүй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ц.Элбэгдорж “Бидэнд нэг зүйл ойлгогдохгүй байна. Парламентын засаглалтай гэх атлаа Ерөнхийлөгчийг нийт ард түмэн сонгочихож байгаа юм байна. Ерөнхийлөгчийн засаглалтай парламентын орон гэх юм байна л даа. Монгол Улс нэгдмэл нэг л байх ёстой. Хоёр засаглалтай байж болохгүй” гэж хэлж байжээ. Гэх мэт маш олон үг протоколд байгаа.

Парламентын засаглалтай улсад ерөнхийлөгчийг парламентаас сонгодог зарчим энэ хүрээд алдагдсан гэж үздэг. Энэ асуудлыг цаашдаа анхаарах ёстой юм. Дан парламентаас Монгол Улсын ерөнхийлөгчийг сонгож баталгаажуулах нь ард түмний эрх мэдэл, сонгоод сурчихсан байгаа энэ үед амаргүй гэдэг дүгнэлтийг судлаачид хийдэг. Хоёр танхимтай байж болно гэдэг. АИХ-ын хэлбэртэй байх уу, сонгодог хэлбэртэй байх уу гэдэг нь маргаантай. Нээлттэй ярилцах хэрэгтэй. Юутай ч Монгол Улс хоёр мөрийн хөтөлбөртэй, хоёр засаглалын хэлбэр дээр байгаа нь нэлээд асуудал үүсгэдэг байсан.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүхний дунд оньсого мэт маргаанууд явдаг байсан. Үүнийг ЗГХЭГ-ын дарга байж, хоёр ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж байсны хувьд энэ бол цэвэр тогтолцооны асуудал. Хувь хүнээс хамаарсан зүйл биш. Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд ард түмнээс сонгогддог, маш их хүлээлттэй байдаг. Амлалтаа биелүүлэх гэхээр төсөв, кабинет хоёр байхгүй. Аюулгүйн зөвлөлтэй холбоотой асуудлыг тавих, Засгийн газарт шахалт үзүүлэх, цөөнхтэйгээ нийлж Засгийн газраа бойкотлохоос өөр гарцгүй нөхцөлд хүрдэг.

Эргээд бодвол УИХ-ын сонгууль 6 сард, 11 сард орон нутгийн сонгууль болох учир юм хийж болохгүй харзнасан байдалтай. Он гараад ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд ялагдчихвал Засгийн газар унах учир юм хийж болохгүй. Парламентад ялсны эсрэг намын ерөнхийлөгчид манай ард түмэн саналаа өгчихдөг. Ингээд засаглалын тогтворгүй байдлын гинжин хэлхээн дотор орж эргэж байсан тохиолдол маш их.

Ихэнх Засгийн газар унасан тохиолдол нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа байдаг. Бид үүнийг дүгнэх л ёстой. Аль нэг сонгодог тал руугаа явах нь дүгнэх болсон цаг. Үүнийг ерөнхийлөгчтэй илэн далангүй ярилцаж байгаа.

Магадгүй өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн сайн ойлголцож ажиллаж байгаа Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр бол бид хоёр байх. Тэгэхэд бид хоёрын хувьд тогтолцоотой холбоотой ямар нэгэн асуудал гарна гэвэл миний хувьд итгэл үнэмшлийн нэлээд хүнд байдалд орно.

Тэгэхээр сонгодог парламент талдаа хийх үү үгүй юу гэдгийг хамтдаа ярилцах цаг хугацаа мөн гэж бодож байна. Энийг ихэнх ерөнхий сайдууд ерөнхийлөгчөө гомдоохоос айгаад хэлж чадалгүй ирсэн юм билээ. Үнэн бодит байдал бол хамгийн чухал зүйл.

Өөр нэг асуудал бол төмөр зам. 8 сарын дотор баригдаж дуусах ёстой байсан төмөр зам 16 жилийн дараа хэл амтай дуусаж байгаа нь бодит факт мөн үү гэвэл мөн. Тухайн үед МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж, БНХАУ-ын удирдлагуудтай төрийн тэргүүний хувьд тохирсон. Засгийн газар харамсалтай нь өөр байр суурьтай байсан. Ингээд гадаад харилцаан дээр маш ойлгомжгүй байдалд хүрсэн.

