/2023.01.11/: “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам ирэх наймдугаар сарын 16-23-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.
Тус наадамд Зүүн Азийн бүс нутгийн есөн Үндэсний олимпын хорооны өсвөрийн залуу тамирчид спортын 12 төрлөөр хурд, хүчээ сорин өрсөлдөх юм. Тэгвэл өнөөдөр Зүүн Азийн олимпын зөвлөлийн 39 дэх удаагийн хурал болов.
Ээлжит хурлыг цахимаар зохион байгуулсан бөгөөд Зүүн Азийн олимпын хорооны гишүүд болон Үндэсний олимпын хороодын төлөөлөгчид оролцсон юм. Тодруулбал, Зүүн Азийн олимпын хорооны дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуан, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг тэргүүтэй албаныхан цахим хуралд оролцлоо.
"Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо" ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр наадмын бэлтгэл ажил буюу тэмцээний барилга байгууламж, нийтийн тээвэр, зочид буудал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, наадмын уриа, бэлгэдэл, маркетингийн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг гишүүдэд өгсөн юм. Энэ үеэр Зүүн Азийн олимпын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажил сайн үргэлжилж байгааг онцолж байв.
Зүүн Азийн Үндэсний олимпын хорооны бүрэлдэхүүнд Монгол, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонконг, Макао, Тайван, Япон болон Гуамын Үндэсний олимпын хороод багтдаг билээ.
Эх сурвалж: НЗДТГ