/2022.10.04/: Монгол Улсын үүд хаалга болсон хилийн боомтуудын өнөөгийн байдлыг уншигч Та бүхэнд танилцуулъя.
Хилийн асуудлаар хөрш улсуудтай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, тогтоолын дагуу улсын хилд нийт 39 боомт ажиллахаар тусгагдсан. Эдгээрээс 24 боомт байнгын үйл ажиллагаа явуулж байна.
Үүнд:
Агаарын замын боомт - 6
ОХУ-тай хиллэдэг - 16
БНХАУ-тай хиллэдэг - 17 боомт бий.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “2004 оны хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас өнөөдөр 13 боомт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 4 боомтыг шинээр нээхээр төлөвлөсөн юм. Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, ,Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын 9 боомт бий.
Манай улс боомтын логистикийн хүчин чадлын индексээр дэлхийн 160 улсаас 130-д эгнэж байгаа өнөө үед “Боомтын сэргэлт” зайлшгүй хэрэгтэй. Боомтуудыг өргөтгөн шинэчилснээр ачаа нэвтрүүлэх хүчин чадал 50 гаруй сая.тн байгааг гурав дахин нэмэгдүүлж 160 сая.тн-д хүргэх сайн талтай. Хилийн хяналтын байгууллагуудыг нэгдмэл удирдлагад оруулах, цахимжуулах замаар бүтээгдэхүүний хилийн хяналтад зарцуулах хугацааг 40%-иар, гаалийн хяналт бүрдүүлэлт, лабораторийн үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр бизнес эрхлэгчдийн экспортод зарцуулах хугацааг нийтдээ 53%- иар бууруулна хэмээн тооцжээ.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Ульхан, Хавирга, Баянхошуу, Бичигт, Ханх, Цагааннуур, Даян зэрэг 10 боомтыг хатуу хучилттай авто замаар, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Арцсуурь-Шивээхүрэн гэсэн 4 боомтыг төмөр замаар шинээр холбохоор төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 9-ны өдрийн 105 дугаар тогтоолоор Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км, Сайшанд-Баруун Урт-Хөөт чиглэлийн 490 км төмөр замын суурь бүтцийг концессын “барьж-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй байгуулахаар “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас санаачлан боловсруулжээ.
Дээрх боомтуудаас Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг 2022 онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг 2022 оны долдугаар сараас эхлүүлсэн гэж ЭЗХЯ-ны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газраас мэдээлэл өгсөн юм. БНХАУ-ын гангийн томоохон үйлдвэрүүд нь манайхтай хил залгаа, хойд бүс нутагтаа буюу Өвөрмонгол, Хэбэй, Жиансу, Шандон, Ляаонин, Ганьсу мужуудад түлхүү байрладаг. Манай уул уурхайн голлох бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомтоор дамжин эдгээр мужид хүрдэг. Одоогийн байдлаар боомтын дэд бүтэц хөгжөөгүй, зам харилцаа муугаас шалтгаалан нийт нүүрсний экспортын 20%-ийг Гансу мужийн Жючуан төмрийн үйлдвэрт, 60%-ийг Өвөр Монголын Баяннуур аймагт, 20%-ийг Хэбэй мужийн Таншань үйлдвэрт нийлүүлж байгаа бол цаашид боомтын хүчин чадал, дэд бүтцийг сайжруулснаар Ляонин болон Жянсу зэрэг мужийн том зах зээлд нэвтрэх бүрэн боломжтой болох юм. БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөөнд “Хил залгаа орнуудтай харилцаж буй боомтуудын бүтээн байгуулалт болон хөгжлийг бэхжүүлэх” ажлыг идэвхтэй урагшлуулахаар тусгасны дотор Монгол Улстай хиллэдэг Сэхээ, Ганцмод, Эрээн, Мандал, Зүүнхатавч боомтууд багтсан байдаг.
УУГАН ХААЛГА- ЗАМЫН-ҮҮД
1956 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт Монгол-Хятадын хамгийн анхны боомт юм. Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 233,5 сая юанийн санхүүжилтээр хийж байна. Боомтын өргөтгөл, шинэчлэл ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал одоогийнхоос 2-3 дахин нэмэгдэнэ.
НҮҮРС ЭКСПОРТОЛСОН АНХНЫ БООМТ ШИВЭЭХҮРЭН
1995 оноос Нарийн сухайтын уурхайг ашиглах үйл ажиллагааг Тунгалаг эзэнтэй компани эхлүүлж уул уурхайн техник тоног төхөөрөмж импортлон 1995 оны наймдугаар сард 185 тонн, арванхоёрдугаар сард 112 тонн, 1996 оны арваннэгдүгээр сард 499 тонн, 1997 онд 241 тонн, 1998 онд 42 тонн, 1999 онд 65 тонн нүүрс тус тус экспортолсон юм. 2003 оны дөрөвдүгээр сарын 14- ний өдөр БНХАУ-ын Чинхуа групп, “Монголын алт” компанийн хамтарсан “Чинхуа-МАК Нарийн сухайт” ХХК 10 автомашинд нийт 185750 кг нүүрсний бүрдүүлэлт хийж анхны экспортоо эхлүүлснээр нүүрсний экспортын хилийн гарц байнгын ажиллагаанд шилжсэн түүхтэй. Шивээхүрэн-Сэхээ боомтод 17га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажлыг хийж байна. Энэ есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орсноор боомтын хүчин чадал дөрөв дахин нэмэгдэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдсэнээр жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ” гэдгийг онцолж байв.
