Д.Баясгалан: Сэргээгдэх эрчим хүчний тарифыг төгрөгөөр тооцох нь өндөр эрсдэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баясгалан: Сэргээгдэх эрчим хүчний тарифыг төгрөгөөр тооцох нь өндөр эрсдэлтэй

Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифтай холбоотойгоор МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн багш, дэд профессор Д.Баясгалантай ярилцлаа.

-Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний ямар шинэ технологиуд нэвтэрч байна вэ. Сэргээгдэх эрчим хүчний хөгжил ямар байгаа бол?
-Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк, дэлхийн банкны санхүүжилтээр их чадлын нар, салхины станцын төслүүд хэрэгжиж байна. Одоогоор хэд хэдэн төсөл ашиглалтад орчихсон үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа ба ирэх онд ашиглалтан орох төслүүд ч хэд хэд байна. Үүнээс онцлох төсөл гэвэл эрчим хүчний хуримтлуур бүхий нарны станцын төсөл бий. Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц, Улиастай хотод 3.6 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлуурын төсөл ашиглалтад орсон байгаа. Түүнчлэн том төслүүдээс гадна бага чадлын буюу айл өрх, албан байгууллагын хэрэгцээг хангах зорилго бүхий сэргээгдэх эрчим хүчний төслүүд нэлээд эрчимтэй хэрэгжиж байна.

-Иргэдийн зүгээс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг нэлээд шүүмжилж буй тал ажиглагдаж байна. Тухайлбал, “Хэрэглээгүй зүйлээ яагаад төлөх ёстой юм бэ” гэсэн хандлагатай байна. Үүнд та тайлбар өгөөч?
-Юуны түрүүнд Монгол Улсад цахилгаан эрчим хүч хэрэглэж буй бүх хэрэглэгч сэргээгдэх эрчим хүчийг тодорхой хувиар хэрэглэж байгаа гэдгийг хэлмээр байна. Одоогоор сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нийлбэр чадлын 20 орчим хувийг үйлдвэрлэл 10 орчим хувийг эзлэж байна. Өөрөөр хэлбэл бидний хэрэглэж буй цахилгааны дийлэнх хувийг дулааны цахилгаан станцаас үйлдвэрлэдэг хэдий ч тодорхой хувийг нар, салхины цахилгаан станцаас үйлдвэрлэгдэж, эрчим хүчний шугам сүлжээгээр дамжин эцсийн хэрэглэгчид нийлүүлэгддэг. Тэгэхээр бүхий л хүн сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа гэсэн үг.

Гадны улсуудад хэрэглэгчдэд тодорхой сонголтуудыг олгодог. Тухайлбал АНУ-д иргэн, аж ахуй нэгж өөрийн хэрэглэж буй эрчим хүчнийхээ хэдэн хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, хэдэн хувийг уламжлалт эрчим хүчнээс авах вэ гэдгээ сонгож хэрэглэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл захиалах боломжтой. Үүнээс хамаараад тухай аж ахуй нэгж, байгууллага татварын хөнгөлөлт эдэлж болдог.

Харин манайд одоогоор энэ мэт уян хатан зохицуулалт байхгүй “нэг худалдан авагч”-ийн загвартай ба бүх станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүчийг нэг худалдан авагч авч эргүүлээд төвийн шугам сүлжээгээр дамжуулан эцсийн хэрэглэгчид түгээдэг.

-Хэрэв тийм сонголттой бол сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх хүн олдохгүй юм биш үү. Сэргээгдэх эрчим хүч өндөр үнэтэй гэж шүүмжилдэг шүү дээ?
-Манай улс эрчим хүчний үнэ цэнийг зах зээлийн бодит үнээр үнэлэвэл Сэргээгдэх эрчим хүчний тариф тийм ч их зөрүүтэй өндөр санагдахгүй болов уу. Мөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэрийг тусад нь ялгаж авч буй байдлыг миний хувьд буруу гэж боддог.

Анх Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд тарифын зөрүүг “Сэргээгдэх эрчим хүч”-ний сангаас гаргахаар тусгасан байсан. Гэвч бодит байдалд дээрх санд мөнгө хуримтлуулж, төвлөрүүлсэн зүйл байгаагүй. Угтаа бол улс бодлогоор Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байгаа л юм бол иргэдийн халааснаас бус өөр эх үүсгүүрээс буюу агаарын бохирдлыг бууруулах зардал, эрчим хүчний салбарыг хөгжлийн зорилтот төсөл гэх мэтээр дэмжих ёстой байх.

Нөгөө талдаа уламжлалт эрчим хүчний тариф хямд, хэвэндээ байна гэсэн буруу ойлголт байна. Гэтэл их чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн хувьд үйлдвэрлэх эрчим хүчний үнэ өртөг уламжилалт эх үүсгүүрээс ч хямдарч байна. Энэ нь тухайн салбарт их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийгдэж буйгаас гадна уламжилалт эрчим хүчний тухайд хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгаалах гэх мэт шаардлагын улмаас хөрөнгө оруулалт илүү шаарддаг болсноос гадна энэ чиглэлийн технологид хөрөнгө оруулалт олоход маш хүндрэлтэй болсон.

Сэргээгдэх эрчим хүч рүү хөрөнгө оруулж буй шалтгаан нь байгальд хор хөнөөл багатай. Хэдийгээр эхний хөрөнгө оруулалт өндөр байдаг хэдий ч ашиглалтын явцад хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь уламжлалт эрчим хүчний станцуудтай харьцуулбал маш бага учраас юм.

