Сүүлийн үед хувийн их дээд сургуулиудыг татан буулгахтай холбоотойгоор нийгэмд талцал үүсээд байгаа билээ. Мөн цаашид ч тоог нь илүү цомхон болгох талаар холбогдох яамнаас мэдэгдсэн юм.Тэгвэл үүнтэй холбоотойгоор хувийн их дээд сургуулиудын төлөөлөл болох Зохиомж дээд сургуулийн гүйцэтгэх захирал Д.Энхжинтэй ярилцлаа.
-Хувийн их дээд сургуулиуд татан буугдаж магадгүй гэсэн болгоомжлол эцэг эх, оюутнуудын дунд үүссэн байж магадгүй байна. Үнэхээр тийм нөхцөл үүсчихсэн үү?
-Монгол Улсад 1990 онд ардчилал бий болж нийгэм, эдийн засгийн хувьд өөр байгуулалтад шилжиж орлоо шүү дээ. Ингэснээр Үндсэн хууль болон холбогдох хуулинд өөрчлөлт орж хувь хүн өөрийн гэсэн сургууль нээж, үйл ажиллагаа явуулах боломж нээгдсэн. Тиймээс одоогоос 30 жилийн өмнө анхны хувийн сургуулиуд байгуулагдаж байлаа. Манай сургуулийн хувьд 1999 онд үүд хаалгаа нээсэн түүхтэй.
Хувийн сургууль гэдэг бол Монгол Улсын нэг иргэний өөрийн хөрөнгө оруулалт хийж байгуулсан сургууль гэсэн үг. Улсын сургуулиудаас өмчийн хувьд л ялгаатай. Тэрнээс биш бид Монгол Улсын боловсролын системд мөрдөгдөж буй шаардлага, стандарт, шалгууруудыг хангаад үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Их дээд сургуулиуд хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлдэг. Үндсэн шаардлага шалгууруудыг хангаж байгаа эсэхийг Боловсролын магадлан итгэмжлэгдсэн үндэсний зөвлөл гэдэг байгууллага хянаж байдаг. Өөрөөр хэлбэл, хувийн өмчид тулгуурласан сургуулийн шалгуур нэг өөр, төрийн өмчид тулгуурласан сургуулийн шалгуур бас нэг өөр гэсэн ялгаа байхгүй. Тэгэхээр би нийгэмд хандаж юу хэлэх гээд байна гэхээр улсынх нь чанартай, хувийнх нь чанаргүй гэдэг ойлголт буруу юм. Яагаад гэхээр чанарын шаардлага яг жигд тавигддаг. Үүнд ямар нэг ялгаа байхгүй, яг л ижилхэн. Хэрэгжүүлж буй хөтөлбөр, мэргэжлүүд маань ч гэсэн батлагдсан тодорхой стандарттай. Энэ бидний биелүүлэх ёстой минимум хэмжээ, шаардлага гэсэн үг. юм Үүнийг бид хангаж ажиллаж үүрэгтэй.
Оюутнуудын хувьд ч мөн ялгаа байхгүй. Өөрийн сонгосон мэргэжлийг өөрийн сонгосон сургуульдаа эзэмших нь тухайн хүний эрх. Үүнийг зөв талаас нь хараасай.
-Хувийн их дээд сургуулиуд төрийн их дээд сургуулиудаас давуу талтай юу?
-Улсын өмчийн том сургуультай харьцуулахад хувийн сургуулиуд нэлээд сүүлд байгуулагдсан, залуу. Тиймээс шийдвэр гаргах явц илүү хурдан, илүү шинэлэг байдаг гэж боддог. Мөн оновчтой санаа санаачилгуудыг зоригтой зоримог хэрэгжүүлдэг гэдгээрээ давуу талтай. Гадаад, дотоод харилцаа, бусад байгууллагатай хамтарч ажиллах, оюутнаа хөгжүүлэх зэрэг дээр илүү байдаг. Учир нь нүсэр бүтэц зохион байгуулалт, хатуу хараа хяналт байхгүй учир хувийн сургуулиуд зарим талаараа илүү давуу талтай.
Гэхдээ манай сургуулийн хувь яамнаас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжээд, өөрсдийн үйл ажиллагаандаа уялдуулаад явахыг хичээдэг.
