- ҮЗЭЛ БОДОЛ -
/2022.09.08/: Алтан эвэр булангийн үзэсгэлэнт Владивосток хотод зочилж, Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас богц дүүрэн буцах төлөвтэй.
Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхий сайд үндэстний эрх ашгаа тулгуур болгосон зоримог үгсээр яриаг эхлүүлсэн нь манай Орос найзуудын хүндлэлийг төрүүлэх шиг. Тэд өөрийн гэсэн характерыг үнэлдэг ард түмэн, тэр дундаа Путин.
Ерөнхийлөгч Путин ч хэлээд авна билээ "Улс бүр өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьж хэлэлцээр хийдэг, энэ нь ч маш зөв" гээд.
1. Олон жил гацаж, хүлээлт үүсгэсэн Эгийн голын УЦС-ын асуудал
Эгийн голын УЦС Монгол-Оросын харилцаанд бараан толбо болтлоо бугшсан асуудал мөн.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын Эдийн Засгийн форумын төв индрээс "Бид Эгийн голын УЦС-ыг барина" гэж эрс шулуухан мэдэгдэв. Энэ өгүүлбэр тусгаар улсын Ерөнхий сайд ярьж байгааг сануулсан болов уу.
Гэсэн ч Монгол Улсын Ерөнхий сайд Оросыг бүр хажуу тийш түлхэж муйхарласангүй.
"Бид энэ төслийг Оростой хамтарч хэрэгжүүлэхийг хүсэж байна" гэлээ. Энд Л.Оюун-Эрдэнийн хувь улс төрчийн прагматик хандлагын давуу тал харагдаж байна. Хэрэв энэ хэсэг байгаагүй бол характер биш ердийн л нэг русофоби хандлага болж, хүндлэл бус сөрөг үр дагавар дагуулах байсан биз.
Эгийн голын УЦС одоо хоёр орны харилцааны бараан толбо биш, Эрдэнэт шиг нэгэн гэрэлт цамхаг болох үүд хаалга нээгдсэн гэж миний хувьд харж байна.
"Төслийн байгаль орчны үнэлгээг НҮБ, НҮБ-ийн хүрээний байгууллагуудаар хийлгээд, хамтраад энэ төслийг хэрэгжүүлж болно" гэдэг хариуг Монгол Улсын Ерөнхий сайд хүлээж авсан. Энэ тун эерэг хариу. Яагаад гэхээр саяхан Монгол Улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тус төсөл дээр НҮБ дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг илэрхийлсэн.
2. Шатахууны нийлүүлэлт, үнийн тохиролцоо
Энэ бол мөн л хоёр улсын харилцаанд бараан сүүдэр үе үехэн тусгадаг асуудал. Бензиний хомсдол, үнэ нь богино хугацаанд хэд хэд өсөх зэрэг үйл явц нь хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний 70 хувьд шууд нөлөөлөх тул иргэдэд асар их бухимдал үүсгэдэг.
Монгол Улсын тухайд нефтийн бүтээгдэхүүний хувьд Оросоос бүрэн хараат. Бидэнд урт хугацааны тогтвортой үнэтэй, найдвартай нийлүүлэлтийн гэрээ амин чухал хэрэгтэй байсан.
Ерөнхий сайд яг үүнийг хийж чадлаа. Тэрээр АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон. Улс төрийн яриа хэлэлцээрийнхээ өмнө Роснефтийн тэргүүнтэй бизнес хэлцэлд ороод үүнийг тохирчихсон нь ёстой нөгөө Харвард школь нь болов уу? Барууны сургалт бизнесийн магнатууд, бизнес хэлцэлийн титануудыг төрүүлдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн зүйл.
Ямартай ч бид ирэх таван жилийн хугацаанд:
- Бензин шатахууны хомсдол тасалдлаас ангид
- Үе үе үүсдэг бензин шатахууны үнийн өсөлт савалгааг харахгүй юм байна
- Уул уурхайд тун ч амин чухал дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боллоо
- Төмөр замын боомтуудыг өргөжүүлэн, сэргээх асуудал
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замтай холбогдох асуудлаар Оросын талтай улс төрийн бус мөн л бизнес хэлбэрийн хэлцэл Оросын төмөр замууд /РЖД/ компанийн удирдлагатай хийсэн нь анхаарал татаж байна. Бизнес хэлцэл нь улс төрийн хэлэлцээрээс илүү бодит үр дүнтэй байдаг давуу талтай.
Тус хэлцлийн хамгийн чухал үр дүн нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, аюултай ачааг хот дундуур тээвэрлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Богдхан” төмөр замын төсөлд Оросын талтай хамтарч ажиллах тохиролцоонд хүрчээ.
Мөн Замын-Үүдийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх буюу хос төмөр замтай болгох, Ойрын хугацаанд зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, “УБТЗ” ХНН-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх зэрэг саналууд дээр ерөнхий байдлаар нэгдмэл байр сууринд хүрсэн гэж ойлгогдож байна.
3. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх "Союз Восток"
байгалийн хийн хоолойн тухай
Тус байгалийн хийн хоолой 2029 он гэхэд ашиглалтад орох ерөнхий зураг хэдийн гарчээ.
"Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хийн нийлүүлэх бүх үндсэн параметрүүдийг, тэр дундаа Хятадын талтай үнийг хүртэл тохиролцсон" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн форумын үеэр мэдэгдэв.
Мөн БНХАУ-ын хэвлэлүүд Дорнын эдийн засгийн үеэр Газпром" компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер, Хятадын үндэсний газрын тосны корпорац /CNPC/-ийн дарга Дай Хулян нар ОХУ-с Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин БНХАУ-д цэнхэр түлш нийлүүлэх "Союз Восток" хийн хоолойн төслийг видео холбоосоор хэлэлцсэн гэж мэдээлж байна.
Энд нэг зүйлийг онцлоход ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн төв индрээс "Монгол бол бидэнд ээлтэй, улс төрийн хувьд тогтвортой, энд ямар ч асуудал харагдахгүй байгаа улс." гэж дүгнэсэн нь танхимд сууж байсан бүс нутгийн Хятад тэргүүтэй олон хөрөнгө оруулагчид тун ч эерэг дохио болсон. Монгол Улсын Ерөнхий сайд ч мөн форумд цугласан хөрөнгө оруулагчдыг эх орондоо урьж, олон эерэг мессеж илгээсэн.
Төгсгөлд нь:
Монгол Улсын Ерөнхий сайдын Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ бүтээсэн ажлуудын онцлох үр дүнг нэмэлт хачиргүй нэгтгэн бичив. Мэдээж Чем хуже, тем лучше уриатай хүмүүст мэдээж энэ бичвэр маань таалагдахгүй биз.
Монгол Улсын засгийн газрын дотоод дахь үйл ажиллагаанд шүүмжлэлтэй тал олон бий. Гэвч гадаад ертөнцөд Монгол Улс нэгдмэл цул "нэг Монгол" байвал зохилтой гэж боддог билээ.
Бичвэрийг Б.Саранцацрал