/2022.08.20/: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ажиа гэгээнтэн Лувсантүвдэнг хүлээн авч уулзлаа.
Ажиа гэгээнтний “Зөв тэтгэлэг сан”-гийн үйл ажиллагаа 2019 оноос эхлэн жилд 10 оюутныг дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 21 залуусыг тэтгэлэгт хамруулахаар болжээ.
Ажиа гэгээнтэн сурах хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн боломж муу хүүхэд залуусыг их, дээд сургуульд тэтгэлгээр хамруулж, сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зөв тэтгэлэг сан”-аа байгуулсан байна. Энэхүү сан нь Монгол Улсын аймаг, дүүрэг бүрээс нэг оюутныг дэмжин сургаж, улмаар ажилд зуучлах, хүн болон төлөвшихөд нөлөөлөх олон сургалт хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд хүүхэд залуусын сурах үйлсийг дэмжиж, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулж байгаад Ажиа гэгээнтэнд талархал илэрхийллээ. Мөн цаашид салбарын яамны зүгээс тус сантай хамтран ажиллана гэв.
Эх сурвалж: БШУЯ