/2022.09.06/: Монгол Улс болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын санамж бичгийн дагуу ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуульд Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах ажил 2018 онд эхэлж байсан.
Харин өнөөдөр тус төвийн үйл ажиллагааг нээх ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нар болон бусад албаныхан оролцлоо.
Цэргийн нэгдсэн дээд сургуульд Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төв байгуулсанаар ҮБХИС-ийн сонсогчид болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдыг энэ чиглэлд мэргэшүүлж, чадавхжуулах боломж бүрдэх юм. Энэтхэг Улсын зүгээс тус төвийн гурван лаборатори, номын сан, лекцийн танхим байгуулах болон иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажилд үнэтэй хувь нэмрийг оруулав.
Эх сурвалж: БХЯ