
“Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр танилцууллаа. Их Эзэн Чингис хааны төр улсаа байгуулж, нэгтгэн төвхнүүлсэн түүхэн үйл хэрэг, төрийн байгуулал, хууль цааз, засаглалын уламжлал нь Монголын төдийгүй дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг тэрбээр онцолж, Байнгын хорооны гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжсэн гэдгийг танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, археологийн, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг судлах, хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээл туурвих, сурталчлах ажлыг дэмжих, эрчимжүүлэх, татвараас чөлөөлөх, хааны нэр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, гадаад улс орнуудад хадгалагдаж байгаа түүхийн эх сурвалж, эд өлгийг олж тогтоох, эх хувь болон хуулбарыг татан авах талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна. Мөн Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав, баглаа, боодолд ашиглахыг хориглох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг үг хэлж, зөвхөн Чингис хааныг бус Их Монгол Улсын дараа дараагийн хаадын үйл хэргийг алдаршуулахад анхаарах, мөн онцгой албан татварын тодорхой хувиар сан байгуулах асуудлыг нягтлах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Их Эзэн Чингис хааны мэлмий гийсэн “Монгол бахархлын өдөр” Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар товлосон талаар танилцуулж, Их Монгол Улс болон Чингис хааны түүхтэй холбоотой 300 гаруй олдвор, сурвалж баримт одоогоор дэлхийн 17 улсад байгаагийн 80 нь Тайвань Улсад, 62 нь БНХАУ-д, 53 нь Япон Улсад, тав нь АНУ-д, мөн тав нь ХБНГУ-д байгааг нэрлэв. Эдгээрээс болж өгвөл татаж авчрах, болохгүй бол хуулбар хувийг авч, ард иргэддээ таниулж сурталчлах ажлыг хойшлуулалгүй эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэнээ Улсын Их Хурлын дарга тайлбарлан, энэ мэт ажилд шаардагдах зардлыг шийдвэрлэх үүднээс онцгой албан татварын тодорхой хувиар сан бүрдүүлэх асуудлыг судалж, санал боловсруулахыг Засгийн газарт даалгах юм гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр үндэсний ёс суртахуун, үзэл санаа, үнэт зүйлийн илэрхийлэл болсон Чингис хааныхаа хөргийг архи, тамхинд хэрэглэхийг хориглох асуудлыг дэмжиж өгөхийг Улсын Их Хурлын гишүүдэд уриалаад, дараагийн ээлжинд боржигон овгийн сүлд болох шонхор шувуугаа худалдаалахыг хориглох ёстой гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хааны хөргийг архи, тамхинд хэрэглэхийг бид дотооддоо хорьж чадсан ч гадаад улсуудад хориглож чадахгүй гээд, үндэсний бахархлаа хөгжүүлэх, аялал жуулчлалын брэнд болгох, өсвөр үе, хүүхэд залуустаа таниулах талаар хангалтгүй ажиллаж байгааг шүүмжлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Чингис хаан болон Монголын түүхтэй холбоотой шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээ, мэдээлэл олон улсад түгэн тархаж байгаад төр засаг, эрдэмтэн судлаачид анхаарах цаг болсныг сануулсан юм. Түүнчлэн түүхч, судлаачдын залуу халааг бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулахгүй бол хаягдаж орхигдоход хүрээд байгааг онцлон анхааруулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Чингис хаанаас өмнө монгол туургатан төрт ёсны уламжлалтай байсныг тогтоолын төсөлд харгалзан үзэхийг санал болгоод, өвлийн тэргүүн сарын шинийн 01-нийг “Монгол бахархлын өдөр” болгосонтой холбогдуулан Эзэн хаан эхээс мэндэлсэн 1162 онд өвлийн эхэн сарын шинийн нэгэн Юлийн тооллоор хэдэн сарын хэдний өдөр байсныг тогтоож, орчин цагийн он тоололд оруулж тогтмолжуулах нь зүйтэй гэлээ. Тэрбээр мөн тогтоолын төсөлд тусгагдсан шинжлэх ухааны нэр томьёог цэгцлэх талаар санал хэлж, “тулгар төр” гэсэн үгийг хууль тогтоомжид хэрэглэхгүй байхыг сануулав.

Тогтоолын төслийн талаарх санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы маргаашийн (2026.11.06) нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлуулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.