/2024.05.02/: Дүрслэх урлагийн 7 хоног буюу “Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачлагаар Соёлын бүтээлч сар аянаар хөгжүүлсэн төсөл хөтөлбөр бөгөөд МУЭ-тэй хамтран 3 дахь жилдээ энэхүү зохион байгуулагдаж байна.
Дүрслэх урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн нэн орчин үе болон бусад бүтээлүүдээс бүрдсэн “Art week 2024” дүрслэх урлагийн 7 хоног арга хэмжээ “Чингис хаан Үндэсний музей”, Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерей, МУЭ-ийн Пассаж төв, МУЭ-ийн Уран бүтээлчдийн нэгдсэн урлан зэрэг нийт 4 объектын 3000м2 талбайд болно.
Дүрслэх урлагийн 7 хоног арга хэмжээний хүрээнд орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн, холбогдох сургалтууд зохион байгуулагдахаас гадна Монголын урчуудын эвлэлийн сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хааныг хаан ширээнд залж байгаа үйл явдлыг дүрсэлсэн Монголын хамгийн том 12х5 метрийн хэмжээтэй “ЧИНГИС ХААН” зээгт наамлын бүтээлийг “Чингис хаан үндэсний музей”-д дэлгэн үзүүлэх юм.
Түүнчлэн тус нэгдсэн үзэсгэлэн арга хэмжээний хүрээнд Монголын урчуудын эвлэлийн урлангууд, МУЭ-ийн 21 аймгийн уран бүтээлчдийг хамруулан “ARTFAIR” буюу дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн, уран бүтээлчидтэй уулзах уулзалт, бүтээлийн худалдаа, сургалтуудыг орон даяар 2024 оны 5 дугаар сарын 05-12-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Ийнхүү энэ удаагийн “УЛААНБААТАР АРТ ВИЙК-2024” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээ нь хамрах хүрээ, ач холбогдлын хувьд өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээнд уран бүтээлчдийн болоод төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог ханган олон талт байдлаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
Эх сурвалж: Соёлын яам