/2022.12.01/: Агаарын бохирдол хэрээс хэтэрч олон нийтийн сүлжээнд энэ тухай ихээр яригдаж хүмүүсийн бухимдлыг төрүүлж байна.
Учир нь сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтрэхийн хэрээр агаарын бохирдол нүдэнд харагдаж, аманд амтагдаж эхэллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргадаг Agaar.mn сайт дахь мэдээлэлд яг одоогийн байдлаар Баянхошуу орчмын агаар МАШ ИХ бохирдолтой буюу агаарын чанарын индекс 434-ыг зааж байна.
Гэхдээ өнгөрсөн 24 цагийн хугацаанд тухайн байршлын агаар дахь РМ2.5 тоосонцрын хэмжээ хамгийн ихдээ 1146-г зааж байсан нь гамшигт хэмжээ юм.
Яг одоо агаарын бохирдол хамгийн их байгаа хэсэгт МҮОНРТ буюу Эх нялхасын эрүүл мэндийн төвийн баруун хэсэг /хүүхэд, нярай, жирэмсэн эхчүүд тэнд бий/, Толгойт, Амгалан, Шархад зэрэг гэр хороолол ихээр төвлөрсөн бүсүүд байна.
Тухайн байршилд байгаа иргэд зүгээр л утуулж байгаагаас ялгаа алга. Учир нь ийм өндөр хэмжээний агаарын бохирдолтой үед хаалга цонхоо онгойлгох, гадаа гарах нь хамгийн эрсдэлтэй байх бөгөөд жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад хамгийн ихээр сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой.
Агаарын бохирдол хамгийн их байгаа цэгүүдийн дээгүүрт ЭХЭМҮТ-ийн ойр орчим орж байгаа нь үнэхээр харамсалтай. Дөнгөж төрсөн нярай, хүүхдээ төрүүлэхээр хэвтэж буй жирэмсэн эхчүүд, утаанаас болж ханиад хатгалгаанаасаа салж чадахгүй байгаа бяцхан хүүхдүүдэд хамгийн их хэрэгтэй цэвэр агаарыг өгөх боломж тэнд алга. Харин ч эсрэгээр нь агаараар дүүрэн том ширхэгт тоосонцор болон хүхэрийн давхар исэл байгаа нь хэмжилтээр тодорхой харагдаж байна.
Дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд хатгаа, ханиад томуу туссан хүүхэд, томчуудаар дүүрэн байгааг та бүхэн манай бэлтгэсэн видео мэдээнээс нөхцөл байдалтай танилцаж болно.
СБД-ийн Нэгдсэн эмнэлэг:
ЭХЭМҮТ:
СХД-ийн Нэгдсэн эмнэлэг:
Хүхэрийн давхар исэл хүний биед ямар хортой уршигтай вэ?
Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог.
Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.
РМ-2,5 тоосонцор гэж юу вэ? Ямар хор уршигтай вэ?
Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.
Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.
Ийм их хэмжээний бохирдолтой үед тухайн байршилд амьдарч байгаа иргэд ямар арга хэмжээ авах вэ?
Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөжээ.
Эх сурвалж: Agaar.mn