14 ЖИЛ ГАЦСАН ГАШУУНСУХАЙТ
Монгол Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1992 оны зургадугаар дугаар сарын 24-ны өдөр Гашуунсухайт хилийн боомт анх нээгдсэн түүхтэй.
Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсноор 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргааныг шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан 148 сая юаний (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилтээр зэсийн баяжмал экспортлох 2, нүүрс экспортлох 10 эгнээ хүнд даацын авто зам, талбай, барилга байгууламж, дэд бүтэц, ногоон байгууламжийн цогцолбор баригдана.
Мөн улсын төсвийн санхүүжилтээр тээврийн хэрэгслээс дээжийн агууламж, чанарыг автоматаар тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр хүчин чадлын рентген, орчин үеийн теле-хяналтын систем бүхий шуурхай удирдлагын төвтэй холбогдсон тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд суурилагдах юм. Гашуунсухайт боомт нь манай улсын нүүрсний экспортын 51.4%, зэсийн баяжмалын экспортын 54,9%-ийг нэвтрүүлдэг, эрдэс баялгийн экспортод ач холбогдолтой гол боомт. Гашуунсухайт хилийн боомтод чингэлэг тээврийн терминалыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХК хамтарч 30 га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж ашиглалтад оруулаад байна.
AGV (Automatic Guided Vehicle) буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг 2022 оны долдугаар сарын 16-ны өдрөөс амжилттай туршин экспортын нүүрсийг гаргаж эхэлсэн. Энэхүү төхөөрөмж нэг удаа 64 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Гашуунсухайт боомтын Нэгдсэн терминалын ачаа эргэлтийн хүчин чадлыг 2025 онд 75 сая тоннд хүргэнэ. Эхний ээлжид 36 сая тонны хүчин чадалтай терминал, цаашдаа 60, 75 сая тонн хүртэл нэвтрүүлэх гурван үе шаттайгаар бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БОЛОХ УЛЬХАН
Хэнтий аймгийн Бэрх хот-Батноров сум, Батноров-Норовлин, Норовлин-Баян-Уул, Баян-Уул-Ульхан боомттой холбогдох 318.3 километр үргэлжлэх замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Цаашид Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалангийн 218 километр замыг барьснаар Хэнтий аймгаар ОХУ-ыг БНХАУ-тай автозамаар холбох Зүүн босоо тэнхлэгийн хоёр дахь эдийн засгийн коридор байгуулахаар зорьж байгаа. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бол хоёр хөрштэй холбогдох тээвэр логистикийн зангилаа бүс нутаг. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалт, Дорнод аймгийн Хавирга, Баянхошуу, Сүмбэр зэрэг боомтыг автозамаар холбох ажлыг үе шаттай зохион байгуулах бөгөөд Чойбалсан нисэх буудлыг зүүн бүсийн 4С зэрэглэлийн олон улсын агаарын замын боомт болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр зүүн бүс нутгийн өрсөлдөх чадвар хоёр дахин нэмэгдэж, экспортын эргэлт, эдийн засгийн тэлэлт, түүхэн аялал жуулчлалд томоохон хувь нэмэр орох суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
ЦАГААННУУР БООМТЫН АВТОЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД АШИГЛАЛТАД ОРНО
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтыг 2021 онд 24 цагийн байнгын ажиллагаанд шилжүүлсэн. ОХУ-тай хиллэдэг тус боомтын хувьд байнгын ажиллагаатай болсноос хойш зорчигч болон ачаа тээврийн эргэлт эрс нэмэгдэж энэ онд улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэх статистик бий. Мөн Цагаануур-Улаанбайшинт чиглэлийн 27,8 км авто замын ажил дуусаж наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ зам ашиглалтад орсноор Монгол Улсын импортын ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхээс гадна ОХУ, БНХАУ-ын хооронд манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн олон улсын нэгэн том гарц бий болох юм.
ГУРВАН УЛСЫГ ХОЛБОХ ДАЯН
Баян-Өлгий аймгийн Даян боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байсан ч 2010 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож ажиллаагүй. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбохоор ажиллаж байна.
Хятад улс Даянтай холбогддог Хуншаньзюй боомтоо автозамтай хэдийнэ холбосон. Хамгийн богино хугацаанд гурван улсыг холбосон авто замын боомт нь Даян болох юм. Баруун бүс нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэл хоттой харьцуулахад өндөр байдаг. Цагааннуур, Даянгийн боомт авто замаар холбогдсоноор гурван улсын ачаа тээврийн коридор үүсэж, Новосибирскээс дөрөв хонож ирдэг ачаа тээврийн машин нэг хоногт ирэх боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцолж байсан.
