Д.Буян: Монгол шиг улсыг ЭМИЙН ХАМААРАЛТАЙ болгох нь ГАДНЫ БОДЛОГО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Буян: Монгол шиг улсыг ЭМИЙН ХАМААРАЛТАЙ болгох нь ГАДНЫ БОДЛОГО

“Five up” рестораны ерөнхий тогооч Д.Буянтай уулзаж ярилцлаа. Эрүүл хооллолт шинэ үеийн гал тогооны талаар сүүлийн жилүүдэд дуугарч, сургалт зохион байгуулах болсон нь олон хүний талархалыг хүлээгээд байгаа билээ.

“ГАДНЫ БОДЛОГО ОЙЛГОМЖТОЙ Ш ДЭЭ, МАНАЙХ ШИГ ГУРАВДАГЧ ОРНЫГ ЭМИЙН ХАМААРАЛТАЙ БОЛГОХ НЬ Л ТЭДНИЙ ГОЛ ЗОРИЛГО”

-Таныг Швейцарьт өндөр зэрэглэлийн ресторанд тогоочоор ажиллаж байсан гэж сонсож байсан. Тогоочийн мэргэжлээр тэнд суралцсан уу?
-Швейцарьт 13 наснаасаа л амьдарсан. Сургуулиа 2009 онд амжилттай төгсөөд, швейцарийн зэрэглэл өндөртэй ресторанд ажилладаг байсан. Ресторан маань Швейцарьтаа топ нэгээр эрэмбэлэгддэг байлаа. Швейцарь улс нь цаг, банк, шоколадаараа олон улсад нэр хүндтэй. Боловсролын хувьд мэргэжлийн тогоочоороо Дэлхийд алдартай. Эмчээсээ илүү мэргэжлийн тогоочийг урдаа тавьдаг нь эрүүл мэндийг эрүүл гал тогооноос л авна гэсэн зарчимтай нь холбоотой байх. Мэргэжлийн тогооч гэхээрээ зөвхөн хоол найруулж, гаргах биш юм. Аманд орсон бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулах вэ, ходоодонд орохоороо хэрхэн боловсрох вэ гэх зэргээр хүний бие организм эд эсийн түвшний, мэдлэг ур чадвар олгодог нарийн мэргэжил.

-Таны багш тогоочийг дэлхийн алдартай тогооч нарын нэг гэх юм билээ?
-Шеф маань Швейцарийн дээд зэрэглэлийн 854 ресторанаас үзүүлэлтээрээ топ 1-т эрэмбэлэгддэг тогооч. Guide Michelin гээд дээд зэрэглэлийн ресторануудад од өгдөг байгууллага байдаг. Тэрний 2 одтой. Gualt Millau гээд газраас 18 оноотой. Шефийн философи нь: “Альпийн нурууны гал тогоо” буюу альпийн нурууны бүтээгдэхүүнийг ашиглан, франц суурь, ур чадвараа хослуулан өөрийн менюгээ гаргадаг байсан. Харин миний хувьд сурсан мэдлэг маань классик франц. Тиймээс багшаасаа өвлөсөн ур чадвар, хувь хүний зүтгэл, Монгол бүтээгдэхүүнээ ашиглан өөрийн философийг гаргаж ирсэн. Шеф 35 жил ажиллаад, өнгөрөгч 7 сард, сүүлийнхээ сервесийг хийгээд тэтгэвэртээ гарсан. Багшдаа баяр хүргээд ирсэн л дээ. Мэргэжил талдаа намайг маш сайн бэлдсэн хүн. Багшийнхаа тодорхойлолтыг үзүүлэхэд Дэлхийн дээд зэрэглэлийн ямар ч ресторанд хүлээн зөвшөөрөгдөн ажиллах боломжтой.

- Швейцарь улс дэлхийн бизнес санхүүгийн төв шүү дээ. Алдартай хүмүүсийн хоолыг хийж байв уу?
-Алдартнуудын тухайд гэвэл сүүлд ажилласан HAUTE SA ресторанд, дэлхийн алдартай хүмүүс үйлчлүүлдэг байсан. Тина Тёрнер, Jay-Z, Beyonce “Adidas” ийн захирал зэрэг алдартнуудын хоолыг хийсэн. 2011 онд Жорж Клунигийн гэрт 800 хүний хоёр өдрийн хүлээн авалтын хоолыг хийж байлаа.

