/2022.10.26/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрээр:
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын зүгээс хэлэлцэж шийдвэрлэлээ. Тус шийдвэр аравдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор гарч байгаа. Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцэлтэй холбоотойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэх онцгой арга хэмжээ авах үүрэг чиглэл өгөгдсөн. Тус тогтоолоор Эрдэнэс Тавантолгой компани энэ оны төгсгөл гэхэд 500 сая долларыг татан төвлөрүүлэхээр болсон байдаг. Мөн "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.доллар, уул уурхайн бусад компанид борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж оруулж ирэх үүрэг өгсөн байдаг.
Уг компанид дэглэм тогтоох хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, тогтоомжид заасан компанийн үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, төлөөлөх Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилон ажиллуулахаар шийдвэрлэлээ гэв.