Ж.Ганбат: Шинээр бонд гаргаж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбат: Шинээр бонд гаргаж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй

/2022.10.13/: 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Би нэг асуудлыг долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулж өгөөч гээд олон удаа гуйж байна. Үндсэн хуулийн 21.4-т орсон холимог тогтолцоо гэх үгийг авч хаясан. Гэтэл ҮХЦ тайлбарлахдаа үүнийг байгаа мэт тайлбарласан. ҮХЦ-д хууль тайлбарлах эрх байхгүй. Намын жагсаалтаар сонгогдох бол аргаа барсан хэдэн нөхдийн хийж байгаа үйлдэл. Их хурлаас томилогдсон хугацаа нь дууссан гурван нөхдийг эргүүлэн татаач ээ. Эдгээр асуудлыг хэлэлцэж болохгүй шалтгаанаа байнгын хорооны хурлаар оруулаад надад албан ёсоор тайлбар өгөөч ээ".

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Тэтгэврийн доод хэмжээг 400 мянга, 500 мянга болгосон. Гэвч Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг буруу удирдаж, Монголбанк мөнгөний бодлогыг буруу явуулснаас бараа бүтээгдэхүүний үнэ олонх 40-50 хувь өссөн. Энэ нь ахмадуудын амьдралд хүнд тусч байна. Долоон жил тогтвортой ажил эрхлэх хүн алга. Насаараа өндөр тэтгэвэр авч байгаад нэг удаа л бага цалин авахад тэтгэврийн доод хэмжээ өөрчлөгдөж байна. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг долоо биш таван жилээр тогтоож өгөөч гэж хүсч байна. С.Чинзориг ХНХ-ын сайд болохыг би хүсч байна. Нийгмийн даатгалаас гарах зардал зургаахан тэрбум төгрөг юм. Тиймээс энэ хуулийг хэлэлцэж өгөөч ээ".

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Энэ төсвийн хүрээний мэдэгдэл тогтвортой байх ёстой үзүүлэлт. Төсвийн талаар 5 жилийн хугацаанд баримтлах үндсэн суурь үзүүлэлтийг УИХ-аар баталчихаж байгаа юм. Энэ хүрээндээ жил жилийнхээ төсвийг боловсруулж баталж байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд өөрсдийнхөө үйл ажиллагаанд тааруулаад жил болгон өөрчлөөд байх юм. Тэгвэл таван жилээр суурь үзүүлэлтийг батлах ямар шаардлагатай юм. Гэхдээ энэ жил нөхцөл байдал онцгой байгааг ойлгож байна.

Энэ төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орсноос өрийн тааз 65 хувьд хүрэх юм. Ирэх жил 14 хувиар өсгөх шаардлагатай юу? Боломж байгаа бол өрийн таазыг нэмэгдүүлэх хэрэг байна уу? Боломж байгаа бол гадаад өр зээлээ дорвитой төлж барагдуулах ёстой юм биш үү?

Өрийн тааз нэмэгдэхээр гишүүдэд тодорхой хэмжээнд боломж гарах юм байна. Гадаад нөхцөл байдал ямар байгаа юм? Гадаадад өр зээл авах эх үүсвэр байгаа юу? Хэр хэмжээний зээл, хэдэн хувийн хүүгээр авах юм? Жилийн найман хувиас бага хүүтэй гадаад зээл олдоно гэж бодохгүй байна.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Ковидын нөхцөл байдал, гадаад нөхцөл байдлаас шалтгаалан төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх шаардлага үүссэн. Сангийн яамнаас бол төсвийн хүрээний мэдэгдлийг аль болох өөрчлөхгүй байх байр суурийг баримталж ирсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээ 70 хувьд байх таазыг тогтоож өгсөн байдаг. Энэ таазынхаа хүрээнд өрийн хэмжээг барьж яваа. Одоо байгаа 51 хувийг нэмэгдүүлж байгаа нь ихээр нэмж байгаа мэт боловч тааздаа л хүргэж байгаа юм. Засгийн газрын нийт өрийн хэмжээ 28,5 их наяд төгрөгтэй тэнцсэн нь ДНБ-ний 51 хувьтай тэнцэж байгаа. Гадаад бондын хүүгийн хувьд зээлжих зэрэглэлээс шалтгаалан ондоо байдаг. Сүүлийн хоёр жилд зээлжих зэрэглэлээ тогтвортой хадгалж чадсан. Ирэх жил 500 гаруй сая төгрөгийн бондын өрийг төлөх ёстой. Одоо Валютын сангийн удирдлагатай Сангийн сайд уулзаж байгаа. Ирэх жил хүндрэл гаргахгүйгээр зохицуулаад явна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Сайн үзүүлэлт бол тааздаа хүргэж болно. Гэтэл энэ бол сайн үзүүлэлт биш шүү дээ. Тиймээс аль болох өрийн таазыг нэмэхгүйгээр Засгийн газрын өрөө дарвал яасан юм бэ? Таазыг нэмбэл яг хэр хэмжээний зээл авах юм бэ?"

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат "Цаашдаа бид өрийн таазаа нэмэхгүйгээр хадгалахын тулд ажиллаж байгаа. Гэвч гадаад нөхцөл байдлаас шалтгаалан ханшийн өөрчлөлт байгаа учраас нэмэгдүүлэх заавар ирсэн. Шинээр бид бонд гаргаж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй" гэлээ.

Ардчилсан нам СҮҮДРИЙН ПАРЛАМЕНТ байгуулж, Ч.Сайханбилэг тэргүүлнэ
Ардчилсан нам СҮҮДРИЙН ПАРЛАМЕНТ байгуулж, Ч.Сайханбилэг тэргүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.