/2022.12.01/ Тоглоомын талбайн орчин, стандартын тухай маш олон зүйл ярьж болно. Тухайлбал, камержуулсан байх, нарны тусгал сайтай байх, ногоон байгууламж сайн, хүйтний улиралд халтиргаа гулгаанаас хамгаалсан байх гэх мэт. Мөн мэдээж тоглоомууд нь хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, стандартын шаардлагад нийцсэн байх нь наад захын шалгуур юм.
Гэвч хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй нэг зүйл бол тоглоомын талбайн орчинд тамхи татахгүй байх явдал. Манай улс "Тамхины хяналтын тухай хууль"-ийг 2015 онд баталсан байдаг. Уг хуулийг баталснаар баар, ресторан, олон нийтийн газар тамхи татахыг хязгаарласан. Улмаар хууль хүчин төгөлдөр болсноос хойш дээрх газруудад тамхи татах байдал эрс багассан нь сайшаалтай.
Гэсэн ч дээрх хууль хэрэгждэггүй газрын нэг нь хүүхдийн тоглоомын талбай байсаар байна. Угтаа бол утаат тамхи татахыг хориглосон газруудад хүүхдийн тоглоомын талбайн орчин зүй ёсоор багтсан байдаг. Харамсалтай нь байруудын гаднах тоглоомын талбайд, жаахан хүүхдүүдийн дунд тамхи татах энгийн үзэгдэл мэт. Энэ газарт ихэвчлэн 2-5 насны хүүхдүүд болон сургуулийн насны сурагчид цагаа өнгөрүүлдэг. Мөн эцэг эхчүүд нярай хүүхдээ салхилуулдаг. Гэвч эр эм, хөгшин залуугүй утаат болон электрон тамхи татаж, бяцхан хүүхдүүдийн уушгийг бохирдуулсаар л.
Эрх зүйн орчин нь бүрдчихсэн, тоглоомын талбайн стандартыг баталчхаад байхад өдийг хүртэл хууль хэрэгжихгүй байгаа нь юутай холбоотой вэ.
Тоглоомын талбайн орчинд тамхи татаж буй байдлыг харвал хэд хэдэн шалтгаантай гэж хэлж болохоор байна. Юуны түрүүнд хогийн савны асуудал. Хүүхдийн тоглодог орчинд байрлах хогийн савнууд ихэвчлэн дээрээ үнсний савтай байдаг. Тухайн савыг харсан хүмүүс тамхи татах боломжтой цэг гэж ойлгодог. Үүний оронд дээрх савнуудыг авч хаяад зөвхөн хог хаях зориулалт бүхий хэдхэн сав байрлуулах нь оновчтой юм. Ингэснээр тус газарт тамхи татахгүй байхад тодорхой хувиар нөлөөлнө.
Дараагийнх нь байрны СӨХ. Аливаа хот суурин газрын засаг захиргааны хамгийн анхны нэгж нь СӨХ байдаг. Тиймээс энэ асуудлыг тус газарт ойлгуулж хяналт, шаардлага тавихыг сануулдаг байх нь чухал юм. Угаас оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалах нь СӨХ-ын хийх ёстой ажлуудын нэг. Харамсалтай нь ихэнх тохиолдолд Сууц өмчлөгчдийн холбооныхон дээрх асуудалд оролцохыг хүсдэггүй. Зарим нь энэ асуудалд хяналт тавих ёстой гэдгээ ч ухамсарладаггүй явдал түгээмэл. Уг нь хүүхдүүдийн тоглох орчныг сайжруулахад СӨХ маш чухал үүрэгтэй. Хэрэв тоглоомын талбайд тамхи татахыг хориглосон таних тэмдгүүдийг сайн байршуулж, шаардлага тавиад эхэлбэл энэхүү буруу хандлагыг зогсоох боломжтой. Үүнээс гадна иргэд маань өөрсдөө нэгэндээ шаардлага тавьж, тоглоомын талбайд тамхи татахгүй байхыг шаардаж байвал үүнийг хэрэгжүүлж болохгүй зүйл огт биш юм.