/2022.11.18/ Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль, Ханбогд сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль болон Төв аймгийн Ерөнхий боловсролын "Хүмүүн" цогцолбор сургуулийн дэргэдэх дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
ХЭҮК нь дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрх, эрх чөлөөг сахин хангаж, хамгаалах үүднээс нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах зорилгоор нь Улаанбаатар хот болон 21 аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа дотуур байруудад хяналт, шалгалт хийж буй юм.
Дээрх хяналт, шалгалтын явцад төрийн үйлчилгээний алба хаагчдын цалин амжиргааны зардалд хүрэлцдэггүй байдал нь хүний нөөцийн орон тоо дутагдахад хүргэдэг, дотуур байрны камерын хяналтын систем хангалтгүй, дотуур байранд амьдарч буй хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 3475 төгрөгөөр тооцдог нь хоолны хүртээмж, шим тэжээл, илчлэг чанарт хүрэхгүй байх эрсдэл дагуулдаг зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсээр байна.
Хяналт, шалгалтад хамрагдсан дээрх гурван дотуур байрны хувьд мөн адил дээрх асуудал тулгамдаж буйг дотуур байрны багш, ажилчид онцоллоо.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль болон дотуур байр дундаа ганц тогоочтой.
Тус тогооч нь сургуулийн 400 гаруй сурагчийн "Үдийн хоол" болон дотуур байрны 24 хүүхдийн өглөөний цай, өдөр, оройн хоолыг ганцаараа бэлтгэдэг.
Ачаалал их байдаг учир өдөр бүр уртгасан цагаар ажилладаг. Хэдийгээр тогоочийн хоёр, бэлтгэгчийн хоёр орон тоо байгаа ч төрийн үйлчилгээний алба хаагчийн цалингийн шатлал бага учир ажил горилох иргэд тэр бүр олддоггүй гэдгийг сургуулийн болон дотуур байрны багш нар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулд тайлбарлалаа.
Хэдийгээр нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл бэрхшээл олон байгаа ч сурагчдад тав тухай орчин бүрдүүлж, суралцах дур сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлд алба хаагчдын зүгээс онцгойлон анхаарч ажилладаг юм байна.
Тодруулбал, дотуур байранд мэргэжлийн сэтгэлзүйч ажиллуулдаг бөгөөд бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагыг тогтмол явуулахын зэрэгцээ англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх хүрээнд бүлгийн ажил, уншлагын цагийг тогтмол ажиллуулдаг гэдгийг дотуур байрны багш, ажилчид онцоллоо.
Өмнөговь болон Төв аймагт хийсэн хяналт, шалгалтад ХЭҮК-ын Гомдол, мэдээлэл шалгах хэлстийн дарга Г.Ууганбаяр, ахлах референт Э.Мөнхзул, референт Д.Ариунбилэг, Өмнөговь аймаг дахь референт Г.Нарангоо, Дундговь аймагт дахь референт Т.Баярцэцэг нар хамт ажилласан бөгөөд хяналт, шалгалтын үр дүнг үндэслэн хүний эхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмжийг, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм.
Эх сурвалж: ХЭҮК