
АНУ-ын эрх баригчид ОХУ-ын Эрхүү хот дахь Тахлын эсрэг хүрээлэнгийн лабораторийн ажилтан нас барсан шалтгаан болон халдварын нөхцөл байдлын талаар Москвагаас тодорхой мэдээлэл авахыг оролдож байгаа ч Оросын талын мэдээлэл хангалтгүй байна гэж үзэж байна.
АНУ-ын албаныхны мэдээлснээр Эрхүүгийн Тахлын эсрэг хүрээлэнд ажиллаж байсан 28 настай лабораторийн ажилтан өнгөрсөн долоо хоногт нас барсан нь Вашингтоны анхаарлыг татсан байна.
Уг хүрээлэн нь тахлаас гадна холер, боом, бруцеллёз зэрэг олон төрлийн аюултай халдварт өвчнийг судалдаг байгууллага юм.
ОХУ-аас дэлгэрэнгүй мэдээлэл шаарджээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт Оросын тал болсон явдлын талаар олон нийтэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, АНУ-ын эрх баригчид нөхцөл байдлыг тодорхой болгох хүртэл яаран дүгнэлт хийх нь буруу бөгөөд одоогоор мэдээлэл хангалтгүй байгаа аж.
АНУ-ын тал Оросын Засгийн газартай өнгөрсөн баасан гарагаас эхлэн холбоо тогтоож, Төрийн департаментын эрүүл мэндийн мэргэжилтнүүд ОХУ-ын Гадаад хэргийн яамтай харилцаж эхэлсэн байна.
Мөн АНУ энэ асуудлаар ОХУ-д албан ёсны дипломат мэдэгдэл хүргүүлэх боломжийг хэлэлцэж байгаа аж.
Лабораторийн ажилтан яг ямар халдвараар нас барсан нь тодорхойгүй байна
АНУ-ын эрх баригчдын хувьд хамгийн чухал тодорхойгүй байгаа асуудлын нэг нь 28 настай ажилтан уушгины тахлаар нас барсан эсэх, эсвэл өөр төрлийн тодорхойгүй халдвар авсан эсэх юм.
Уушгины тахал нь эмчилгээ хийлгээгүй тохиолдолд үхэлд хүргэж болох боловч орчин үед антибиотикоор эмчлэх боломжтой халдварт өвчинд тооцогддог.
Мөн АНУ-ын тал тухайн лабораторид судалж байсан өвчин үүсгэгчид ямар нэгэн өөрчлөлт хийсэн эсэх, тэр дундаа “gain-of-function” буюу өвчин үүсгэгчийн шинж чанарыг зориудаар өөрчлөх судалгаа хийгдсэн эсэхийг тодруулахыг хүсэж байгаа аж.
Эмнэлгийг тусгаарлаж, 200 орчим хүнийг ажиглалтад авчээ
Оросын талын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ мөн АНУ-ын анхаарлыг татаж байна.
Тухайлбал, нас барсан лабораторийн ажилтан эмчлүүлж байсан эмнэлгийг хөл хорионд оруулсан бөгөөд бүс нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр 200 орчим хүнийг эмнэлгийн ажиглалтад авчээ.
Гэсэн хэдий ч АНУ-ын эрх баригчид одоогоор ОХУ руу зорчих хөдөлгөөнд нэмэлт хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээ аваагүй байна.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр тус улс ОХУ-д зорчихгүй байхыг иргэддээ өмнө нь ч зөвлөж ирсэн бөгөөд үүнд олон хүчин зүйл, тэр дундаа буруугаар саатуулагдах эрсдэл болон Орос-Украины дайн нөлөөлж байгаа юм.
ДЭМБ мөн Оросын талтай холбоо тогтоожээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мөн ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдож, лабораторийн ажилтны нас барсан талаарх мэдээллийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ ДЭМБ-д ч одоогоор хангалттай мэдээлэл ирээгүй байгаа аж.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Эрхүү хотын хүрээлэнгийн харьцангуй алслагдсан байршил болон уушгины тахлын халдварлах чадвар нь богино хугацаанд өргөн хүрээнд тархах эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулж байгаа ч нөхцөл байдлыг нарийн тогтоох шаардлагатай байна.
Дэлхийн шинэ цар тахлын хэмжээнд хүрэх эрсдэл одоогоор бага гэж үзэж байна
Одоогоор уг үйл явдал дэлхий дахинд шинэ цар тахал үүсгэх хэмжээнд хүрэх тодорхой шинж тэмдэг байхгүй гэж АНУ-ын албаныхан болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байна.
Гэхдээ уг тохиолдол нь аюултай биологийн эрсдэлийг илрүүлэх, хянах, бэлэн байдлыг хангах систем хэр чухал болохыг дахин харуулж байна гэж мэргэжилтнүүд онцолжээ.
АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд ердийн уушгины тахлын эсрэг шаардлагатай эмчилгээний нөөцтэй байх боломжтой боловч өвчин үүсгэгч өөрчлөгдсөн тохиолдолд хэрхэн хариу арга хэмжээ авах, шаардлагатай эмчилгээг боловсруулахад хэр хугацаа шаардагдах нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.