/2022.08.31/: ТХЗ-ын хэрэгжилтийн талаар иргэний нийгмийн байгууллагын хийсэн үнэлгээг танилцуулах хэлэлцүүлэг боллоо. Үүний хүрээнд "Хүний эрх хөгжил" ТББ-ын тэргүүн Г.Уранцоож ТХЗ-ын хэрэгжилтийн талаар ярилаа.
Монгол улсад ТХЗ-уудыг хэрэгжилт ямар түвшинд байна гэдгийг оноогоор үнэлсэн. Энэ үнэлгээгээ өнөөдөр танилцууллаа. Уулзалтад төрийн байгууллагууд, яамд, агентлагууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, иргэд гээд 80 гаруй хүн оролцлоо. ТХЗ-ын дүн урьдчилсан байдлаар манайд ТХЗ 4 л эерэг оноо авч ахиц дэвшилтэй гарсан байна. Бусад зорилгууд огт өөрчлөлтгүй, өөрчлөлт багатай, ухралттай гэсэн дүгнэлт гарсан. Үнэлгээг хийхдээ зорилго болгоныг 10 зангилаа асуудлын хүрээнд үнэлсэн. Энэ 10 зангилаа асуудал нь үндэсний стратеги төлөвлөгөө, төсөв нь ямар байна, бодлого эрх зүйн орчны зохицуулалт, үндэсний болон орон нутгийн түвшин дэх хэрэгжилт, нээлттэй ил тод байдал, хяналт үнэлгээ, тухайн асуудлын талаарх ард түмний дундах мэдлэг ойлголт, иргэний нийгмийн оролцоо, олон талын оролцоог хангасан механизм зэргийг харгалзан үздэг. Үнэлгээ хийж байгаа оноо нь "-5"-аас "+5" хооронд үнэлсэн. Дунд нь "0" гэсэн үзүүлэлт гарч ирж байгаа. Энэ нь ямар нэгэн өөрчлөлтгүй, хэрэгжилтгүй гэсэн үг юм. "+" үзүүлэлт нь тодорхой хэмжээнд дэвшил гарсан, "-" үзүүлэлт нь ухралттай байна гэдгийг харуулж байна.
Ингээд нэгдсэн дүнгээ танилцуулахад дээр дурдсанчлан ТХЗ 4 буюу Чанартай боловсролыг дэмжих гэсэн зорилгодоо хүрэх боломжтой юм байна гэж дүгнэсэн. Цаг хугацааны хувьд анх 2019 онд анхны сайн дурын илтгэлийг танилцуулж байсан. Харин өнөөдрийг үнэлгээг анхны илтгэл гарсан буюу 2019 оноос хойш өнөөдрийг хүртэлх ахиц дэвшил, өөрчлөлтийг дүгнэн гаргасан.
ТХЗ-ын өөрчлөлтгүй эсвэл ухралттай гэж гарсан зорилтууд огт хэрэгжих боломжгүй гэсэн үг биш. Ухралтыг зогсоох, ахиц дэвшил гаргахын тулд сөрөг үнэлгээтэй зорилтуудыг анхааралдаа авч ажиллах хэрэгтэй гэсэн үг юм. Үүний тулд стратегиа боловсруулах, төсвөө уялдуулах , бодлого эрх зүйн зохицуулалт,үүнийгээ эрчимтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Хэрэгжүүлэхийн тулд институцуудыг чадавхжуулах хэрэгтэй. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ямар нэгэн үйл ажиллагаа тогтвортой хөгжлийн зорилттой зайлшгүй холбоотой байдаг. Гагцхүү засгийн газраас хэрэгжүүлж байгаа ямарваа нэгэн ажил нь тогтвортой хөгжлийн хүрэх түвшин гэж байдаг. Энэ ажил нь хэрэгжсэнээр ямар түвшинд хүргэх вэ гэдгийг тодорхойлоод үнэлэх хэрэгтэй. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилтууд хэрэгжих боломтжой гэж харж байна.