-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг төгрөгөөр биш доллараар суутгаж авч байгаа нь хэр зөв бэ?
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ам.доллараар тарифыг заасан байдаг. Магадгүй төгрөгөөр байсан бол өнөөдрийг хүртэл хэрэгжсэн олон төслүүд хэрэгжиж чадах байсан уу гэдэг эргэлзээтэй. Манай улсын хувьд өөрийн санхүүжилтээр томоохон төслүүд хэрэгжүүлэх боломж нь хязгаарлагдмал. 10 МВт-ын нарны цахилгаан станц барихад дунджаар 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс гаднаас хөрөнгө оруулалт татахаас өөр арга байхгүй. Энэ онд л гэхэд валютын ханш 20 хувиар өслөө. Өнгөрсөн жил 2850 төгрөг байсан. Гэтэл одоо 3400 гарчихсан байна. Хэрэв сэргээгдэх эрчим хүчний тарифыг төгрөгөөр тооцвол хөрөнгө оруулагчдад маш том эрсдэл үүснэ.

Нөгөө талаас 2019 онд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Гол өөрчлөлт нь үнийн доод хязгаарыг байхгүй болгож дээд хязгаар нь 12 ам доллар цент хүртэл байна гэсэн заалт орж ирсэн. Сэргээгдэх эрчим хүчний станцийн хүчин чадлыг нэмэгдүүлвэл нэгж кВт.ц-ийн өртөг 10 центээс бага байх ч боломжтой.

-Таны харж буйгаар төр, хувийн хэвшил, иргэн гурав зөвшилцөлд хүрч чадаж байна уу. Эсвэл нэгнийгээ үгүйсгээд байна уу?
-Иргэд хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаа учраас сэргээгдэх эрчим хүчний талаар сөрөг бодолтой байгаад байна. Нөгөө талдаа эрчим хүчний үнэ тариф бодитой байсан бол ийм нөхцөл байдал, ойлголтын зөрүү үүсэхгүй байсан байх. Өнөөдөр дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, хөрөнгө оруулж байна. Хэдийгээр Манай улс нүүрсний арвин баялаг нөөцтэй ч нүүрс шатаах дулааны станцын төсөлд хөрөнгө оруулалт зогсоод байна.

Төр хувийн хэвшил иргэдийн дундах ойлголтын зөрүү үгүй болох, эрчим хүчний салбар улс төрөөс хамааралтай бус өөрөө өөрийгөө аваад явахуйц орчинг бүрдүүлэх шаардлагатай байна. Төрийхөн бодит байдлыг хангалттай сайн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч мэдээлэлгүй байгаа иргэдийн өмнө улс төрчдийн попрол нь салбарын хөгжлийг гацааж байна гэж үздэг. Сэргээгдэх эрчим хүчний төсөлөөр дамжуулж гадны хөрөнгө оруулалт татах сонирхолтой хүмүүс улс төрчид байдаг.

Мэдээж уламжлалт технологид хөрөнгө оруулалт татах, олох боломж нь байгаад энэ нь хямд зардлаар эрчим хүч үйлдвэрлэх боломж мөн бол ашиглах л хэрэгтэй. Гэхдээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дан ганц уламжилалт эрчим хүчээр хангах боломж хязгаарлагдмал.

-Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тогтворгүй гэж шүүмжлэх хандлага байдаг. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
-Одоогоор сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал Нарны цахилгаан станц 100 МВт, Салхин цахилгаан станц 155МВт, Усан цахилгаан станц 23МВт буюу нийт 278МВт-д хүрээд байна. Нар болон Салхин цахилгаан станц нь цаг уурын хүчин зүйлээс шууд хамааралтай байдагаас үйлдвэрлэл тогтвортой бус байдаг. Тиймээс зохицуулалтын горимд ажиллах боломж бүхий өөр эх үүсгүүрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал усан цахилгаан станц, Усан цэнэгт хуримтлуур, хийгээр ажиллах дулааны цахилгаан станц, баттерей хуримтлуур зэргийг дурдаж болно.

Манай улсад өдгөө хэрэгжүүлэлт нь эхлээд буй Эрдэнэбүрэнгийн 90МВт чадалтай Усан цахилгаан станц, Улаанбаатар хотод баригдах 80МВт чадалтай 160МВт.ц багтаамжтай баттерей хуримтлуурын төслүүд нь төвийн эрчим хүчний системийн горим ажиллагааг тогтворжуулахаас гадна цаашид сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд асар чухал нөлөөтэй юм.

-Агаарын бохирдол нэлээд өндөр байна. Хэрэв айл өрх, албан байгууллага хувьдаа сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээгээ хангавал тодорхой хэмжээгээр агаарын бохирдол буурах уу?

-Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж буй шалтгаан нь дэлхийн дулаарлыг сааруулах, уламжилалт эрчим хүчний үйлдвэрлэлийн процессоос үүдэлтэй хүрээлэн буй орчин дахь сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой.

Мэдээж манайх шиг хөгжиж буй улс орны хувьд агаарын бохирдлыг байхгүй болгох хэмжээнд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлнэ гэдэг нэлээд хугацаа шаардана. Гэхдээ тодорхой хэмжээнд нөлөөлөх нь зүйн хэрэг. Иргэд аж ахуйн нэгжийн Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдлыг зохимжит байдлаар дэмжих нь богино дунд хугацаан дахь эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэхэд дэм болно.

-Ярилцсанд баярлалаа.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.