/2024.05.02/: АНУ Оросыг химийн зэвсгийг Украины эсрэг дайны хэрэгсэл болгон ашигласан гэж албан ёсоор буруутгаж, Оросын пүүсүүд болон төрийн байгууллагуудад шинэ хориг арга хэмжээ авлаа.
АНУ-ын Төрийн департамент лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “ОХУ Химийн зэвсгийн тухай конвенцийг (CWC) зөрчин Украины хүчний эсрэг хлоропикрин химийн зэвсгийг ашигласан гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж мэдэгджээ.
Түүнчлэн Орос улс дайны үеэр "үймээн самууныг хянах агент" буюу нулимс асгаруулагч хий ашигласан гэж CWC-ийг зөрчсөн гэв.
АНУ-ын гаргасан дүгнэлт нь сүүлийн саруудад "Оросын армитай фронтын шугамын зарим хэсэгт тулгарах үед хий болон бусад цочроох химийн бодисуудт ашиглаж байсан" гэсэн Украины цэргүүдийн мэдүүлэгтэй давхцаж байна.
Украины зэвсэгт хүчин гуравдугаар сард сошиал сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, ОХУ “дайны ажиллагаанд хэрэглэхийг хориглосон химийн хорт бодисоор тоноглогдсон нулимс асгаруулагч хийн сум” ашигласан мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд зөвхөн хоёрдугаар сард л гэхэд 250 тохиолдол бүртгэгдсэн гэв.
Эх сурвалж: CNN