/2023.01.11/: Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарч байна.
Тухайлбал, энэ жил Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр түүнээс үүсээд буй нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Халиа тошин үүсдэг байршил Улаанбаатар хотод хэд байна вэ. Ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 50 орчим байршилд жил бүр халиа тошин үүсдэг, зарим газар нөхцөл байдал хүндэрч, айлууд усанд автдаг. Энэ жил 10 орчим байршилд нөхцөл байдал хүндэрч буйн нэг нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын гол дагуу суурьшсан айлууд байна.
Энэ байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас баг ажиллаж суваг татан, ухлагаас гарсан мөсөөр далан босгож, цас мөсийг цэвэрлэх зэргээр арга хэмжээ авч байна. Мөн айлуудыг усанд автахаас сэргийлэн гүүрэн гарцан доорх гаргалгаанд 500 кг бодис хийж, аюулгүй байдлыг ханган ажилласан.
Халиа тошин үүсдэг энэ асуудлыг бүрмөсөн шийдвэрлэх боломж бий. Гэхдээ санхүүгийн хувьд өндөр өртөгтэй. Халиа тошин нь газрын гүнд байгаа булаг, ус дээшээ нэвчиж гарч ирж байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд гүний хоолой тавих, шугам татан усыг хөрсөнд нь шингээх шийдлүүд байдаг.
-Суваг татах, далан босгох, цэвэрлэгээ хийхэд ямар хүндрэлүүд гарч байна вэ. Тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байгаа вэ?
-Өнгөрсөн жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр экскаватор, дөрвөн хоовоо машиныг ашиглаж байна. Гэхдээ машин техник оруулах боломжгүй газар ч бий тул ГУББГ-ын албан хаагчид гар ажиллагаагаар хөлдсөн мөс, цасыг цэвэрлэдэг. Тэгэхээр тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, гар ажиллагааг багасгах шаардлагатай. Нөгөө талаас мөс, цасыг асгах газаргүй зэрэг хот төлөвлөлтийн талаас тулгарч буй асуудлууд ч бий. Нөхцөл байдал хүндэрсэн ийм үед яаралтай арга хэмжээ авахгүй бол ус айлууд, гудамж талбай, авто зам руу халих эрсдэлтэй.
-Тоног төхөөрөмж, машин техникийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нийслэлийн хувьд төсөв хүндрэлтэй байгаа. Гэхдээ хамтын ажиллагааны дүнд энэ асуудлыг шийдэх, техник хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг ярилцаж байна. Тухайлбал, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай энэ тал дээр хамтарч ажиллах санал хүргүүллээ. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныхантай уулзаж, тоног төхөөрөмж, машин техникийн хангамжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлт гаргаад байна.
Л.Ариунтуяа: Халиа тошин дээр өдөр бүр баг ажиллаж байна
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа үүсээд буй нөхцөл байдлын талаар мөн мэдээлэл өгсөн юм.
-Халиа тошин үүссэн байршилд хэдэн айл байна вэ?
-2100 орчим айл бий. Яг одоогоор Толгойт гол орчимд 100 гаруй айл маш хүнд байдалд, 10-15 айл усанд автсан байна. ГУББГ-ын зүгээс шуурхай баг гарган ажиллаж, шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч байна.
-Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус, мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй байршилд амьдарч буй айлуудыг нүүлгэн шилжүүлэх боломжтой юу?
-ГУББГ бүх дүүргийн захиргаа, газрын албатай хамтран ажилладаг. Эрсдэлтэй бүсэд суурьшсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг олон удаа хөнддөг. Гэхдээ иргэд нэгэнт суурьшиж дассан газраасаа нүүх боломжгүй гэсэн хариу өгдөг. Ташрамд, жалга, сайр, булаг шанд, гол горхины орчимд болон үерийн хамгаалалтын далан, сувагт оршин суухгүй байхыг иргэдэд уриалж байна.
-Халиа тошинтой холбоотой дуудлага хэр олон ирж байна вэ?
-Манай байгууллага 141 ажилтантай, өдөр бүр баг гарган ажиллаж байна. Өдөрт 1-10 дуудлага хүлээн авдаг, дуудлагын дагуу газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авдаг. Халиа тошин үүссэний улмаас зарим авто зам, гүүр усанд автаж, цас мөсөнд дарагдсан. Эдгээрийг гараар цэвэрлэж, ус чөлөөтэй урсгах боломжтой болгодог. Ийм газруудад хөрс, усны бохирдол ихтэй, нөхцөл байдал амаргүй, мөн машин техник багтахгүй, заавал хүн орж цэвэрлэхээс өөр аргагүй үе олон гарч байна. Нэг талаас ийм нөхцөлд ашиглах техникийн хангамжийг нэмэгдүүлэх, нөгөө талаас ажилчдынхаа хөдөлмөрийн нөхцөлийг дээшлүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор тулгардаг.
Эх сурвалж: НЗДТГ