-Тийм тодорхойлолттой хүн монголд ирээд нийгмийн стресст орсон уу. Буцаад явах бодол байв уу. Хөрсөн дээрээ буух гэж удсан байх?
-Монголд анх ирэхэд "Хөрсөн дээрээ буугаарай" гэж олон хүн захисан. Мэргэжлийн гал тогоо бол хагас цэрэгжилтийн байдалтай учраас, би хэр баргийн юманд бууж өгдөггүй л дээ. Эхлүүлсэн бол дуусгадаг, нэг ажлаа хоёр хийдэггүй зарчимтай. Энэ мэт хатуужил суусан учраас хөрсөн дээрээ буухыг ч хүсээгүй. Бууж өгөхөөсөө илүүтэй, яаж өөрчлөх үү, ямар боломжууд байна гэж гаргалгаа хайна. Аливааг өөрчилж болдог гэдгийг багийнхантайгаа хамтдаа харуулахыг хүсэж байна.

“МОНГОЛД ХҮНЭЭ БОДСОН ҮЙЛДВЭРЛЭЛ АЛГА”

-Таны явуулж буй эрүүл хоолны сургалтууд сүүлийн үед эрэлттэй байна. Хүмүүс эрүүл чанартай амьдрахыг хүсэж байгаа энэ үед, цагаа олсон сургалт болж байх шиг. Ер нь яагаад сургалт зохион байгуулья гэж бодсон бэ?
-Маш олон хүчин зүйл нөлөөлсөн л дөө. Дэлхийн дундаж наслалт 25-28 мянган өдөр байхад, Монгол хүний дундаж наслалт 21900 өдөр байна. Элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдраар дэлхийд 1 номерт гээд маш харамсалтай үзүүлэлтүүд үүнд нөлөөлж байна.

Жилдээ 7 мянган хүн хорт хавдраар оношлогдож, 4 мянга нь тухайн жилдээ нас барж байна. Тавин таваас дээш насны хүмүүсийн 80 хувь нь ямар нэгэн эмийн хамааралтай болжээ. Өөрчлөлтийг аль болох хурдан хийхгүй бол энэ тоо жил ирэх тусам өссөөр л байх болно.

Энэ өвчлөлүүд хүнсний бүтээгдэхүүнээс л болж байгаа нь ойлгомжтой. Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой мэдлэг мэдээллийн хувьд бид бусад улс орноос 50 жилийн хойно явж байна. Гучин жил явсан системийг, богино хугацаанд өөрчилнө гэдэг мэдээж амаргүй л дээ. Мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй байна. Мэдлэгээ түгээх цаг хугацаа ч хэрэгтэй. Тиймээс өнгөрөгч оны нэгдүгээр сараас сургалтаа явуулж эхэлсэн. Нийгмийн жижиг нэгж, айл гэр бүлүүдэд, шинэ үеийн гал тогооны соёлыг түгээж байна. Хүмүүс мэдлэгтэй болж, хүнсний бүтээгдэхүүн худалдан авалт хийх, хадгалах боловсруулах аргаа өөрчилж байна.

-Хоолоо өөрчлөөд эрүүлжих боломжтой юу?
-Боломжтой. Хоолоор л хүнийг эмнэдэг шүү дээ. Монголд хүнээ бодсон үйлдвэрлэл байхгүй учраас, бид гадны бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байна.

Хүнсний бүтээгдэхүүний 97 хувь нь гаднаас хамааралтай гэдэг маш харамсалтай тоо. Барууны орнуудад бол хүнсний бүтээгдэхүүнийхээ 47 хувийг, гаднаас импортлоход л хүнсний аюулгүй байдал алдагдлаа гэж үздэг.

Хүнсний аюулгүй байдал гэдэг бол бидний эрүүл мэндтэй 100 хувь холбоотой. Хүнсний бүтээгдэхүүний импортоо багасгаж байж л бид эрүүл мэндийн тухай ярьж эхэлнэ. Бид давсаа ч өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байгаа нь эмгэнэл ш дээ.

Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хувьсал хийхээ зарлалаа. Энэ бол маш зөв алхам. Хувьсал хийнэ гэдэг нь ганц бодлого тодорхойлдог хүмүүсийн ажил биш. Хувь хүмүүс ч бас хичээх хэрэгтэй. Орон нутгуудад гэхэд л өөр өөрийн өвөрмөц амттай бүтээгдэхүүнүүд ургадаг даа. Түүнийгээ бид өрхийн хэмжээнд биш, улс орны хэмжээнд бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Тэгэхээр бодлого тодорхойлж байгаа хүмүүс нь ч, мэргэжлийн судалгаа, шинжилгээний баг, лабораториуд, үр тариа үйлдвэрлэж байгаа иргэд аж ахуйн нэгж, бүтээгдэхүүн импортолж байгаа газрууд гээд л бүгд хичээж байж өөрчлөлтийг хийж чадна.

Үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүнээ аль болох олон төрлөөр гаргаж, стандартын дагуу удаан хугацаагаар эрүүлээр хадгалах амьдруулахад анхаарах. Мэргэжлийн тогооч нар ч мэдлэг мэдээллээ олон талаас нь өгдөг байх хэрэгтэй. Бид бүгд хичээж байж л нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг хамтдаа шийднэ. Тиймээс нийгмээрээ хичээх хэрэгтэй байна л даа.

-Ихэнх монгол айлууд мах, гурил, будаа, төмс, боов, талхнаас хэтрэхгүй л хэрэглээтэй. Жимс ногоо нарийн ширийн зүйл авах гэхээр боломж нь байдаггүй. Тиймдээ ч хоол хүнснээсээ шим тэжээл авч чаддаггүй. Шим тэжээлээ нэмэлт витаминаар нөхөхийг илүүд үздэг шүү дээ?
-Яг үнэндээ санхүүдээ ч байгаа юм биш. Хүнсний бүтээгдэхүүний мэдлэг мэдээлэл дутуу байгаагаас худалдан авалтаа буруу хийдэг. Буруу хадгалдаг, буруу боловсруулдаг. Түүнээсээ улбаалаад шим тэжээлээ авч чадахгүй байна. Хүнсний бүтээгдэхүүнээ эрүүл эсвэл эрүүл бус уу гэдгийг хайж олоод, уншдаг баймаар байна. Ухаалаг утсаа зөв ашиглаж ухаалаг утаснаасаа илүү ухаалаг баймаар байна. Мэдлэг мэдээлэл дутмагаас болж бид өөртөө өвчин бий болгодог. Давс, далд сахарын хэрэглээ өндөр, шатдаг тос хэрэглээд, өөрсдийгөө өвчлүүлж байна.

Гадны бодлого бол ойлгомжтой ш дээ. Их 20, G7 -ийн улс орнууд хэдийгээр дэлхийн эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт гэж ярьдаг ч, үнэндээ гуравдагч орнуудыг эмийн хамааралтай байлгах бодлоготой. Манайх шиг хөгжилгүй, гуравдагч орон руу генийн өөрчлөлттэй, далд сахарын агууламжтай бүтээгдэхүүнээ явуулдаг.

Араас нь нэмэлт бэлдмэлээ явуулна. Дараа нь эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнээ явуулдаг. Ерөнхийдөө эмийн хамааралтай болгох нь тэдний гол зорилго. Орчин цагт дайн хийхээ больсон ш дээ. Түрийвчтэй нь л ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр эрүүл мэнддээ цаг гаргахгүй бол, нэг л өдөр эмнэлэгт цаг гаргах шаардлага гарна. Эрүүл мэндийг та эрүүл гал тогооноос л авна.

“НАМАР ГАРСАН ЖИМСИЙГ НАМАРТАА ИДЭЖ, ДАРХЛААНЫ СИСТЕМДЭЭ СУУЛГАНА, ӨВӨЛ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ”

-Эрүүл хооллохоор шийдсэн хүн юунаас эхлэх вэ?
-Амны хөндийгөөс эхэлнэ. Гурван сар тутамд шүдний эмчид үзүүлж, амны хөндийн өвчлөл байвал эмчлүүлэх хэрэгтэй. Дараа нь био химийн шинжилгээ өгнө. Бие организмд юу дутагдаж, юу дутагдахгүй байна гэдэг нь био химийн шинжилгээгээр гарна. Эрдэс шим тэжээл бага бол түүнийгээ ямар хүнсний бүтээгдэхүүнээр нөхөхөө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна. Дутагдаж байгаа амин дэмээ аль болох хүнснээсээ нөхөх хичээх хэрэгтэй..

