Нэгэн хятад залуу эмэгтэй хэлэхдээ түүнийг найман хоногийн турш Дубай дахь хятадын нууц хорих ангид хоёр уйгурын хамт хорьсон гэжээ.
Энэ нь Хятад улс хилийн чанадад “хар газар” гэж нэрлэгддэг газар ажиллуулдаг болохыг нотлох анхны баримт байж магадгүй гэж таамаглаж байна.
26 настай Ву Хуан гэх эмэгтэй Хятад руу буцахаас зайлсхийн зугтаж байжээ. Учир нь түүний сүйт залууг хятадын тэрс үзэлтэн гэж үзэж байжээ.
Ву Ассошиэйтед Пресс (AP) агентлагт ярилцлага өгөхдөө түүнийг Дубай дахь зочид буудлаас хулгайлж, хятадын албаны хүмүүсийн шорон болгон хувиргасан виллад саатуулсан ба тэнд хоёр уйгур хоригдол хоригдож байсан гэжээ. Түүнээс хятад хэлээр байцаалт авч, сүрдүүлэн, сүйт залуугаа өөрийг нь дарамталсан гэж буруутгаж буй хууль ёсны баримт бичигт гарын үсэг зуруулсан гэж тэр хэлэв.
Тэрээр эцэст нь 6-р сарын 8-нд суллагдсан бөгөөд одоо Нидерландаас орогнол хүсч байна.
"Хар газар" гэх ойлголт Хятадад түгээмэл байдаг боловч Вугийн мэдэгдэл нь Бээжин өөр улсад ийм газрууд байгуулсныг гэрчлэх цорын ганц баримт болж байна.
Хар газар гэдэг зүйлийг Хятад улс өөрийн олон улсад үзүүлж буй нөлөөгөөр байгуулж гадаадад байгаа тэрс үзэлтэн, авлигын хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүс эсвэл Уйгур зэрэг цөөнх үндэстэн байсан эсэхээс үл хамааран хятад улс рүү буцааж авчрахын тулд саатуулан хорих зэргээр ашигладаг байна.
AП агентлаг нь Вугийн мэдүүлгийг баталгаажуулах эсвэл үгүйсгэх боломжгүй бөгөөд тэрээр хар газрын байршлыг тодорхой хэлж чадаагүй юм. Гэсэн хэдий ч сэтгүүлчид түүний паспорт дээрх тамга тэмдэг, хятадын албан тушаалтны байцааж буй утасны бичлэг, хосуудад туслаж байсан пасторт шоронгоос илгээсэн түүний мессеж зэрэг баталгаатай нотлох баримтуудыг харж, сонссон байна.
Хятадын Гадаад хэргийн яам түүний хэлсэн ярьсныг үгүйсгээд, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин "Тухайн хүний ярьсан зүйл бодит байдалтай нийцэхгүй байна гэдгийг хэлмээр байна” гэжээ.
Дубайн цагдаагийн газраас гадаад улсын нэрийн өмнөөс орон нутгийн эрх баригчдын саатуулсан гэх хятад эмэгтэйн нэхэмжлэл нь худал бөгөөд Ву гурван сарын өмнө найзынхаа хамт тус улсаас чөлөөтэй гарсан гэж мэдэгджээ.
"Дубай нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн журам, орон нутгийн хууль сахиулах үйл явцыг дагаж мөрдөхгүйгээр гадаадын иргэдийг баривчилдаггүй, мөн өөрийн хилийн дотор ямар нэгэн хорих төв ажлуулахыг гадаадын засгийн газарт зөвшөөрдөггүй" гэж Дубайн засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэдэгдэлд дурджээ.
Хар газар гэдэг бол хоригдлуудыг гэмт хэрэгт буруутгадаггүй, барьцаа, шүүхийн шийдвэр хэрэгжүүлдэггүй, хууль ёсны ямар ч арга хэмжээ авдаггүй нууц шорон юм. Хятадад орон нутгийн засаг захиргааны эсрэг гомдол гаргагчдыг зогсооход хар газар гэгчийг ашигладаг бөгөөд ихэвчлэн зочид буудал эсвэл зочид хүлээн авдаг байшин байдаг.
Тайванийн Academia Sinica-ийн туслах профессор Ю-Жие Чен хэлэхдээ, Дубай дахь Хятадын нууц шоронгийн талаар сонсоогүй бөгөөд өөр улсад ийм байгууламж бий болгох нь ер бусын зүйл болно гэжээ. Гэсэн хэдий ч сонгогдсон иргэдийг албан ёсны шугмаар шилжүүлэн өгөх гэрээнд гарын үсэг зурах, албан бусаар визийг хүчингүй болгох, эх орондоо буцаж ирэхгүй бол гэр бүлийг нь дарамтанд оруулах гэх мэт арга замаар буцааж авчрах бүхий л оролдлогыг Хятадууд хийдэг гэж тэр бас хэлэв.
Чен хэлэхдээ, ялангуяа лалын шашинтай уйгур хүмүүсийг терроризмын хэрэгт сэжиглэн Хятадад шилжүүлэн өгөх явдал элбэг байдаг бөгөөд уйгур хүмүүсийг 1997-2007 онд есөн улсаас 89 уйгур иргэдийг саатуулан, албадан гаргасан байдаг. Энэ тоо 2014 оноос нэмэгдэж өнөөг хүртэл 20 улс орноос 1,327 иргэдийг саатуулаад байгаа юм байна.
Эх сурвалж: manilatimes.net