/2022.11.29/: Шанхайгаас Бээжин хүртэл Хятад даяар Коммунист намыг эсэргүүцсэн ховорхон тохиолдох томоохон жагсаал болж байна.
Амралтын өдрүүдэд эхэлсэн хэд хэдэн томоохон хотод болж байгаа эсэргүүцлийн жагсаалд оролцох хүмүүсийн тоо өссөөр байна.
Олон мянган эсэргүүцэгчид гурван жилийн турш нийтийг хамарсан шинжилгээ, харгис хэрцгий хөл хорио, хорио цээрийн дэглэм зэргээс шалтгаалж Хятадын удирдагч Ши Жиньпинийг огцрохыг шаардаж байна.
Эсэргүүцлийн жагсаал яагаад эхлэх болов?
Өнгөрсөн пүрэв гарагт Хятадын баруун хязгаарын Шинжаан мужийн нийслэл Өрөмч хотод гарсан гал түймрийн улмаас эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Өрөмч хотод орон сууцны байшинд гарсан галын улмаас 10 хүн амиа алдаж, есөн хүн шархадсан байна. Учир нь ковидын хөл хорионд байсан тус байшингийн оршин суугчдад гал сөнөөгчид туслаагүй бөгөөд харин ч тусгаарлаж байсан бичлэг олон нийтийн сүлжээнд тарснаар эсэргүүцлийн жагсаалын эхлэл тавигдсан гэж үзэж байгаа юм.
Өрөмч хотын оршин суугчид баасан гарагт засгийн газрын байрны гадаа жагсч, хөл хориог дуусгахыг шаардсан бөгөөд маргааш өглөө нь орон нутгийн засаг захиргаа хөл хориог үе шаттайгаар цуцална гэж мэдэгдсэн. Гэвч тодорхой хугацаа хэлэлгүй иргэдийн эсэргүүцлийг үл тоожээ.
Ингэснээр эсэргүүцлийн хөдөлгөөн Шинжаанаас цааш хурдацтай тархаж, Хятадын хотууд, их дээд сургуулиуд мөн жагсаалд нэгдсэн байна.
Эсэргүүцлийн жагсаал хаагуур өрнөж байна вэ?
Эсэргүүцлийн жагсаал Хятад улс орон даяар өрнөж байна.
Одоогийн байдлаар Хятадын хамгийн том хоёр хот болох нийслэл Бээжин, санхүүгийн төв Шанхайгаас эхлээд улсын хэмжээнд 16 газарт жагсаал болж байгаа аж.
Бямба гарагт Шанхайд олон зуун хүн Шинжаан хотын нэрэмжит Өрөмчийн замд зул өргөх ёслолд оролцож, галд өртөн амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлэв. Тэд эсэргүүцлийн бэлгэдэл болох цагаан цаасыг өргөж, "Хүний эрх хэрэгтэй, эрх чөлөө хэрэгтэй" гэж хашгирч байв.
Мөн зарим нь Ши Жиньпинийг "огцор" гэж хашгирч, зуу гаруй жилийн турш дэлхий даяар болсон жагсаал цуглаануудад сүлд дуу болж байсан The Internationale дууг дуулжээ. Энэхүү дууг 1989 онд зэвсэгт хүчнийхэнд хэрцгийгээр хэлмэгдүүлэхсэн Бээжингийн Тяньаньмэний талбайд болсон ардчиллыг дэмжигч жагсаалын үеэр дуулж байсан байна.
Энэ оны эхээр хоёр сар үргэлжилсэн хөл хорионы улмаас олон хүн хоол хүнс, эмнэлгийн тусламж болон бусад үндсэн хангамжгүй болсон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.
Ням гарагийн орой гэхэд Бээжин, Ченду, Гуанжоу, Ухань зэрэг хотуудад олон нийтийн жагсаал цуглаан өрнөж, олон мянган оршин суугчид Ковидийн хязгаарлалтыг зогсоох төдийгүй улс төрийн эрх чөлөөг хангахыг уриалав. Зарим хөл хорионд байсан хорооллын оршин суугчид хаалтуудыг нурааж, гудамжинд гарч нэгджээ.
Эсэргүүцлийн жагсаал Бээжингийн их сургууль, Бээжин дэх Цинхуа их сургууль, Хятадын Нанжин хотын Харилцаа холбооны их сургууль зэрэг хотхонуудад мөн болсон байна.
Сүүлийн өдрүүдэд Лондон, Сидней зэрэг дэлхийн өнцөг булан бүрт Хятадын жагсаалыг дэмжсэн эв санааны нэгдлийн жагсаал болж байна.
Эрх баригчдын хариу үйлдэл
Бямба гарагт Шанхай хотод болсон эсэргүүцлийн жагсаал жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсгэснээс жагсагчдыг баривчилсан байна. Эсэргүүцэгчид ням гарагт суллагдсан даруйдаа буцаж жагссан бөгөөд энэ удаад тэд илүү шийдэмгий болсон байна. Цахим орчинд тарсан видео бичлэгүүдэд цагдаа нар жагсагчдыг түлхэж, чирч, зодож байгаа нь харагддаг.
Үүний дараагаар уг видеог Хятадын интернетээс устгасан байна.
ВВС-ийн сэтгүүлч Эдвард Лоуренс ням гарагийн орой Шанхайд баривчлагдсан бөгөөд ВВС-ийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилж байхад нь "цагдаа нар зодож, өшиглөсөн" гэж мэдэгджээ. Тэрээр удалгүй суллагдсан байна.
Даваа гарагт Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч ВВС-ийн сэтгүүлч Лоуренсыг баривчлагдсан явдлыг хүлээн зөвшөөрч, баривчлагдахаасаа өмнө өөрийгөө сэтгүүлч гэж мэдэгдээгүй гэж мэдэгджээ.
Тэрээр мөн Шинжаан дахь түймрийг Ковидийн бодлоготой холбосон нь "далд санаатай" үйлдэл бөгөөд эрх баригчид "газар дээрх бодит байдалд үндэслэн зохицуулалт хийж байна" гэж мэдэгдэв. Ши Жиньпинийг огцрохыг уриалсан эсэргүүцэгчдийн талаар асуухад тэрээр “Таны хэлсэн нөхцөл байдлын талаар би мэдэхгүй байна” гэж хариулжээ.
Шинжаанд коммунист намын дээд албан тушаалтнууд Өрөмчид эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш нэг өдрийн дараа хурал хийж, цуурхал тараах, хэрэг явдлыг өдөөн турхирах, тахал өвчний эсрэг арга хэмжээг хүчирхийлэн эсэргүүцэхийг хатуу чанга аргаар дарахыг уриалсан байна .
Даваа гараг гэхэд Шанхайн эрх баригчид эсэргүүцлийн жагсаал болсон зам дагуу өндөр хаалт босгосон байна.
Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жагсаал цуглааныг шууд мэдээлээгүй боловч ням гарагт нэг сонин үүнийг "шинжлэх ухааны хувьд хамгийн үр дүнтэй" арга гэж нэрлэжээ.
Эх сурвалж: CNN