Монголчууд их идэж цадах нь чухал гэж боддог. Ихэнх монгол айл нэг тогооны хоолноос бүх шим тэжээлээ авдаг гэж ойлгодог. Үгүй шүү. Зүй нь шөл уугаад, багахан салат иднэ. Араас нь үндсэн хоолоо идсэний дараа багахан жимс идэхэд л авах ёстой шим тэжээлээ олон талаас нь авч байгаа юм.

Тэгэхээр гэр бүлийн хоолны цэстэй бол гэж би зөвлөдөг. Долоо долоо хоногоор шинэ хүнсээ цуглуулаад ямар хоол идэхээ өдөр өдрөөр тодорхой болгоход, бүгд цэгцрээд ирдэг. Санхүүд ч хэмнэлттэй. Хүнсээ зөв сонгоод, зөв хадгалаад, зөв боловсруулаад сурахаар, эрүүл мэндийн асуудал ч аяндаа шийдэгддэг. Тийм учраас л шинэ үеийн гал тогооны соёлд суралцан хувьсан өөрчлөгдөх хэрэгтэй байна л даа.

-Халуун ногоотой хоол монголчуудад хэр зохимжтой вэ. Солонгос Хятад хоол монгол хоолны соёлын нэг хэсэг болтлоо л хөгжиж байгаа харагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Халуун ногооны гол үйлчилгээ нь хүний биеийн дулааныг гадагшлуулах. Халууцахгүйн тулд л халуун ногоогоо иддэг гэсэн үг. Тухайн улсын цаг агаар, хүмүүсийнх нь бие организмд тохирсон бүтээгдэхүүн. Харин бид монголд юу ургаж байна, түүнийгээ л улирлын чанартай идэхэд болно. Зундаа сүү цагаан идээ, намартаа жимс хүнсний ногоогоо иднэ.

Жимсээ өвөл идэхээр нөөцөлж хөлдөөдөг. Энэ бол буруу. Намар гарч байгаа зүйлийг намартаа л идэж дархлааны системдээ суулгана. Ингэснээр хүйтний улирлын вирус бактериас өөрсдийгөө хамгаалж, өвөлдөө бэлдэх юм. Түүнээс биш өвөл идсэн жимс дархлаанд ямар ч нөлөө байхгүй. Улирлын чанартай амьдар гээд байгаа маань л энэ.

“70 САЯ МАЛТАЙ БАЙЖ ӨДӨР БҮР ХӨЛДҮҮ МАХ ИДНЭ ГЭДЭГ ЭМГЭНЭЛ”

-Сая таны сургалтын үеэр махыг хөлдөөж идэж болохгүй гэлээ. Монголчууд бүгд л махаа хөлдөөж хэрэглэдэг шүү дээ. Бид махаа буруу хадгалаад байна гэсэн үг үү?
-Монголчууд өнгөрсөн 30 жилд хөлдүү мах идлээ. Далан сая малтай 3 сая хүн амтай улс өдөр бүр хөлдүү мах иднэ гэдэг эмгэнэл. Махыг ваакуумжуулаад -18 хэмд хөлдөөгчинд хийж хадгалах олон улсын стандарт байдаг. Ихэнх монгол айл махаа их хэмжээгээр аваад шууд хөлдөөдөг. Тэгэхээр хөлдөөгчний түлэгдэлд ороод ямар ч шим тэжээлгүй болно. Өөхтэй махыг ваакуумжуулсан тохиолдолд дээд тал нэг сар хадгална. Өөхгүй махыг ваакуумжсан тохиолдолд 6 сар хадгалах боломжтой. Хүнсний бүтээгдэхүүн хөргөгч хөлдөөгч алинд нь ч байсан амьсгалах ёстой.

-Бид тэгвэл махаа ч зөв хадгалж идэж чаддаггүй гэсэн үг үү. Тэгэхээр нөөцийн мах ямарч хэрэггүй юу?
-Нөөцийн махны өнгийг л хар. Удаан хугацаанд хөлдөөгчинд хадгалахаар, хөлдөөгчний түлэгдэлд ороод өнгө нь хувирдаг. Стандартын дагуу хадгалаагүй учраас өөх нь мах руугаа нөлөөлөөд чанарыг нь муутгасан гэсэн үг л дээ. Нэг ёсондоо тийм махаар хоол хийж идэхэд ямар ч шим тэжээл байхгүй. Хоосон энерги л болно.

