Гурван улсыг холбосон хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван улсыг холбосон хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болжээ

/2022.11.02/ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаан өчигдөр болжээ. Тус хуралдааныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян даргалсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож үг хэлсэн байна. Тэрбээр юуны түрүүнд, ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг цар тахлын болон олон улсын харилцааны ээдрээтэй байдлаас улбаатай эдийн засгийн амаргүй цаг үед амжилттай зохион байгуулж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянд баяр хүргэжээ. Мөн Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужид харамсалтай осол болж 130 гаруй хүний амь үрэгдсэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Монгол Улс 2004 онд ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улсаар элссэнээс хойш тус байгууллагын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг эрмэлзсээр ирсэн гэдгийг мөн тэмдэглэжээ.

ШХАБ-ын хуралдаан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын чухал гарц, Ази-Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн автозамыг ашиглалтад оруулсан өдөр болж буйд баяртай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод энэхүү тээврийн коридор нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч хотоос Монгол Улсын баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймаг, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км автозамын холболтын хэсэг гэдгийг танилцуулжээ. Мөн тэрбээр Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгуулж, бүс нутгийн экспорт, интеграцид хувь нэмрээ оруулж чадлаа гэв.

Мөн гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон гэдгийг мэдэгдээд энэ асуудлаар БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд буюу 2030 он гэхэд боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байна. Тус бодлогыг хөрш ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт болон бүс нутгийн улс орнуудын зорилттой уялдуулж боловсруулсан. Энэ бодлого бол олон улсын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурласан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр юм.

Монгол Улсын Засгийн газар боомтын дэд бүтэц, тээвэр логистикийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай төслүүдэд хуралдаанд оролцсон гишүүн орнуудыг хамтран ажиллахыг урилаа.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.