Ерөнхий сайд Н.Учралыг Г.Занданшатар шиг мадалж байна
 

Ерөнхий сайд Н.Учралыг Г.Занданшатар шиг мадалж байна

Өчигдөр УИХ-ын чуулган ирц хүрээгүй улмаас хуралдаж чадсангүй. Уг нь төсвийн тодотгол болон намаасаа бичгээр томилгоо авсан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүйн сайдаар танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх хуралдаантай байв. Гэтэл “Булганы 30” гэж нэрлэгдсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн “мандаттай” 20 гаруй гишүүн, мөн Ардчилсан намаас Д.Ганбат гишүүнээс бусад 41 гишүүн чуулганаа тасаллаа. Хамгийн сонирхолтой нь Засгийн газарт сайдаар ажиллаж буй Н.Номтойбаярын “Үндэсний Эвсэл”-ийн дөрвөн гишүүн бүгд орж ирсэнгүй. УИХ-ын дарга С.Бямбацогт “Ард түмний амьдралд улстөржиж битгий саад болооч ээ” гэсэн агуулгатай мэдэгдэл хийж аргагүй эрхэнд ирцгүй чуулганаа даваа гараг хүртэл хойшлуулж, хаав. Г.Занданшатарын Засгийн газрын эсрэг өрнөж байсантай тун адилхан энэ процесс эцэстээ Засгийн газрыг огцруулсан. Өчигдөр нэг ялгаатай нь Х.Булгантуяа шиг хэн нэгэн гарч ирж их хурлын даргын индэр дээрээс өдөржин алх балбаж элдэв юм ярьсангүй, аниргүй өнгөрлөө.

Зохион байгуулалттай гэж харагдах өчигдрийн чуулганы бойкот нэг талаас Ардчилсан намын “Ерөнхий сайд Н.Учралыг Итгэл хүлээлгэх бичгээ оруулж ирж, өөртэй нь нэр холбогдсон хувийн сургуулийн зардлаа тайлбарлаж, чуулганы нийт гишүүдээс санал хураалгаж эцэслэ” гэсэн улс төрийн акц юм. Учир нь чуулган эхлэх үед Ардчилсан намын гишүүд ширээн дээрээ ийм агуулгатай зурагт хуудас наасан байв. Үүнд буруу зүйл үгүй. Сөрөг хүчин ажлаа л хийж байна. Гэтэл “гуя дагаж хүзүү” гэдэг шиг МАН-ын олон гишүүн ямар нэг шалтгаангүй “хичээлээ” тасалж орхилоо.

Тэгвэл “Гучийн бүлгийн” гишүүд тохирсон мэт чуулганаа тасалсан явдлын гол учир зангилаа юу байв? Хуралдаа орж ирэхгүй байсан МАН-ын гишүүдийн үйлдэл Ардчилсан намтай ямар нэг байдлаар холбогдож буй мэт. Өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатарыг сөрөг хүчний зүгээс “Намын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэсэн шахалт үзүүлж, нэг ёсондоо улс төрийн өрөг дээр мад тавьсан. Г.Занданшатар ч арга буюу ажлаа өгөхдөө Их Тэнгэрийн амнаас ирэх сонгуульд нэр дэвших аман баталгаа гаргуулсан гэх улс төрийн явган яриа байдаг. Ингээд бодоход одоогийн Ерөнхий сайд Н.Учралыг ч Ардчилсан нам болон Үндэсний эвсэл мөн нам доторх “сүүдрийн сөрөг хүчин” гэгдэж буй 30 гишүүн ил, далд хавсран бойкотлож, энэ Засгийн газрыг тараах улс төр явж байгаа юм биш биз. Энэ хардлагыг батлах мэт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд “Засгийн газрын эсрэг үг, үйлдэл гаргасан гишүүнийг өчиггүй намаас хөөнө” гэж тун тодорхой бөгөөд бухимдангуй мэдэгдлээ.

Хэрэв цаашид Н.Учралыг унагаана гэсэн далд тохироонд орсон байж магадгүй Ардчилсан нам, Үндэсний Эвсэл, “Булганы гучин” гишүүд гэсэн албан бус фракцууд УИХ-ын ирцээр тоглож, Н.Учралыг шаг мадлахаар зүтгэсээр байвал “Чөлөөлье” нэртэй брэнд бүүк гаргаж тавьсан Ерөнхий сайд өөрөө явахаас өөр сонголтгүй болж мэдэх юм. Ерөнхий сайд Н.Учрал танхим дотроосоо шүд сугалж Хуулийн сайд С.Амарсайханыг мөрдэстэй “мафичид”-тай нь хамт явуулж үзүүлсэн нь улс төр улам халж байгаагийн ээлжит термометр болов. Энэ бол Н.Учралыг тойрсон кабинетын гишүүд нь ч дотроосоо ч мөн “хэн нэгэн бүлэг этгээд” гаднаас нь ч “гал түлээд байгаа мэт” улс төрийн эвгүй үйлдэл гэж харагдахаар.

Энэ бүхний эсрэг амралтын өдрүүдээр Н.Учрал, Ж.Энхбаяр, Я.Содбаатар гэсэн 38-ын бүлгийнхэн зүгээр хараад суулгүй цаашид ямар нүүдлээр тоглохоо ярилцаж буй нь лавтай. Юутай ч намрын халуун нар ээсэн өдрүүд шувтарч хүйтэн бороо цутгаж хоносон өнөө маргааш улс төр хэсэг намжмал болов. Шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн өрнөх улс төрийн их тулааны өмнөх аниргүй байдал гэлтэй.

Б.Өгөдэй

И.Томоког эрх бүхий байгууллагаас АЛБАДАН гаргах шийдвэр гаргаагүй
И.Томоког эрх бүхий байгууллагаас АЛБАДАН гаргах шийдвэр гаргаагүй
 
О.Цогтгэрэл: Н.Учралд хэн ч итгэхгүй байна, өөртөө итгэж байвал асуудлаа оруулж ир
О.Цогтгэрэл: Н.Учралд хэн ч итгэхгүй байна, өөртөө итгэж байвал асуудлаа оруулж ир
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.