-Саяхан үдийн цайны хөтөлбөрийн талаар шүүмжилж бичсэн таны пост сошиалд нэлээдгүй анхаарал татсан л даа. Нэг сургууль дээр очиж ажилласан гэсэн. Мэргэжлийн хүний нүдээр харахад ямар байв. Бидний хүүхдүүд юу идэж байна?
-Захын хороололын 700 хүүхэдтэй сургууль дээр саяхан очсон. Хүүхдүүд “Монгол Улсаа мандуулья” гээд төрийн дуулалаа дуулаад тэнд хичээлээ эхлүүлж байна л даа. Битүү утаан дунд “Монгол Улсаа мандуулья” гээд хүүхдүүд дуулж байна. Тэнд өсч байгаа хүүхдүүдээс ирээдүйд хэд нь эрүүл байх бол.

“Монгол Улсаа мандуулья” гэсэн чинь Монгол Улс нь хүүхдүүдээ хордуулаад байна. Үдийн хоол нь ямар ч шим тэжээл байхгүй. Зөвхөн гэдэс дүүргэж энерги өгөх төдий л хоол байсан. Эрүүл бус орчинд, эрүүл бус хүнсээр амьдруулаад байхаар, яг хийж бүтээх насандаа өвчилж цуглуулсан хэдэн төгрөгөө эмчилгээнд зарцуулах хэрэг гарна шүү дээ.

Тэгэхээр хүүхдүүддээ шим тэжээлтэй хоол хүнс өгснөөр өсөлт хөгжил, бие организмд нь ч хэрэгтэй. Шинэ зүйл суралцах өөрийгөө хөгжүүлэх зэрэгт ч сайнаар нөлөөлөх юм. Холбогдох хүмүүс нь өөрчлөх шаардлагатай ажлуудыг эхлүүлээд явж байгаа юм байна лээ. Би хувьдаа өөрчлөгдөх байх гэж найдаж байгаа. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдүүдээ биологийн цагийн дагуу амрааж байгаарай. Энэ маш чухал шүү.

-Өсвөр насны хүүхдүүд бэлэн гоймон их идэж байна. Зарим газрууд ч идэх боломж нөхцөлөөр нь хангаад байгаад олон хүн дургүйцдэг. Хор хохиролыг нь төлөвшөөгүй хүүхдүүд ойлгохгүй байна л даа?
-Бэлэн гоймон, пүнтүүз зэрэг хүнснээс хол явах хэрэгтэй. Хүний ходоодонд шингэхийн тулд 2-3 хонодог шингэц удаан хүнд хоол. Бэлэн гоймонг шингээхийн тулд шүлсний хүчил, ходоодны хүчил, нойр булчирхайн хүчил, цөсний хүчил гээд бүгд бүх энерги нөөц бололцоогоо зарцуулдаг. Тэгэхээр байнга иднэ гэдэг эрүүл мэндээ ноцтой аюулд өртүүлж байна л гэсэн үг.

Мөөг ч бас ялгаагүй ходоодонд задардаггүй. Гипатит B, С вирүстэй хүмүүс мөөг идэж болохгүй. Элэг хатууруулдаг.

Ер нь хүүхдээ багаас нь хоол хүнсний талаарх мэдлэгтэй л болгох хэрэгтэй л дээ. Баруунд бол ерөнхий боловсролын сургуульд нь заагаад өгдөг. Эцэг эхчүүд нь ч өөрсдөө мэдлэгтэй болохоор худалдан авалт хийхдээ шим тэжээл, орц найрлага, он сар өдөр зэрэг мэдлэг мэдээллийг хүүхдэдээ багаас нь зааж өгдөг. Хүнсний худалдан авалт хийхдээ дэлгүүрт 3-4 цаг зарцуулах хэрэгтэй. Хүнсний ногоотой хэрхэн харьцах вэ. Амьд учраас хүнсний бүтээгдэхүүнийг хүндлэх ёстой гэх зэрэг мэдлэг мэдээллүүдийг багаас нь суулгаж өгдөг.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Ярилцсан: Л.Цэцэгжаргал

Булган аймагт суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Булган аймагт суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.