/2022.10.04/: Шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүн хэлтсийн дарга Д.Даваабаяр мэдээлэл өглөө.
Тэрээр:
-Ашигт малтмал, газрын тосны газар долоо хоногийн мягмар, баасан гарагуудад газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны худалдаа эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудаас мэдээ тайлангаа авч улсын хэмжээнд шатахууны нөөцийн хэмжээг тооцоолдог. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 104500 тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй байна гэсэн мэдээ гарсан. Үүнээс АИ-92 бензин 24600 тонн, дизель түлш 63800 тонн, бусад бүтээгдэхүүн тодорхой хэмжээний нөөцтэй байна. Үүнийг хоногоор авч тооцвол улсын хэмжээнд 18-19 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмээний АИ-92 бензиний үлдэгдэл нөөцтэй байна.
Манай улс ОХУ-аас шатахуунаа импортоор авдаг. Үйлдвэрээс ачигч, тээвэрлэлт импорт хэвийн явагдаж байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд улсад 11 мянган тонн АИ-92 бензин импортоор орж ирсэн байна. Иймээс нийлүүлэлт хангамж хэвийн явагдаж байгаа учир тасалдал, хомсдол үүсэхгүй.
Орон нутгийн хувьд воганаар зөөвөрлөж, агуулахад буугаад түгээлт хийдэг. Шатахууныг аюултай тээвэрлэлт гэж үзээд хот суурин дундуур тээвэрлэдэггүй гэх мэт шалтгаан гардаг. Татан авалттай холбоотой зарим газар нөөц багасах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Мөн төмөр замын тээвэрлэлт дээр ачаа барааны урсгал нэмэгдчихсэн. Үүнтэй холбоотойгоор төмөр замын ачаалал өндөр байна. Орж ирсэн воганууд агуулах руу буухад хугацаа алдаж байгаа. Энэ асуудлаар төмөр зам болон Зам тээвэр хөгжлийн яамтай хамтраад оновчтой зохион байгуулалт, таталтыг шуурхайлах чиглэлээр ажиллаж байна.
Нөөцийн хоног багассан нь дөрөвдүгээр сард ОХУ-аас нилүүлж байгаа шатахууны үнэ нэмэгдсэн. Үүн дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас засгийн газрын түвшинд яриа хэлэлцээр хийж тухайн үеийн үнээс 25 хувийн хөнгөлөттэй буюу 840 доллароор гурван сар худалдаж авахаар тохиролцсон. Ингэж АИ-92 бензиний үнийг тодорхой хэмжээнд тогтворжуулсан. Үүнээс хойш гурван сарын хэлэлцээрийн хугацаа дуусч, долоодугаар сараас тухайн үеийн зах зээлийн үнээр буюу 1285 доллароор худалдан авч эхэлсэн. Наадмын дараа Засгийн газар хэлэлцээрээ үргэлжүүлэхээр тохирч, цаашид он дуустал үргэлжлүүлэн АИ-92-ыг өгье гэж тохиролцсон. Энэ хугацаанд 20-оод хоногийн зай гарч байгаа. Энэ хугацаанд тодорхойгүй нөхцөл байдал үүсч ААН-үүд шийдвэрийн хүлээлттэй байсан учраас захиалгаа бага хэмжээгээр хийсэн. Долоодугаар сарын захиалга харьцангуй бага байсан болохоор дараа дараагийн сарууддаа нөлөөлсөн. Мөн долоо найман сард аялал зугаалгын сар байдаг тул иргэдийн хэрэглээ нэмэгддэг. Эдгээрээс үүдэж нөөц бага зэрэг багассан.
Дизель түлшийг мөн тус хэлэлцээрээр тохиролцож, таван хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байна.
Иргэд албан бус, ташаа мэдээлэлд итгээд ердийн хэрэглээнээс илүү авах нь зохиомол хомсдол үүсгэх магадлалтай.