ДАЛАЙД ГАРАХ ГОЛ ГАРЦ БИЧИГТ
1992 оны долдугаар сарын 2-ны өдөр Бичиг боомтыг анх нээж байжээ. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам тавих ажил энэ оны 7-р сард эхэлсэн. Төмөр замын урт 415 км. Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болохоор стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт боомт гэж албаныхан харж байна. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэн БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэх гэнэ. Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн дотор дуусгахаар зорьж байна. Харин төмөр замын ажлыг 3-5 жилийн дотор гүйцэтгэх юм.
ХОЁРДАХЬ ЗАМЫН –ҮҮД БОЛОХ ХАНГИ-МАНДАЛ
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт гуравдугаар сард /2022.03.11/ эхэлсэн. Энэ чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ханги боомт нь газар зүйн байршлаараа Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын тэг дунд нь байрладаг учраас стратегийн хувьд чухал ач холбогдолтой. Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа, бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65%-иар тус тус нэмэгдэх тооцоо бий.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор манай улсын уул уурхайн экспортын гол зах зээл болох БНХАУ-ын Бугат хот хүрэх тээвэр 242 километрээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүн төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 4-8 ам доллараар буурна.Энэхүү боомтыг хоёр дахь Замын-Үүд болно гэж Ерөнхий сайд онцолж байв.
ХИЛИЙН АВТО ЗАМЫН БООМТ ХАВИРГА
Хилийн Хавирга авто замын боомт нь 1992 оны зургаадугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан.Байнгын ажиллагаатай Хавирга-Архашаатын боомтын хувьд Хятадын тал уул уурхайн бүтээгдэхүүн шилжүүлэн ачих болон халдвар хамгаалал, ариутгалын байгууламжийн бүтээн байгуулалтаа ойрын хугацаанд дуусгаж, тус боомтын үйл ажиллагааг сэргээнэ гэдгээ мэдэгдээд байна.
ОЛОН УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ БУЛГАН
Хилийн Булган авто замын боомт нь 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Чингэл хошуунд байрладаг Такашикэн боомттой хиллэдэг олон улсын зэрэглэлтэй, автозамын байнгын ажиллагаатай боомт юм. Булган-Такашикэн боомтоор нүүрсний экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СҮМБЭР
Сүмбэр боомт нь БНХАУ-тай хиллэдэг олон улсын зэрэглэлтэй таван боомтын нэг. Түр ажиллагаатай уг боомт Дорнод аймгийн Халхгол сумын нутагт оршдог. БНХАУ-ын өөртөө засах орны Хянган аймгийн Рашаан хоттой усаар хиллэдэг. Чойбалсан хотоос 455 км, Улаанбаатар хотоос 1153 гаруй км, Баянхошууны боомтоос 150 км зайтай. Хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор анх нээсэн. БНХАУ-ын хувьд зүүн хойд бүсийн баруун хаалга, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба аялал жуулчлалыг чухалчлан хөгжүүлж буй нутаг нь Рашаан хот орчмын энэхүү бүс нутаг юм.
ГАЗРЫН ТОСНЫ ЭКСПОРТЫН БАЯНХОШУУ
1992 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс анх нээгдсэн. Баянхошуу боомт нь хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай авто замын боомт. Чойбалсан хотоос 340км-ийн зайд, БНХАУ-тай усаар хиллэдэг. Салбарын нийт бараа эргэлтийн 93%-ийг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн бараа тээврийн хэрэгсэл, түүхий тосны экспорт эзэлдэг.
ШИНЭЭР НЭЭХ ЦАГААН ДЭЛ УУЛ ӨЛЗИЙ
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрээр шинээр нээхээр зэхэж буй дөрвөн боомтын нэг. Монгол, Хятадын хилийн Цагаан дэл уул боомтын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хийхээр болсон. Тус боомтыг ачаа тээврийн 12 эгнээ бүхий хүнд даацын авто зам, зорчигч тээврийн 6 эгнээ авто зам, боомтын барилга байгууламж, шугам сүлжээ, суурьшлын бүс бүхий байдлаар төлөвлөсөн. Боомтын бүтээн байгуулалтыг хийснээр экспорт, импортын ачаа тээвэр 3 дахин, зорчигч тээвэр 6 дахин нэмэгдэхээр тооцоолсон. Одоогоор хэлцлийн шатанд байна.
ТӨМРИЙН ХҮДРИЙН БУРГАСТАЙ
Бургастай нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрладаг, хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай боомт. Ковидын үед зогссон Бургастай-Лаоемяо боомтын үйл ажиллагааг сэргээж, дөрөвдүгээр сарын 22-ноос төмрийн хүдрийн экспортыг эхлүүлээд байна
БАЙТАГ БООМТ
Байтаг авто замын боомт нь 1992 оны зургаадугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймгийн Читай хошуунд байрладаг Улиастай боомттой хиллэдэг, хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт. Одоогоор тус боомтод бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй байна.