/2022.11.18/: Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэ технологи, инновацыг нутагшуулах, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын сайн туршлага, шинэлэг санааг хуваалцах “UB healthecare week 2022” цогц арга хэмжээг арваннэгдүгээр сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй.
Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор шийдэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд технологи, инновацыг нэвтрүүлэх, цахим шилжилтийг өргөжүүлэх зорилгоор өдөрлөг, үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна. Мөн шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үр дүнтэй, хүртээмжтэй шийдлийг санал болгож буй аж ахуйн нэгж, компаниудын үзэсгэлэнг зохион байгуулж, иргэдэд энэ талаар мэдээлэл өгч байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Улаанбаатар хотын цахим шилжилтийн үр дүн, тэр тусмаа эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж байгаа шийдлүүд иргэн бүрд нөлөөлж, тусламж үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, үр дүнтэй болгох ёстой. Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ил тод, цахим болгосноор хүнд суртал, авлига үгүй болно” гэж арга хэмжээг нээхдээ онцолсон юм.
Өдөрлөгийн үеэр нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-уудыг шалгаруулан, өргөмжлөл гардууллаа. Хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулахад идэвх зүтгэл, санаачилга гарган, нийгэм, хамт олны төлөө ажиллаж, бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн, архи, тамхигүй орчин бүрдүүлсэн зэрэг 68 үзүүлэлтийг хангасан 15 байгууллага, иргэнийг тодруулан урамшуулсан юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Эрүүл залуу үеийг төлөвшүүлэх, эрүүл байх зан үйлийг өөртөө төлөвшүүлж, бусдад үлгэрлэж буй байгууллага, хүмүүст талархаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулна. Энэ бүхэнд идэвхтэй оролцохыг иргэд та бүхэндээ уриалж байна” гэв.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг авчрах цөөнгүй ажлыг шат дараатайгаар Улаанбаатарт хийж гүйцэтгэхээр төлөвлөж, заримыг нь эхлүүлээд байна. Тухайлбал, коронавирусийн халдварын үед телемедициний технологийг ашиглан зайнаас үзлэг, оношилгоо, эмчилгээний хяналт хийж эхэлсэн бол түргэн тусламжийн дуудлагын машины байршлыг GPS технологийг ашиглан иргэний гар утсанд мэдээлэл дамжуулах систем бий болгохоор ажиллаж байгаа юм.
Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн цахим системээр цаг захиалга, жирэмсний хяналтыг хийх, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимд шилжүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна.
“UB healthecare week 2022” хүрээнд эрүүл мэндийн салбарын чиг хандлага, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, түүний шийдлийг эрэлхийлсэн "Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт, эдийн засаг” эрдэм шинжилгээний хурал, “Улаанбаатар хотын хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” онол практикийн бага хурал зэрэг арга хэмжээг 2 арваннэгдүгээр сарын 16, 17-ны өдөр зохион байгуулсан юм.
Эх сурвалж: НЗДТГ