/2022.11.28/ Хятадын өмнөд хэсгийн технологийн хамгийн том төв болох Шеньжен хотод төрийн мэдлийн өгөгдлийн бирж үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Ингэснээр компаниуд хөрөнгийн бирж дээр хувьцаа, бараа таваар арилжаалдгийн нэгэн адил өгөгдөл буюу цуглуулсан дата арилжаалах боломж нээгдэж байна. Энэ нь Хятадын цахим эдийн засгаа хөгжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж буй ажил юм.
Шеньжений Өгөгдлийн бирж нь өнгөрсөн оны 12-р сард анх туршилтын журмаар ажиллаж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл нийт 415 удаагийн хэлцлээр 1,1 тэрбум юань (150 сая ам.доллар)-ийн үнийн дүн бүхий арилжаа хийжээ. Өнгөрсөн Пүрэв гарагт энэ бирж албан ёсоор үйл ажиллагаагаа нээсэн байна.
Бирж дээр одоогийн байдлаар 484 компани бүртгэлтэй байгаагийн 98 нь өгөгдөл нийлүүлэгч, 91 нь өгөгдлийн брокер байгаа бол 291 компани нь өгөгдлийн худалдан авагч компаниуд байгаа гэж биржийн мэдэгдэлд дурджээ.
Хятадын төрийн мэдлийн Өмнөд бүсийн цахилгаан шугам сүлжээ компани гэхэд л урьд нь компаниудын эрчим хүчний хэрэглээний мэдээллийг банкуудад зээлийн судалгааны зорилгоор борлуулдаг байсан юм. Одоо бирж нээгдсэнээр тэд нээлттэй байдлаар, илүү өргөн хүрээнд дээрх мэдээллээ арилжих боломж бүрдэж байгаа юм.
Бээжингийн зүгээс цахим өгөгдлийг газар, үл хөдлөх, мөнгөн хөрөнгө, хүний нөөцтэй адилтган бизнесийн нөөцөд тооцох бодлого барьж байгаа учир өгөгдөл арилжаалах зах зээл хөгжүүлэхэд шаардлагатай дүрэм журмыг тогтоож өгөхөөр ажиллаж байна.
Тус улсад наймдугаар сарын байдлаар 40 гаруй өгөгдлийн бирж бүртгүүлсэн буюу бүртгүүлэх өргөдлөө өгөөд байна гэж БНХАУ-ын Төрийн мэдээллийн төвийн мэдээлэлд дурдагдсанаас үзэхэд бизнесийн энэхүү шинэ чиглэл маш богино хугацаанд түгэн дэлгэрч байгаагийн илрэл гэж хэлж болох юм.
Шанхай хотын өгөгдлийн бирж өнгөрсөн оны арванхоёрдугаарр сард арилжаагаа эхлүүлсэн бол Шеньжений хөрш болох Гуанжоу хотод энэ оны есдүгээр сард өгөгдлийн бирж нээлтээ хийсэн. Энэ арваннэгдүгээр сард л гэхэд 200 сая юаний үнийн дүнтэй арилжаа хийсэн мэдээлэлтэй байна.
Хятад улс хэдийгээр өгөгдлийн арилжааны хууль эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлж өгөөгүй байгаа хэдий ч энэ мэт туршилтын үйл ажиллагаанууд үргэлжлэн хийгдсээр байна. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд арилжаатай холбоотой зарим нэг асуудлууд, тухайлбал арилжаалагдсан өгөгдлийн эцсийн өмчлөгч нь хэн байх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Мөн өгөгдөл үйлдвэрлэх асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн болон хяналтын механизм дутмаг байгаа нь тус улсын цахим эдийн засгийн хөгжлийг удаашруулж байгаа нэг саад болж байна гэж БНХАУ-ын Хөгжил Шинэтгэлийн хорооны мэргэжилтэн Хө Лифений тайланд дурдагдсан байна.
Шеньжений өгөгдлийн биржийн захирал Ли Хонгуанг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхдөө арилжаанд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, өгөгдлийн чанар муу байгаа болон ашгийн хуваарилалт асуудалтай байгааг онцолсон бөгөөд үүнээс шалтгаалан ихэнх компаниуд арилжаанд оролцохоосоо болгоомжилсон байр суурь баримталж байна гэжээ.
Гэвч тэрээр Шеньжен хот нь цахим эдийн засгийн хөгжлөөрөө бусад хотуудаас илүү хүчирхэг тул тэднээс ялгарах олон давуу тал бий гэдэгт итгэлтэй байгаа ба Шеньжений өгөгдлийн бирж 2025 он гэхэд 10 тэрбум юанийн арилжаа хийж, 5 тэрбум юанийн эдийн засгийн бүтээмж бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: https://www.scmp.com