/2022.09.05/: Өнөөдрийн загийн газрын хуралдаанаар 125 асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцсэн асуудлаар ЗГХЭГ- ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрээр:
-Монгол улсын засгийн газар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй үндэсний хэмжээний хороодыг шинээр эмхлэн байгуулах үүргийг хэрэг эрхлэх газрын даргад өгсөн. Тухайлбал, Улаанбаатар хотын замын түгжрэлтэй холбоотой асуудал хариуцсан "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороо", "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо", "Спортыг дэмжих үндэсний хороо" зэрэг нийт 20 орчим хороодыг шинээр эмхлэн байгуулах үүрэг чиглэлийг өгсөн.
2023 оны улсын төсвийг олон нийт,хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдгээрийг саналыг тусгасны үндсэн дээр УИХ-д өргөн барина гэсэн үүрэг чиглэлийг ерөнхий сайдын зүгээс өгсөн. Ард иргэдийн хувьд Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлэх боломжийг олгох нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ ажил аравдугаар сарын 1-ыг хүртэл иргэд, олон нийт хэвлэл мэдээллээр дамжуулан хэлэлцүүлэгдэнэ.
Эрдэнэт монгол компаны үйл ажиллагааг жигдрүүлэх, цаашлаад монгол улсын баялгийн сан болгох ажлыг ерөнхий сайд зүгээс сүүлийн жил гаруй хугацаанд баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Эрдэнэс Монгол компаны удирдлагыг Сенгапур, Норвеги зэрэг орнуудад баялгийн сангийн чиглэлээр ажилласан туршлагатай гадаадын болон дотоодын иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэх захирлыг сонгон томилох ажлыг засгийн газрын хэрэг эрхлэх газарт үүрэг болгосон.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тооллогыг таван жил тутамд явуулдаг. Өнгөрөгч 2021 онд эдгээр тооллогыг хийсэн. Энэ удаагийн тооллогод нийтдээ 100 мянган ААН хамрагдсан байна. Энэ тоо сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ковидын цар тахалтай тэмцэх, энэ хүрээнд төрөөс авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний үр дүнд энэ тоо нарийвчлагдан нэмэгдэж гарсан байна.Ялангуяа 2016-2021 онд нийтдээ 61.3 мянган ААН нэмж бүртгэгдсэн. Ковидын цар тахлын үед ажиллах боломжгүй болсон хэмээн татан буугдах хүсэлтээ гаргасан 14.1 мянган ААН байдаг юм байна. Компани татан буугдахад шаардагдах нөхцөл нь компани байгуулахаас илүү их шат дамжлага дамждаг тул татан буугдах нөхцлөө бүрэн хангаж чадахгүй өнөөдрийг хүртэл явсан байна. Төрийн зүгээс татан буугдах хүсэлтээ гаргасан байгаа 14 мянга гаруй ААН-д илүү хөнгөвчилсөн нөхцлөөр татан буугдах боломжийг хангаж өгнө.
Иргэн ААН-д ямар нэгэн байдлаар хүнд суртлыг бий болгоод байгаа олон давхардсан төрийн бүтцийг ойлгомжтой болгох замаар хялбаршуулах бодлогыг барьж байгаа. Энэ үүднээс ерөнхий сайдын зүгээс чиглэл болгож байгаа энэ сарын 1-ээс мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчилж ажиллана. Тухайн салбарыг хариуцсан яамдууд нь өөрсдөө хяналтын үүргээ давхар гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой хяналт шалгалтыг эрүүл мэндийг яам нь өөрөө гүйцэтгэдэг болох. Энэ байдлаар төр өөрөө өөрийгөө хянадаг байя гэсэн зорилгыг агуулаад мэргэжлийн хяналтын байгууллагыг 2023 оны төсвийг өргөн барихад өөрчлөн байгуулах саналыг УИХ-д өргөн барина.