/2022.08.19/ Эрүүл мэндийн яамнаас 2022 оны наймдугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн билээ.
Тэгвэл Улсын Хоёрдугаар төв эмнэлэг энэ сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Ерөнхий захирлын А89 тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ. Ингэснээр эмч ажилчдын гарт олгогддог илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил өсөж одоо байгаагаасаа 15-40 гаруй хувиар нэмэгдэж байгаа аж.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувьд үндсэн цалингаас гадна нэмэгдэл (зэргийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, урамшуулал, хандлагын нэмэгдэл гэх мэт), нэмэгдэл хөлс (илүү цаг)-ийг авдаг.
Түүнчлэн Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь улсын эмнэлгүүдээс анх удаа эмнэлгийн ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулдаг 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг байгууллагынхаа хажууд нээн ажлуулаад хоёр жил болж байгаа билээ. Энэ жилийн хувьд цэцэрлэгийнхээ элсэлтээ авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Эрдэнэбулган хэлэв.