-Оюутны зээл авахад хүртэл өмчийн ялгавартай байдаг. Таны хувьд үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-2020 оны Засгийн газрын 70 дугаар тогтоол гэж гарсан байдаг. Энэ тогтоолд оюутны хөгжлийн зээлийг хэнд олгох талаар тодруулга гаргахдаа багшийн мэргэжлээр сурч буй "төрийн өмчийн" сургуулийн оюутнуудад гэж ялгасан байдаг.
Тэгэхээр бага ангийн багшийн мэргэжлийг сонгон суралцах гэж буй оюутан ялт ч үгүй санхүүгийн давуу нөхцөлийг амлаж байгаа МУБИС-д сурах шаардлага тулгарч байгаа юм. Нэг ёсондоо тулгалт болчхож байна. Сургалтын төлбөрийг нь оюутны хөгжлийн зээлээр шийдвэрлэж өгөх гээд байна шүү дээ. Хувийн сургуулиуд үүнийг нь авах эрхгүй учир тухайн оюутан өөрийн төлбөрөөр суралцах шаардлагатай болох гээд байна. Дадлага хийж байгаа газрууд ч гэсэн ялгаагүй, цалинтай дадлага хийлгэнэ гэдэг ч юм уу. Иймэрхүү жижиг давуу байдлыг өмчийн ялгавраар оюутнуудад гаргаад өгчихөөр өөрт нь давуу нөхцөлийг олгож буй сургуулиа л сонгож таарна шүү дээ.
Миний хувьд аливаа зүйлийг тэгш байгаасай гэж хүсдэг. Шинээр боловсруулагдаж буй боловсролын хуульд өмчийн ялгаварлалын асуудлыг шийдвэрлэх талаар тусгаж байгаа юм билээ. Үүнийг бид дэмжиж байгаа.
-Цаашид БШУЯ-наас хувийн их дээд сургуулиудын тоог цөөлөх бодлого барьж ажиллахаар байна. Та үүнийг зөв гэж харж байна уу?
-Энэ маш зөв. 4,5 жилийн өмнө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын тоо 180 байлаа. Харин өнөөдөр 88 болсон байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 5 жилийн хугацаанд 100-аар цөөлсөн гэсэн үг. Цаашид ч гэсэн илүү цомхон болгох талаар ярьж байна.
Тоо чухал биш. Их дээд сургуулийн тоо илүү цөөхөн байж болно, цаашлаад хоорондоо нэгдэж ч болно. Гэхдээ гол зүйл нь чанар, агуулгын асуудал.
Өнөөдөр маш олон оюутан гадагшаа тэтгэлгээр сурах хүсэл эрмэлзэлтэй байна. Ямар нэг ЭЕШ-ийн оноо шаардлагагүй. Засгийн газраас нь сургалтын төлбөрийг нь даахын зэрэгцээ сар бүр тэтгэмж өгч байна. Тэгэхээр бид нар үндэсний дээд боловсролоо яаж үндэсний хэмжээнд чанартай хөгжүүлж явах вэ гэдгээ яримаар санагддаг юм. Ингэхийн тулд энэ салбарт дорвитойхон хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Бид өнөөдөр дээд боловсрол олгож буй байгууллагуудаа өмчөөр нь ялгаварлаад суухын оронд чанаржуулах асуудлаа ярих нь чухал байна. Улсын хэдэн топ сургуулиудаа дэлхийд өрсөлдөхүйц болгох шаардлага тулгарч байна. Хэрэв ингэж чадвал их дээд сургуулиудын тоо ч хүссэн хүсээгүй буурна. Чадах нь дагаад сургалтын чанараа сайжруулна, чадахгүй нь ялгараад үлдэх байх.
Мөн сүүлийн үед төрийн өмчийн их дээд сургуулиуд төлбөрөө нэмж байна гэж олон нийт их шуугиж, дургүйцэж байх шиг байна. Би үүнийг зөв гэж боддог. Үнэхээр л тэр хэмжээний чанартай боловсролыг оюутанд олгож байгаа бол 10, 20 саяар сурсан ч яах вэ дээ. Яагаад болохгүй гэж.
-Ярилцсанд баярлалаа.