Х.Баттулга ерөнхийлөгчийн үед ГХЯ-нд хэлэлгүйгээр аль нэг холбоонд элсэх шийдвэрийг МУ-ын Ерөнхийлөгч бие даан гаргаж байсан тохиолдол гарч байсан. Энэ тохиолдолд гадаад харилцаан дээр тайлбарлахад туйлын хүнд байдалд ордог. Ялангуяа өөр намаас гарвал хоорондоо өрсөлдөж эхэлдэг. Энэ нь гадна талдаа туйлын ойлгомжгүй харагддаг. Энэ бол өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн нь үнэн юм.

Хоёр дох маргаантай асуудал бол сонгуулийн тогтолцоо болон гишүүдийн тоотой холбоотой асуудал. Гишүүдийн тоо хэрхэн бүрдсэнийг ярих нь илүүц. Тухайн үеийн хүн амтай уялдуулж гаргаж исрэн талаарх хангалттай материалууд бий. УИХ-ын гишүүнийг МУ-ын нууцаар сонгож, 4 жилийн хугацаагаар сонгоно гэдэг зам руу явсан. Уг нь Үндсэн хуульд тогтолцоог заагаагүй. Нэг удаа мажоритар тогтолцоогоор явна гэдэг санал гарч, санал дээр маргаан гарсан. Ард түмэн хүсээгүй байгаа хүнийг хаалгаар гаргатал, тооноор ороод ирлээ гэсэн. Үндсэн хуулийн цэц дээр үүнийг хаалгах мэтгэлцээн болж, ҮХЦ энэ бол мажоритар тогтолцоогоор сонгоно гэсэн үг юм гэдэг дүгнэлт гаргасан. Энэ маргаан дуусахгүй гэсэн үг. Мэдээж энэ хоёр сонгуулийн тогтолцоог бид бүгд л мэднэ.

Засгийн газрын хувд МАН-ыг энэ цаг үед удирдаж байгаа намын даргын хувьд бид нээлттэй гэдгийг хэлье. Энийг нийт ард түмэн, олон нийт ойлгож дэмжих ёстой. Үүнгүйгээр парламент шууд хийх боломжгүй.

Хөгжлийн бодлогод Үндсэн хууль хамаатай юу. Засаг захиргааны нэгжийг байгуулахад “Улсын чанартай хот байж болох уу” гэхэд 11 удаа санал хураалт болж, 11 удаа унасан. Тухайн үед Л.Энэбиш дарга “Хот байгуулах ёстой, олон сайхан хот суурин байгуулж байж өнөөдрийн 500 мянган оршин суугчийг задлах процесс явагдах ёстой” гэж ярьж байжээ. Амарсанаа “Цаашдаа тавантолгой, Өмнөговьд гэх зэргээр найман том хот байгуулж болно шүү дээ” гэж ярьж байжээ.

Товчхон дүгнэхэд, Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийх түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Өнгөрсөн 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдал Үндсэн хуультай холбоотой. Өнгөрсөн 30 жилийг бодитой дүгнэж, шинэ 30 жилийг хэрхэн тодорхойлох нь энэ цаг үеийн эрхэм үүрэг юм. 30 жилийн дараа нийгэм дүгнэхэд, томоохон өөрчлөлтийг хийж чадаагүй бол эс үйлдэл гэж үзнэ. Түүнийг хийх нь буруу байвал хийхгүй байх нь дээр. Сайтар хэлэлцэж, олон талаас нь харж шийдэх нь энэ цаг үед байгаа та бидний түүхэн үүрэг юм.

Бидэнд гурван зам байна. Нэгдүгээрт, УИХ-ын даргатай би санал нэг байна. Үндсэн хуулийг шинээр өөрчлөн найруулах том реформыг хийхээр бага багаар хөдөлж болно. Ард түмний санал асуулгаар, нэлээ хугацаа шаардаж болдог гэдгийг бид 1992 оны ҮХ-ийг баталсан процессоос харж болно. Хоёрдугаарт, одоо байгаа хуулин дээр ҮХНӨ хийж болно. Жишээ нь, тогтолцоо болон бусад асуудлаар. Нэг удаа ҮХНӨ хийхэд 30-аас дээш хувийг өөрчилж болохгүй гэдэг журамтай. Гуравдугаарт, ҮХ-аа огт хөндөхгүйгээр салбарын хууль болон бусад хуулиар зохицуулахаар хичээх. Аль аль нь ард түмэн болон нийт иргэд, ИНБ-тай хамтран ярилцаж болно.

Миний байр суурь бол аль алиныг нь хийх ёстой.

Баярлалаа.

Шинэ автобуснууд энэ сардаа багтаж үйлчилгээнд явж эхэлнэ
Шинэ автобуснууд энэ сардаа багтаж үйлчилгээнд явж эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.